Хоног хоногоор хойшилсон шалгалтын дүн
2016/12/03
Сүүлийн үед “Хөгжлийн банк” гэж Монгол Улсыг хөгжүүлэх бус дампууруулах зорилго бүхий субьект
байсан мэт харагдах боллоо.
Уг нь төр, засгийнхан анх олон улсын зах зээлээс босгож ирсэн бондуудын хөрөнгөө зөв зохистой захиран зарцуулах эрх олгож энэхүү банкаар дамжуулахыг илүүд үзсэн биз. Харамсалтай нь энэ нь санаснаар нь бус харин ч эсрэгээрээ тухайн үед төр, засгийн эрхийг агаж явсан нөхдөд бондын хөрөнгөөс “хувь хүртээх” хуйвалдааны газар болж хувирсан бололтой.
Их хэмжээний зээлийг өөрийн өмчлөлд багтаасан “Хөгжлийн банк”-ийг хардлага эхнээсээ л дагах нь ойлгомжтой байсан. Гэхдээ өнөөгийн эрх баригчдын яриад байгаа шиг 1.3 их наядын зөрчилтэй болчихно гэж хэн санах билээ. Уг нь 2015 оны нэгдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банк болон “Чингис, “Самурай” бондын хэрэгжилтэд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан ч чимээ алдарсан. Үндсэндээ ажлын хэсэгт багтсан тухайн үеийн АН-ын бүлгийн гишүүд гарын үсгээ зурахаас зайлсхийсээр төр, засаг солигдсон. Тухайн үед Хөгжлийн банк 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл олгож, санхүүжүүлсэн хэмээгдэж байв. “Хөгжлийн банк”-ныхан хөрөнгөө хэрхэн үрж, зарж байгааг хэвлэлээр зарласан ч тэр үедээ худал мэдээлэл хэмээн шүүхийн шатанд хүрч байсан нь саяхан.
Энэ асуудал төр, засгийн удирдлагууд солигдсон үеэс дахин сөхөгдөж, “Хөгжлийн банк”-ны захирлаас эхлээд УИХ-ын гишүүн, холбогдох яамны сайд асан хүртэл хэрэгт унахдаа тулчихаад буй. Хамгийн хачирхалтай нь энэ сэдэв олны анхаарлыг татахдаа нэлээд сүржин боловч хэсэгхэн хугацаанд өрнөөд л намждаг гэхэд хилсдэхгүй. Яг л энэ зарчмаар асуудал дахин сөхөгдөж, алгуурхнаар намжиж ч мэдэхээр болов.
Уг нь Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг энэ долоо хоног буюу мягмар гарагт Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар сонсохоор төлөвлөсөн байсан. Гэтэл АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэн уламжилсан төдийгүй АН-ын бүлгийнхэн хуралдаанд оролцолгүй завсарлага авахаар болсон. Ийн “Хөгжлийн банк”-ны шалгалтын асуудлыг ирэх мягмар гараг хүртэл хойшлуулаад байгаа. АН-ын бүлгийн гишүүд завсарлага авахаас өмнө “Хөгжлийн банк”-наас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүд авсан гэдэг мэдээлэл байдаг. Үлдсэн 40 хувийг авто зам, бүтээн байгуулалттай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулсан” хэмээн мэдэгдсэн.
Хариуд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар намайг болон манай намын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Би УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн” хэмээн чангахан дуугарч ам гараад байгаа.
Түүний араас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Миний үүсгэн байгуулсан компани биш. Миний нэр дээр ямар нэгэн зээл байхгүй. Гэхдээ надтай хамаарал бүхий компани зээл авсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дорноговь аймагт сая тонны хүчин чадалтай цементийн үйлдвэр барихад зориулж авсан зээл юм. Зээл авах нь бизнесийн зарчмын хувьд байдаг л зүйл. Гагцхүү зээл нэртэй аваад юу ч хийж бүтээгээгүй бол энэ бол залилан. Тиймээс хууль ёсны байгууллагаар шалгагдах нь зүй ёсны хэрэг.” хэмээгээд байна.
УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хөгжлийн банкнаас Бямбацогт миний бие болон миний гэр бүлийн гишүүд, хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй. 2015 онд энэ асуудал яригдаж эхэлсэн. Тэр үед би АТГ, нийслэлийн прокурор, Хөгжлийн банкинд хандаж, надтай холбоотой зээл, албан тушаалаа буруугаар ашигласан явдал байна уу гэдгийг шалгуулахаар хандаж, өөрийгөө шалгуулсан. Хөгжлийн банк надтай холбоотой ямар ч зээл байхгүй гэдгийг бичгээр мэдэгдсэн. АТГ, нийслэлийн прокуророос ч хууль зөрчөөгүй учраас хэрэг үүсгэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Асуудалтай байсан бол сөрөг хүчний бүлгийн дарга байхад эрх баригчид шонд өлгөөд, шоронд оруулчих байсан” гэдэг тайлбарыг хийгээд байгаа.
Түүнчлэн чухам аль салбарт, хэчнээн хэмжээний зээл олгосн талаарх мэдээлэл шалгалтын дүнгээс түрүүлж олон нийтэд дэлгэгдлээ. Тухайлбал, авто замын салбарт 1.236.680.1 /сая төгрөгөөр/, “Гудамж” төсөлд 134.348.5, Инжерерийн дэд бүтцийн ажилд 491.689.8, төмөр замд 347.079.7, Цахилгаан, хий, уур, агааржуулалт 341.367.1, Боловсруулах үйлдвэрлэл 7.920.5, Уул уурхай 5.508.3, Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа 80.000.0, Санхүүгийн үйл ажиллагаа 2.726.9, Бусад 32.554.3 төгрөг тус бүр зарцуулсан гэх мэдээлэл тархсан.
Ийн сар хүрэхгүй хугацааны дараа бондын төлбөрийг эргэн төлөх асуудал тулчихаад байхад хэн авсан, өгсөн гэдгээр хэрүүлийн алим хийж байгаа нь тун хачирхалтай. Уг нь хэн авсан бус юу хийж, бүтээсэн эргүүлж хэрхэн төлөх асуудал л өдгөө чухал баймаар. Гэтэл улстөрчид хэн нэгнийхээ мууг үзэж, их, бага идсэнээрээ дуудалцаж байгаа нь “Хөгжлийн банк” анхнаасаа хөгжил бус дампууралд хүргэх байж гэж бодохоос аргагүйд хүргэж байна.