Казахстаны Алматы хотноо болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шигшээ багийн тамирчид эх орондоо ирж байна. Алматы хотын дэвжээнээс манай тамирчид нэг хүрэл медальтай ирж буй юм. 

​Хэлсэндээ, зорьсондоо хүрдэг тамирчин л спортыг чимдэг гэдэг. Тэр хэлсэн, зорьсон бас зүтгэсэн. Казахстаны Алматы хотноо болсон сонирхогчдын боксын ДАШТ-д оролцож буй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Казахстаны рингнээс алтан медаль авах зорилготой эх орноосоо мордсон. Түүнийг Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэхэд монгол түмэн хэрхэн баярлаж байсан билээ. Казахстаны дэвжээнд хүрэл медалийн болзол хангахад нь яг тэгж баярлаж, хөөрөн догдолсон юм. Тэр мөнгөн медалийн төлөө тоглосон ч цөөхөн хэдэн оноогоор боксын өлгий Кубын тамирчинд ялагдлаа. Гэхдээ тэр чадсан. Монголын боксын спортын хөгжлийг олон жил олон улсын тавцанд тахалж чадсанд нь бид түүнд баяр хүргэх ёстой. Тамирчин хүнд байх ёстой хор шар, шазруун зан У.Мөнх-Эрдэнэд бий. Тэр Алматын дэвжээн дээр эр бяр, хүч чадлаа үзүүлэх гэж чамгүй их зовсон. Монголын боксын холбоо түүнийг ДАШТ-д явуулахгүй байх арга саам хайж, түүнд хаалт хийж байсан нь нууц биш ээ. Тэр өөрийгөө мэдэж, мэдэрч, бас тамирчин хүнийхээ хувьд зорьсондоо хүрэхийн тулд холбооныхноо эсэргүүцэж, өөрийн чадлаа нотолж байж Алматыг зорьсон билээ. Хэдий 30 насны босго давсан ч гэлээ тэр шантраагүй юм. Монголын үе үеийн боксдоос гурван удаагийн олимпийн наадамд оролцсон нь гагцхүү тэр. Гурав дахь олимпоосоо медаль шүүрсэн азтан нь ч ганцхан тэр. 2001 онд Зүүн Азийн наадамд тэр л Монголын шигшээ багт багтан цорын ганц алтан медалийг эх орондоо авчирч байлаа. 19-хөн настай байхдаа шүү. Боксын спорт уналтад ороод байсан үед л дээ. Одоогийн олимп, дэлхийн аварга У.Мөнх-Эрдэнэ, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нар жаахан хөвгүүд байлаа, тэр үед. Тэгэхэд эдний үеийн хөвгүүд охидтой үерхэж, орой үдэш зугаалж цэнгэж, кино ший шохоорхож, РС тоглоомд донтож байсан юм. Энэ л үед У.Мөнх-Эрдэнэ боксын спортын оргил руу зүтгээд эхэлчихсэн байв. Иймийн учир Монголын ард түмэн түүнийг, тэднийг хайрладаг юм. У.Мөнх-Эрдэнэд тамирчин хүнд байх ёстой чанар бийг дээр хэлсэн. Тэр ДАШТ-д явахын тулд сонинд ярилцлага өгч, өөрийг нь Боксын холбоо хавчин гадуурхаж буйг зарласан. Ийм тэмцэл Монголын спортын түүхэнд цөөхөн бий. Үнэний төлөө, өөрийнхөө төлөө үг хэлж, хэлсэндээ хүрч, амжилт гаргаж чадаж байгаа нь гоё байна. Дэлхийн аваргын медалийнхаа өнгийг хувиргаж чадаагүй ч тэр иртэй, хүчтэй байгаагаа харууллаа. Спортоор хичээллэж, түүндээ үнэнч байх сайхан чанарыг залууст мэдрүүлж чадлаа.  Түүнийг зарим нь их зантай, биеэ тоосон гэж хэлдэг юм билээ. Тийм байж чадсаныхаа хүчинд ийм алдарт хүрч чадсан ч юм бил үү. Зарим хүнд тийм зан чанар нь их гоё зохидог шүү дээ. У.Мөнх-Эрдэнэд тэр их зан, бие тоолт нь зохидог ч байж мэднэ. .Мөнх-Эрдэнийн Алматын рингнээс авсан хүрэл медалийг хэн ч чамлаагүй. Харин харамссан. Харамсахын учир түүний зорилгыг мэддэгийнх. Энэ харамсал өдгөө тамирчны маань зүрхийг зүсэж буй биз ээ. Зүгээр ээ, Мөнх-Эрдэнэ ээ. Чамайг монголчууд дэндүү сайн мэднэ. Боксын өлгий нутаг Кубын тамирчин Яасниер Лопезийг “үхтэл нь зодох”-ыг харсан. Бахархсан. Энэ л хангалттай.  

Бүхэл бүтэн 18 жил дэлхийн ширэн бээлийтнүүдтэй зодолдож, хэний ч шахалт шаардлагагүйгээр өөрийгөө бэлтгэж, сорьж ирсний чинь шан олимпийн медаль. Болоо болоо.  Дэлхийн боксын холбоонд өөрийн жинд чансаагаар тэргүүлдэг Том Стокерийг нутгийн дэвжээнд нь нүдэж,  түүнийхээ хариуд Их Британи улсын дарамт шахалтад орж, сэргээшийн шинжилгээ өгч байсныг чинь монголчууд мэднэ. Тэр цагт чамайг хэн ч өмөөрч өмгөөлөөгүйг бас мэднэ. Хар багаасаа зүтгэн тэмүүлсэн спортдоо амжилт гаргаж, олимп, дэлхийн аваргын медалийг хүртэж чадсан чинь л хангалттай санагдаж байна. Медалийн өнгө ямар байх нь хамаагүй ээ. 2016 онд Рио де Жанейрод болох олимпт оролцох боломж чамд байна. Зодоглосон тэмцээн бүрээсээ ганзага хоосон ирж байгаагүй чамайг гоочлох хүн байдаг ч өмөөрөх нь түүнээс хавьгүй олон гэдэгт итгээрэй. Жинхэнэ монгол “боксёр” У.Мөнх-Эрдэнийн түүх цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж байна шүү.

 

Б.Оюунгэрэл