Энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа сүүлийн үед "Тагнуулч аав" киног оюуны өмч хулгайлан зохиолыг нь бичсэн байна гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тодруулбал, МУГЖ Д.Хүрэлхүүгийн бүтээл “Тагнуулч аав” кино ч оюуны өмчийг хулгайлсан асуудал яригдаж эхэллээ. Учир нь тус киноны эх зохиолыг зохиолч Д.Буян аль 2007 онд “Эвлэрүүлдэг компани” нэртэйгээр бичсэн юм байна. Түүний “Савж унатлаа инээ” хэмээх  номд “Эвлэрүүлдэг компани” гэх тэрхүү өгүүллэг нь орж байсан аж.

Уг мэдээллийн дагуу "Тагнуулч аав" киноны найруулагч, Зохиолч Д.Галбаяраас тодруулахад "JICA олон улсын байгууллага  анх эвлэрүүлэн зуучлах товчоог Монголд албан ёсоор үүсгэн байгуулсан. Энэ компанийг үүсгэн байгуулагдсан тухай баримтат киног манайхтай хамтарч  бүтээсэн юм. Тэгээд би уран бүтээлч хүний хувьд тэрнээс санаа авсан. Үүнийг л тэр Д.Буян гэгч нөхөр яриад байгаа бололтой. Эвлэрүүлэн зуучлах албыг аль ч талаас нь харж уран бүтээлээ хийж болно. Энэ нь хэн нэгний оюуны өмч биш олон улсын шүүхийн байгууллага.  Тийм учраас тэр залуу энэ санааг анх олоогүй. Олон улсын шүүхийг байгууллагыг анх Монголд нэвтэрч орж ирсэн зүйлээс л санаа авсан. Тэр нь л манай киноны хэсэг дээр тусгагдсан байгаа. Түүнээс биш “Эвлэрүүлдэг компани” гэх тэрхүү өгүүллэгээр бүхэл бүтэн кино зохиол бичнэ гэж юу байхав" гэснийг онцолж байна.

Д.Ана