Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Жан-Марк Эрогийн урилгаар 2016 оны арванхоёрдугаар сарын 07-09-ний өдөр Парис хотноо болсон “Нээлттэй засгийн түншлэл” олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын сайд Ж.Мөнхбат дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч БНФУ-ын Ерөнхийлөгч Ф.Олландтай уулзсан юм. Ноён Ерөнхийлөгчтэй уулзсаны дараагаар БНФУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга Лоран Фабиус, Гүрж Улсын Ерөнхийлөгч Гиорги Маргвелашвили, Серби Улсын Төрийн захиргааны сайд Анна Брнабик нартай уулзав.

Дээд түвшний уулзалтад 70 гаруй орны төр, засгийн тэргүүн, сайд, парламентын гишүүд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 3000 гаруй төлөөлөгч оролцсон байна. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн даргын хувиар Нээлттэй засгийн түншлэлийн Гүйцэтгэх захирлын орлогч Жо Повелтой уулзаж, Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд 2013 онд элссэнээс хойш авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон Монгол Улсын оролцооны талаар ярилцсан юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтын явцад уг санаачилгыг үүсгэн байгуулснаас хойшхи таван жилийн хугацаанд Монгол Улсын байгалийн баялгийн засаглалыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэхийн сацуу өнгөрч буй жилд үр дүнтэй өөрчлөлтийг авчрахын тулд төр засагтай иргэний нийгмийн түншлэлийг хэрэгжүүлснийг дурдаж “Ардчиллын боловсролын төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Ундралд Ази бүс нутгийн шагнал олгожээ. Түүнчлэн, ирэх онд болох Нээлттэй засаглалын түншлэлийн Удирдах зөвлөлийн сонгуульд Монгол Улсыг нэр дэвшиж уг түншлэлийн байнгын Ажлын хэсгийн ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьсан байна.

Чуулга уулзалтын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат БНФУ-ын Гадаад хэрэг, Олон улсын хөгжлийн сайд Жон-Марк Эйротой уулзаж, хоёр талын томоохон төслүүдийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн БНФУ-ын Үндэсний Ассамблейн Франц, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Францын Төв мужийн Дэд Ерөнхийлөгч Жером Шартье, Францын Ажил олгогч эздийн байгууллага “”Мэдэф Интернэшл”-ийн Ерөнхийлөгч Фредерик Сансэз, Уул уурхайн Арева группын Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Жак Питью, Европын санхүүгийн тэргүүлэх групп Амундигийн Ерөнхийлөгч Ив Пиреьер болон Веолиа, Софема зэрэг Францын төдийгүй дэлхийд тэргүүлэгч компанийн удирдлагуудтай тус тус уулзаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

Монгол, Францын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллаж буй Ж.Мөнхбат даргын энэхүү ажлын айлчлал нь цаашид хоёр орны төсөл, ажлуудыг урагшлуулах, үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ач холбогдолтой болсон юм.