Агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан иргэд  өнөөдөр анх удаа Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах гэж байна. Утаа бол үнэхээр гамшигт хэмжээнд байгаа тул элдэв улстөржилтөөс энэхүү жагсаалыг тусад нь харах хэрэгтэй биз.

Өнөөдрийн Улаанбаатарт таны, миний хүүхэд утаагаар өдөр тутам амьсгалж байна. Уг нь хүн амьд явах эрхтэй. Гэвчиг хорт утаа, агаарын бохирдлын улмаас хүн амын дунд өвчлөл нэмэгдэж, шаналж байгаа нь үнэн юм. Бид одоо арга хэмжээ авахгүй бол, маргааш хэрхэх вэ? Маргаашийн нөгөөдрийн Монголын эздийн хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудлыг бид ярьж байгаа юм.

Уг нь улстөрчид утааг багасгана гэж олон жил ярьсан. Нийслэлийн агаарын бохирдлыг  бууруулах тухай хууль хүртэл гарсан. Гэвч 140-өөд тэрбум төгрөгийг утаатай хамт идчихжээ, өнгөрсөн жилүүдэд. Арваннэгэн оны байдлаар Дэлхийн банкнаас Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх судалгааг хийхэд нийслэлийн агаарын тоосонцрын бохирдлын концентрац манай улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 10-25 дахин их болсон бөгөөд дэлхийн бусад нийслэл хотоос хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлсэн.  Түүнчлэн нийслэлд амьдарч буй 1,5 сая хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг ч судалгаагаар тодорхойлсон байгаа. Өдгөө бохирдол нэмэгдсээр байна.

 “Агаарын бохирдлын түвшин, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” (АБТЭМҮН) судалгааг нийслэлийг тойрон байгаа гэр хороололд жил гаруй хугацаанд хийсэн байдаг. Үнэлгээгээр агаарын тоосонцрын бохирдлын концентрац хэт өндөр төвшинд хүрсэн нь тогтоогдсон. Жил гаруйн хугацаа гэдэгт анхаарал хандуулах ёстой. Энэ нь утааны уршиг зөвхөн өвөл нүүрлээд байгаа юм биш. Цэлмэг сайхан тэнгэртэй гэгдэн магтагддаг Монгол Улсын нийслэл жилийн дөрвөн улиралд завсаргүй бохирдсон агаартай байна гэсэн үг юм.

Гэхдээ судалгааны хамгийн их сэтгэл түгшээсэн үзүүлэлт өвөл гарсан л даа. Өвлийн улирлын хэмжилтийг оруулаад агаарын тоосонцрын бохирдлыг нарийвчлалтайгаар гаргаж, жилийн дундаж концентрац болон бохирдлын хамгийн их түвшин нь үнэхээр дотор сэртхийлгэм байгааг судалгааны дүн харуулж байсан. Тоосонцрын бохирдол нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаагийн дотор зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхитийн явц хурдасч, амьсгалын замын өвчний шинж тэмдэг нэмэгдэх, уушигны үйл ажиллагаа буурч, улмаар багтрааны хүндрэл үүсгэх гэх мэт өвчлөлийг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Тоосонцрын концентрац, ялангуяа өвлийн улиралд гэр хороололд хэт их байгаа нь зүрх болон уушигны өвчлөлтийг нэмэгдүүлж, цаг бусаар нас барахад нөлөөлж байгааг ч мөн Дэлхийн банкнаас анхааруулсан.

Улаанбаатар хотод жилд 6 сая орчим тонн нүүрс шатааж, 240 мянган шоо метр мод түлдэг. Нэг хүнд 243,6 кг хорт бодис ногддог. Гол аюултай нь хатуу биетийн агууламж бөгөөд байж болох хэмжээнээс 7-12 дахин их байгаа аж. Үүнээс үүдээс бага насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан нь амьсгалын замын өвчлөл болоод байгаа. Харамсалтай нь, 94 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалдаг гэсэн эрүүл мэндийн дүгнэлт гарсан байсан.

Түүнчлэн тоосонцрын хэмжээ 1575 мг байгаа нь иргэн бидэнд хоногт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх хордлого өгсөөр нэгэн өвлийн улирлын ард гарч байна. Ерөнхийдөө бол энэ асуудлыг  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцээд гамшгийн хэмжээнд хүрчээ гэсэн дүгнэлтийг цаасан дээр гаргаад хэдэн  жил болж байгаа юм.

Харин Дэлхийн банкны дээрх судалгааны хүрээнд анхааруулсан зүйл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулан бохирдлын концентрацыг бууруулахын тулд гэр хорооллын өрхийн зуух болон түлшийг солих, цахилгаан халаагуур нэвтрүүлэх, орон сууцжуулах гэх мэт арга хэмжээг төр болон хөгжлийн түншүүдийн зүгээс хамтран хэрэгжүүлэх нь иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, үүнээс үүдсэн эрүүл мэндийн зардлыг хэмнэх багагүй боломж байгаа талаар байсан.

Гэтэл ийм арга замуудаа ч олигтойхон шийдчихэж чадаагүй л байна. Тухайлбал, түлш солих замаар агаарын бохирдлыг бууруулах тухайд  “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьж буй хагас коксон түлшний үйлдвэр хугацаандаа ашиглалтад ороогүйгээс агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах үндсэн зорилт хэрэгжиж чадсангүй гэдгийг эрхмүүд өөрсдөө хэллээ. 50 хувь гэдэг бол үнэндээ том тоо л доо.

Хэрэв нийслэлийн 185 мянган өрхийг жилд боловсруулсан түлшээр бүрэн хангая гэвэл  хагас сая тонн хагас коксжсон түлш хэрэгтэй. Анхны тооцоогоор ТЭЦ-2 цахилгаан станц жилд 210 мянган тонн, хувийн хэвшлийн 10 гаруй аж ахуйн нэгж 25-30 мянган тонныг үйлдвэрлэх, үлдсэн 250-300 мянган тонн түлшийг шинэ үйлдвэр барьж шийдвэрлэхээр төлөвлөсөн байжээ. Гэтэл өнгөрсөн оны төгсгөлөөс бүрэн хүчин чадлаараа  үйл ажиллагаагаа эхлэх ёстой байсан ТЭЦ-2 станц одоо хүртэл хэвийн ажиллаж чадахгүй байгаагаас боловсруулсан түлшээр айл өрхүүдийг хангах ажлын гүйцэтгэл тасарчихжээ. Тиймээс салбарын яамнаас яагаад хэвийн ажиллаж чадахгүй байгааг тодруулахаар Ажлын хэсэг гарган шалгаад үйлдвэрлэлд нэвтрээгүй технологи туршсан гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан гэнэ. Энэ бол ерөнхийдөө жижүүрийн шахуу хариулт байсан гэхэд болох биз. Ийм л жишгээр өнгөрсөн жилүүдэд яваад ирчихсэн юм чинь.

Өнөөдөр харин бидэнд өөрчлөлт хэрэгтэй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн