2016 он. Монголын спортын хувьд сайн, саар хосолсон жил байлаа. 

Тамирчид ялгуусан ялалтыг ээлж дараалан байгуулж, үр дүнд нь түүхэн дэх хамгийн том багтайгаар зуны олимпийг зорьсон мөч саяхан. Гэвч Бразилын дэвжээ бидэнд хатуурхаж, ердөө хоёр медальтай эх орондоо ирсэн. Олимпийн энэ бүтэлгүйтлийг эс тооцвол 2016 он спортын ертөнцийнхний хувьд ээлтэй өнгөрсөн гэж болно.

Харин ирэх оны төлөв ямар байх вэ. Ямар шинэлэг ажил, бодлогын өөрчлөлт спортын салбарт хийгдэх бол.

Юуны өмнө спортын салбарт зарцуулах мөнгөний тоо боломжийн хэмжээнд байгаа нь мэргэжилтнүүдийг баярлуулав. 2015 онд улсаас спортод зориулж 8.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ жил 12 тэрбумыг зарцуулсан юм. Олимпийн өмнөх болоод олимпийн жил тохиосон учир зардал түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нь энэ.

Олимпийн дараах жил төсөв огцом багасдаг байдал үгүй болжээ 

Харин ирэх жил ойролцоогоор есөн тэрбумыг зарцуулах бололтой. Олимпийн дараах жил төсөв огцом багасдаг байдал үгүй болсон . Зарим салбартай харьцуулахад энэ тоо бага л даа. Гэхдээ хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад том дэвшил. Ердөө 10 жилийн өмнө Монголын спортод зарцуулах бүтэн жилийн төсөв 189 сая төгрөг байсан гээд төсөөл дөө. Их зөрүү байгаа биз.

Нэгэнт төсөв хангалттай батлагдсан болохоор шигшээ багийн орон тоог энэ жилийнхээс бууруулахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Өдгөө үндэсний шигшээ багт 160 орчим тамирчин, дасгалжуулагч багтаж буй . Хэрэв шигшээ багийн гишүүн болчихвол сар бүр тодорхой хэмжээний цалин авна, тэмцээн уралдаан болоод хамтарсан бэлтгэлд оролцох зардлыг улс даана гээд давуу тал их. Гэхдээ шигшээгийн бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт орно гэдгийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна. Угаас улс бүр нэгэн шинэ олимпийн мөчлөг эхлэхэд шигшээгийн бүрэлдэхүүнээ шинэчилж, залуу тамирчдад боломж олгодог уламжлалтай. Бид ч энэ жишгээр явах нь гарцаагүй.

Энэ удаа шигшээгийн бүрэлдэхүүнд багийн спортыг оруулахаар төлөвлөсөн нь гол онцлог болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил багийн спортыг дэмжих зарлиг гаргасан нь ийнхүү эхнээсээ биеллээ олж байна. Түүнчлэн зөвхөн ТОП-4 гэж явцууралгүй, амжилт гаргах магадлалтай бусад төрөл ч төрийн хайр ивээлд багтах аж. Ялангуяа өвлийн спортыг дэмжиж ажиллах чиглэлээр багагүй зүйл хийхээр төлөвлөжээ. Ирэх онд Азийн өвлийн наадам болно. Мөн 2018 онд БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимп зохиогдоно. Энэ хоёр том арга хэмжээний бэлтгэлээ одооноос базааж эхэлнэ гэсэн үг.

Харин 2017 он спорт холбоодод халгаатай байж мэднэ. Учир нь Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэл болоод татварын тал дээр асуудалтай 11 мянган төрийн бус байгууллагыг татан буулгах талаар судалгаа хийж байгаа юм билээ. Манай спорт холбоодууд ТББ-ын статустай үйл ажиллагаа явуулдаг. Тэдний дунд татвараа цаг тухайд нь төлөөгүй, эсвэл бүртгэлийн зөрчилтэй байгууллага цөөнгүй. Тиймээс ирэх жил тэд бүх асуудлаа цэгцлэх, эсвэл татан буугдах гэсэн хоёр зам хүлээж байна. Хэрэв татварын өр ихээр хуримтлагдсан байвал улам хэцүүдэх нь тодорхой.

Гэхдээ спорт холбоодынхонд дуулгах сайн мэдээ ч бий. Өмнө нь тамирчид тэмцээнд явахад нислэгийн захиалгыг төрийн байгууллага хариуцдаг байв. Хаана бэлтгэлд гарахыг ч улс мэднэ. Үүнээс болж тамирчид нислэгийн хуваарь хэцүү байна, бэлтгэлийн баазын орчин шаардлага хангахгүй байна гэх мэт гомдол их мэдүүлдэг. Харин одоо ямар байгууллагаар дамжуулан тасалбараа захиалах, хаана бэлтгэлээ базаахаа сонгох эрхийг спорт холбоодод өгчээ. Хэрэв тухайн холбоо нислэгийн тасалбараа хямдралтай үнээр захиалуулж чадвал хэмнэсэн мөнгөө дараагийн тэмцээнд зарцуулах боломжтой.

Саяхан салбарын хэмжээнд мөрдөгдөх Хүний нөөцийн хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн дагуу дасгалжуулагч, мэргэжилтнүүдийг лицензжүүлэхээр болсон нь бас нэг онцлог байв. Өдгөө хэн дуртай нь дасгалжуулагч болж, хүүхдүүдийг удирдаж байгаа. Үнэндээ чадваргүй, ажлын туршлагагүй дасгалжуулагчийн балгаар олон сөрөг тал гардаг нь нууц биш.

Шигшээд багийн спортыг оруулахаар төлөвлөсөн нь гол онцлог

Өнгөрсөн жил жүдогийн багш нэг хүүхдийн жинг хасах гээд матрасанд ороож, аминд нь хүрсэн эмгэнэл үүний жишээ. Харин дасгалжуулагч нарыг лицензтэй болгож, чадавхжуулснаар энэ мэт замбараагүй байдал арилах учиртай. Түүнчлэн Биеийн тамир, спортын тухай хуулийн үзэл баримтлалыг саяхан батлаад буй. Одоо Засгийн газрын хуралдаан болоод УИХ-аар орох том даваа хүлээж байна. Ирэх хавар багтаад батлуулахыг зорьж байгаа юм билээ. Хэрэв батлагдвал спортын хөгжлийг урагшлуулах том алхам болох юм.

Монголын спортод дутагдаж буй нэг зүйл бол тамирчин, дасгалжуулагчдын сахилга бат. Тэмцээний үеэр шүүгчтэй маргалдах, дарамтлах, дасгалжуулагч нь архи үнэртүүлэн явах энүүхэнд. Тэр ч байтугай гадаадад тэмцээнд оролцож яваа тамирчин архи ууж, агсам тавьсан тохиолдол ч дуулдаж байв. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас спорт холбоодтой гэрээ байгуулахдаа сахилга бат, ёс зүйн энэ мэт асуудлыг нарийн тусгаж өгөх юм байна. Хэрэв сахилгын доголдол гаргавал шигшээгээс хөөгдөх, тэмцээнд оролцох эрхээ хасуулах зэрэг зохих шийтгэлээ амсана . Үүрэг, хариуцлагын ийм заалт спортод хамгийн их дутагдаж байв.

Эцэст нь сануулахад, 2017 он бол Токиогийн олимпийн мөчлөгийн эхний жил. Өмнө нь бид тайван сууж байгаад олимп дөхөхөөр сандралдаж, эрхийн тэмцээнд оролцдог байсан. Тиймээс холбогдох байгууллагууд энэ байдалд анхаарч, дараагийн олимпийн бэлтгэлээ эртнээс базаахыг зорьж байна.

Токио бол цагийн зөрүүгүй, уур амьсгалын хувьд Монголтой ойролцоо бүс нутаг. Тиймээс Бээжинд үзүүлсэн амжилтаа давтах, ахиулах зорилгыг спортын голлох байгууллагууд тавьжээ. 

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ