Онц гарчихсан, өвлийн өвөөгөөс бэлэг авна гэсэн бөөн догдлолтой сүрхий амьтан бригадынхаа улаан булан руу дэгдсэн 1987 оны шинэ жил санаанаас гардаггүй юм. Сумаасаа 20 гаруй км алслагдсан бригадын төвийн 1-ийн ”а”-гийн охинд улаан буланд ёолкдох боломж ингэж нэг гарав аа. Бригад маань Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд данстай. Одоо бол Жаргалант сумын Загдал баг гэж явдаг. Манай ангийнхан дотроо галлагаатай жижигхээн өрөөнд хичээллэдэг байсан юм. Гэр, сургуулиасаа өөр газар орж үзээгүй нөхөр цэлгэр уужим гэж жигтэйхэн үлгэрийн ордонд ороод явчихав. Уг нь улаан булан маань өндөр таазтайгаас биш сургуулийн хоёр ангийг нийлүүлсэн дайны жижигхэн талбайтай л даа, манай багийнхан одоо ч тэндээ вальс эргэдэг. Улаан булангийн хойморт зассан өнгө өнгийн шилэн чимэглэлтэй том ногоон гацуурын гоё гэж. Нэг л их гэрэл цацруулсан сүрлэг мод. Цэцэрлэгээсээ л найзалсан Бадмаа маань “Хөөх ийм том ёолк байдгийм байна ш дээ” гээд өнөө гацуур руу чавхадчихав.

Клубын таазан дээгүүр хэцэлж татсан утсанд гурвалжин дөрвөлжин, сар нар, туулай, манжин гээд янз бүрийн дүрстэй өнгийн цааснууд өлгөчихөж. Ангидаа цугаараа үлдэж байгаад 12 мөнгөний дэвтрийн хуудсыг элдэв дүрсээр хайчилж, өнгийн харандаагаар гараа цуцтал будаж урласан бүтээлээ дор нь танилгүй хаачихав. Бадамаа “Тэр миний хийсэн чимэглэл байна” гээд час улаанаар будсан гурвалжин цаасыг зааж байна. Би яаж дутахав “Хөөх тэр нь минийх” гээд тод цэнхэр өнгийн дарцагийг зааж тэрүүхэндээ хөл хөөр болов. Цээгий, Хуланаа, Баажиг гээд манай ангийн охид урласан чимэглэлээ өмчлөөд бөөн дуу шуу. Хөвгүүд харин тэгтлээ сүйд болсонгүй.

Гацуур тойрох амьтдын дүр хөвгүүдэд оногдсон юм. Дүрээ бэлдэж байгаа нь тэр.

Гоёлоо хэлэхээ мартах нь. Би гэдэг хүн ээжийнхээ нямбай гэгч нь индүүдэж өгсөн складтай юбка, цасан цагаан цамцаар гоёчихсон. Бас болоогүй ээ толгойдоо саагаар хийсэн титэмтэй. Салаа гэзгэндээ саанаасаа дутахгүй том цагаан тууз цэцэглэчихсэн, цамцныхаа баруун энгэрт ээжээрээ хээ гаргуулан байж саа оёулсан гэхээр дээгүүрээ нэг л их гялтганасан гялалзсан нөхөр л сургуулийнхаа шинэ жилд дэгдэж явж. Цасан охид болох өрсөлдөөн тун ширүүн болж билээ.

Ариун цэврийн дарга Хуланаа, Хуланаагийн салдаггүй ганц найз Баажиг хоёр л ямар ч өрсөлдөөнгүйгээр цасан охин болсон санагддаг юм. Охид хүртэл “Хөөрхөн учраас аргагүй л дээ” гэцгээгээд тэрүүхэндээ л яриа хөөрөө болсон юмдаг. Хоёрдугаар ангид орсон жил доод ангийн Анжаа цасан охин болгосонгүй гэж уйлж гүйгээд жигтэйхэн шуугиан болж билээ.

Бөөн хөөр хөгжөөн дунд шинэ жил эхэллээ дээ. Хоёрдугаар ангийн багш “Өвлийн өвгөн цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар морилон ирлээ” гэж тод дуугаар уянгалуулж байна. Нээрээ л улаан булангийн үүд нээгдэж цагаан нөмрөг, цэнхэр дээл, уртаас урт буурал сахал, сахал шигээ өтгөн гэж жигтэйхэн хөмсөгтэй өвлийн өвгөн ороод ирлээ. Туулайны багаа барьчихсан хажууд зогсоо Батка “Цан хүүрэг нь хааччихав аа” гэж нүдээ эргэлдүүлээд сүйд. Би “Ийм халуун болохоор цан хүүрэг нь татахгүй байх шиг байна” гэж оношлов.

Өвлийн өвөөгийн уутан дахь бэлэг тэгсгээд цан хүүргийг ч мартуулав. Тэр үед онц гарсан хүүхдүүд өвлийн өвөөгөөс бэлэг авдаг байлаа. Миний нэрийг дуудаж байна шүү. Дэгдээд очлоо, бүгд над руу хараад, бүгдээрээ л надад баяр хүргээд байгаа юм шиг. Би гэдэг хүн бэлгээ авч суудалдаа ирж суутлаа ниссэн дээ. Өвлийн өвгөн, цасан охины зураг, “С Новым годом” гэсэн бичигтэй цаасан ууттай хачин гоё бэлгээ Бадмаатайгаа хамт задаллаа. Шажигнасан мөнгөлөг цаастай шоколад, банкяа, ээжийн хааяахан өгдөг “Сарлаг” гэж дотроо ч, гаднаа ч шоколадтай 24-ийн чихэр нэг ширхэг, “Оргил” гэж хатуу чихэр арваад, гурван алим, хоёр мандарин байна. “Сарлаг чихрийг нь Оргил шиг олныг хийсэн бол гоёо” гэж Бадмаатайгаа ярилцаад бэлгээ идлээ дээ.

Дүүдээ, ээждээ хадгалахаа бас мартсангүй. Тэр шинэ жилийн бас нэг гайхамшиг нь улаан булангаар нэг сэнгэнэсэн мандарины үнэр. Хааяахан ирдэг агентаас үнэртдэг алимны таатай гоё үнэрээс давсан хачин сайхан үнэртэй мандарин гэдэг жимсийг анх удаа амталсан нь тэр. Тэр үеийн мэдрэмж тод үлдсэн байх, одоо ч шинэ жил гэхээр хамгийн түрүүнд мандарины үнэр санаанд буудаг. Мандарин шинэ жил хоёрыг салгаж төсөөлж чаддаггүй минь ийм түүхтэй. Өвлийн өвөө ирсэн шигээ гэнэтхэн цас мөсний орон руугаа явж одов. Гэнэт явж одсон гэснээс хөрш айлынхаа Оюутан гэдэг ахыг өвлийн өвөө болдгийг сумынхаа төвийн арван жилийн сургуульд очсон хойноо ах, эгч нарынхаа ярианаас мэдэж билээ. “Сувд эрдэнийн чимэгтэй Сүлд ногоон модоо Дун цагаан сахалтай Дүн өвлийн аав аа” гэж дуулцгаан гацуур тойрох амьтдаас хамгийн сүртэй нь ойн хүрэн баавгай санагдав. Туулай, хулгана мэтхэн нь ангийн хөвгүүд учраас нэг их гайхсангүй. Гайхал баавгайг харин хэн гэдгийг нь бодоод олсонгүй. Бас л тээр хойно дунд ангид орсон хойноо ээжийн найз Цээмээ эгчийн нөхөр Мижээ ахыг баавгай болдгийг мэдсэн санагддаг. Оюутан ах, Мижээ ах хоёр лав өвлийн өвөө, хүрэн баавгайн дүрээрээ олон олон шинэ жилд баяр хөөр бэлэглэсэн. Бид мэтийн балчруудын өвлийн өвөөд итгэх итгэлийг алдуулахгүй гэсэндээ тэр үү, дүрээ их л нууцалдаг байж дээ гэж одоо боддог юм.

Тэр жилийн ёолкноор биднийг жигтэйхэн инээлгэсэн хүн бол Ганаа ах. Ганаа ах жил бүр алиалагч болдог албатай. Бас шүлэг бичдэг Батсүрэн ах алиалагч хийнэ. Амьдрал дээрээ ч алиа хошин хүмүүс л дээ. Томоо гэгчийн цагаан өмд улаан цамц, малгайтай, хамар, хацраа бас улаанаар будчихсан ах нар уртаас урт цаасан дуран барьчихаад “Муу сурсан хүүхэд та нарын дунд байна уу. Нустай хүүхдүүдийг алдахгүй барьж авна даа” гэж хойш урагш гүйх тоолонд л манай сургуулийн жаалууд элгээ дарж ирээд л инээцгээнэ. Ганаа ахынх манай урдхан. Тэр шинэ жилийн дараагаас Ганаа ахыг харахаар л инээд хүрдэг болчихож билээ. Алиалагчийн дүрээрээ санаанд тод үлдсэн нутгийн ах маань одоо ч Загдалынхнаа хөгжөөж алиалсаар яваа.

Дараа жил нь ангийнхаа хүүд хуулуулсан хэргээр цээж бичгэн дээрээ сайн гарч өвлийн өвөөгөөс бэлэг авалгүй харьж билээ. Баахан уйлж сууснаа мартдаггүй юм. Нэг л их гомдол тээсэн нөхөр шинэ жилдээ очсон доо. Бэлэг гэснээс бас нэг бэлэг санаанаас гардаггүй юм. Зах зээлд шилжсэн ерэн онд сумандаа дотуур байранд амьдрахаар ирлээ. Дөрөвдүгээр ангийн том сурагч болчихсон тэр жил Дууяа багшийг “Онц гарсанд баяр хүргэе. Сургуулийн шинэ жилээр бэлэг авахаар болсон” гэж хэлэхэд нь жигтэйхэн баярлаж билээ. Бага ангидаа Оюутан ахаас авдаг байсан мандаринтай гоё бэлгээ төсөөлсөн нөхөр байдгаараа гоёод очлоо. Шинэ нийгэмд дөнгөж шилжсэн, дэлгүүрийн лангуу хоосорсон тэр оны шинэ жилийн бэлэг “Сарнай” саван, тосон бал байсан юм.

Ц.Баасансүрэн Өдрийн сонин