Он солигдож байна. Шинэ онд монголчууд бидний амьдрал өөр болж эхлэх нь. Иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөх хууль эрх зүйн өөрчлөлт, төрийн зохицуулалт шинэ оны эхний өдрөөс эхлэн нийгэмд үйлчилж эхэллээ.

Хүйтний эрч чангарч, хоёр ес эхэлсэнтэй зэрэгцээд ханиад томуу улам газар авч байна. Нийслэлийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ. Үүнтэй холбогдуулан ханиадны дэгдэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ оны нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд тав хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэртээ гурваас тав хоног асарсан эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Нөхцөл байдал, цаг үедээ тааруулан энэ шийдвэр цаашид үйлчилж байх бололтой. Тус шийдвэртэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд бямба гаригт ажиллаж эхэлжээ. Мөн ханиад хүрсэн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлсэн байна.

Бас нэг чухал асуудал. Бид цаашид өдөр бүр машинтайгаа, машин дотроо хайш яйш явж болохгүйд хүрлээ. Торгууль нэмэгджээ. Та бид хамгаалах бүсээ зүүхгүй яваад 9600 төгрөгөөр торгуулдаг байсан бол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12000 төгрөг болж байна. Хурд хэтрүүлсэн бол 24000 төгрөгөөр торгуулна гэхчилэн торгуулийн төрлүүд дээш явах нь. Ингэхээр нөхөд минь, замын хөдөлгөөнд цаг минут тутам дүрмийн дагуу соёлтой боловсон оролцохгүй бол ямар нэг зөрчлөөс болж наад зах нь сарын цалингаасаа давсан торгуульд унах нь байна шүү.

Цалин гэснээс оны эхний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг боллоо. 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн цалингийн хамгийн бага хэмжээ юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай гэсэн үг. Монголд ажиллаж буй нийт ажиллагсдын 6-7 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг судалгаа бий.

Үр дүн нь хэрхэн гарахыг бол мэдэхгүй. Ямар ч байсан гэр хорооллын айлуудын шөнийн цагийн ахуйн хэрэглээний цахилгааны үнийг тэглэлээ. Энэ шийдвэр шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэж байгаа. Хөнгөлөлтөд хамрагдах гэр хорооллын өрхүүд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үнэ төлбөргүй цахилгаан хэрэглэнэ. Ингэхийн тулд тодорхой болзолтой. Цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын, баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх гэхчилэн. Энэ хөнгөлөлтөд лавтай 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой гэсэн тооцоо гарчээ.

Монголчууд бид сүүлийн жилүүдэд органик хүнс гэж их ярих болсон. “Ориг хүнс гэсээн” гэх үг бараг хэлц болтлоо нийгэмд түгжээ. Энэ үгийг хуульчлан баталгаажууллаа. Органик хүнсний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэв. Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэхийг зохицуулсан хууль юм. Органик хүнс баталгаатай үйлдвэрлэж чадаж гэмээнэ гадаад, дотоодын зах зээлд гарах боломжтой гэж үзэн тус хуулийг баталжээ. Органик хүнс үйлдвэрлэснээр малчид, тариаланчдын орлого нэмэгдэж, иргэдийг хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс хамгаална. Монголчуудын хүнсний тэжээллэг, чанарлаг байдал сайжирч, хүн амын эрүүл мэндэд эерэг үр дүн авчрах юм. Мөн мал аж ахуйн орон болох манай улсад хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь тавигдаж, ногоон эдийн засгийн бодлого бодитой хэрэгжинэ гэж үр дүнг нь тооцжээ. Улмаар экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой ч юм байна.

“Мах, сүүний анхдугаар аян”-г улс орон даяар шинэ оны эхний өдрөөс өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд өмнө нь хэрэгжиж байсан Атрын III аянг ч үргэлжлүүлэх юм байна. Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгажээ. Мөн олон улсын байгууллагын зээл, тусламж, дэмжлэгийг ч авах гэнэ. Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулж буй аж. Монголын хөдөө аж ахуй дахь боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангаж эдийн засагт тодорхой өсөлт бий болгоно гэж үзжээ. “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд үхрийн эрчимжсэн аж ахуйг улам сайжруулж, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд илүү сайн зохион байгуулахаар төлөвлөжээ. 70 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд зургаан сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой юм байна. Гэвч техник, технологийн хоцрогдол, эргэлтийн хөрөнгө буюу санхүүгийн чадамж муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг олон шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа гэнэ. Энэ бүх боломжоо дүүрэн ашиглах зорилготой энэхүү аянг өрнүүлж эхэллээ.

Ямар нэг хэлбэрээр аж ахуй эрхэлж буй иргэдэд тустай нэгэн хууль оны эхний өдрөөс бас хэрэгжиж эхэллээ. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт юм. Тус нэмэлт өөрчлөлтөөр зарим аж ахуйн нэгжүүдийн татварыг тэглэх, заримыг нь бууруулах юм байна. Хуулийн 19.12-т зааснаар бол нийслэлээс 550 км хол байршилд байгаа аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурах боллоо. Цаашлаад 1000 км-ээс хол алслагдсан бол 90 хувиар хөнгөлөхөөр хуульд заасан нь алс зайдуу аж ахуй эрхлэгчдийн анхаарлыг онцгой татаж байна.

Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. Бас л сонирхолтой л нэр томьёо. УИХ-аас 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр батлагдаж 2016 онд хэрэгжих байсан хууль юм. Гэвч хууль хэрэгжих боломжийг нь бүрдүүлээгүй гэж тухайн үедээ үзсэн учраас ийнхүү энэ оны эхний өдрөөс мөрдөж эхэллээ. УИХ-аас батлагдсан хуулийн төслүүд хэрэгждэг, хэрэгждэггүй, аль нэг улс төрийн хүчин нь сонгуулиар гарч ирээд өөрчилдөг гэсэн яриа бол бодитой үнэн юм. Тиймээс энэ хууль нь аливаа хууль тогтоомжийг санаачлах боловсруулахдаа үндэслэлээ зөв тодорхойлсон, чанартай, олон нийтийн оролцоог хангасан, судалгаатай, хуулийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэсэн байх зэргийг сайтар тодорхойлжээ. Ингэснээр УИХ-аас батлагдаж байгаа хууль, тогтоомжийн үр дүн гарна. Монгол Улсын хэмжээнд 605 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тус хууль хэрэгжиж хэлснээр хуулийг “гууль” болгох, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сул гэх мэт элдэв ярианд цэг тавигдах нь. Ямартай ч Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр УИХ-ын хууль санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанар сайжирч, хуулийн хэрэгжилт, үр нөлөө нь бодитой болох нь.

Эцэст нь хэлэхэд Монголын айл өрх бүр, иргэн нэг бүрт хамаатай маш чухал хуулийн тухай танилцуулъя. Энэ бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм. Тус хуулийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр болсон. Энэ хуулиар бол эр эм хоёрын хооронд илжиг заавал жороолох шаардлагатай болж байгаа юм. Учрыг дор тайлбарлая. Тус хуульд зааснаар бол эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдийгүй хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч тус хуулиар зохицуулахааар тодорхой заажээ. Хуулийн хамрах хүрээг маш их өргөжүүлсэн гэсэн үг. Хэзээ Монголд хамтран амьдрагчийн асуудал хуулиар зохицуулагдаж байлаа. Одоо бол хамтран амьдрагчид аль аль талдаа хуулийн хариуцлага хүлээнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлж, өргөжүүлсэн байна. Жишээ нь хөршийн үүргийг маш тодорхой болгожээ. Удаа дараагийн гэр бүлийн хүчирхийллийг, гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөрш, иргэнд хуулийн хариуцлага тооцохоор болсон байгаа юм. Тэгэхээр л нөгөө “Эр эм хоёрын дунд илжиг бүү жороол” гэсэн ардын үг ул болж, жороолохгүй бол огт болохгүй хууль хэрэгжиж эхэллээ. Ер нь хүн бүр энэхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай танилцчих хэрэгтэй. Бид заавал мэдэж байгууштай олон нарийн заалт тус хуульд орсон байгаа. Маньд огтхон ч хамаагүй гэсэн монголчуудын аминч үзэл энэ хуулиар бол дуусгавар болж байна. Айл хөршөө, анд нөхдөө, ах дүүсээ... ер нь ойр орчинд байгаа бүхнээ сайтар анзаарч, анхаарал тавьж байхыг энэ хуулиар шууд тулгалаа. Одоо бидэнд хамаагүй зүйл гэж байхгүй болсон. Тус хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах зэрэг бүх зохицуулалтыг тодорхой заасан байна лээ.

Улиран одож буй онд УИХ болон Засгийн газраас гаргасан, шинэ оноос эхлэн хэрэгжих тогтоол, шийдвэрүүд болон хуулийн төслүүдтэй та танилцлаа. Таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах, нөлөө үзүүлэх энэхүү эрх зүйн зохицуулалтууд нь монголчуудын амьдралд шинэ хандлага бий болгож, амьдралыг арай өөр хэмнэлд оруулах нь дамжиггүй. Та бэлэн байгаа биз.