1991 оны үед Монгол Улсад 130 гаруй шашны байгууллага үйл ажиллагаа явуулж  байсан бол өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтөй 800 орчим, зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Өнөөдөр таван Монгол хүн тутмын гурав нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь уламжлалт буддын шашныг шүтэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Харин буддын бус шашин шүтэгчдийн тоо хэмжээ тогтвортой гэсэн  үзүүлэлттэй боловч тэдгээр шашны сүм, байгууллагын тоо нэмэгдэж байгаа юм. Тэгвэл шашны байгууллагуудыг бүртгэлд хамруулах, заримынх нь зөвшөөрлийг цуцлах,  шашны байгууллагын  зөвшөөрлийг олгосон тохиолдолд нэг жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах гэх зэргээр хуульчилахаар болсон байна.

Өнөөдөр манай улсад төрөөс шашны байгууллагатай харилцах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Есдүгээр зүйлд “Монгол Улсад төр шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээн тунхаглаж, улмаар төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан. Түүнчлэн Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 15-д “Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөтэй” хэмээжээ.

Үндсэн хуулийн эдгээр заалтыг иш үндэс болгон Улсын Их Хурлаас 1993 онд төр болон сүм хийдийн хоорондын харилцааны эрх зүйн үндсийг тогтоосон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан. Энэ хуульд 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн, 1995 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн, 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулж байжээ. Гэвч эдгээр өөрчлөлт нь зарчмын шинжийг агуулаагүй бөгөөд найруулгын шинжтэй байсны дээр өөр асуудлын хүрээг хамруулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дагалдуулан өөрчлөлт орж байсан байна. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан. Уг төсөл батлагдснаар өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас дараах үндсэн дөрвөн өөрчлөлт орох юм.

  1. Шашны байгууллагыг /үүний дотор гадаадын шашны байгууллагын төлөөлөгчийн газрыг Монгол Улсын нутаг дэвсгэрт/ /үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгэх, үйл ажиллагааг нь, зогсоох, татан буулгах тогтолцоог оновчтой болгон тогтоох.
  2. Шашны байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотой нөхцөл байдлыг харгалзан сүм, хийдийг бүртгэхээс татгалзах зарим нөхцлийг хуульчилан тогтоох болно.
  3. Шашны байгууллагын эрх зүйн байдлыг оновчтой байдлаар тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, шашны байгууллагын тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг оновчтой болгох, улмаар сүм, хийдийн дүрэмд тусгасан байх зүйлийг нарийвчлан заах болно. Мөн шашны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгон, стандартыг нь тогтоож, түүнийг нь стандартын төв байгууллагаас баталгаажуулж байх. Түүнчлэн тэдгээрийн хамба лам, пастор зэрэг тухайн байгууллагыг тэргүүлж буй этгээдэд тавих шаардлагыг хуульчилах нь зүйтэй гэж үзэв.
  4. шашны байгууллагын зөвшөөрөл олгох асуудалтай холбогдсон харилцааг шинэчлэн тогтоох бөгөөд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд “Шашны асуудал эрхэлсэн зөвлөл ажиллахаар тусгаж, зөвлөлийн ажиллах журмыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид батална. Мөн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шинээр байгуулагдаж байгаа шашны байгууллагад 1 жилийн хугацаатай, хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа, 5-аас дээш жил ажилласан шашны байгууллагын ажиллах эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар сунгах зэрэг өөрчлөлт орж байгаа юм.

Эдгээрээс иргэд та бидэнд хамгийн их хамааралтай нь орон сууцанд шашны үйл ажиллагаа явуулахыг  хориглох юм байна. Тодруулбал орон сууцны байшинд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шашны байгууллагын үйл ажиллагаа, зан үйл явуулахыг хориглох юм.

Хууль батлагдах юм бол  “Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж шашны байгууллагуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулж, нэгдсэн бүртгэлийн сантай болох үүргийг Засгийн газарт өгнө. Ингэснээр шашны байгууллагын үүний дотор гадаадын шашны байгууллагын бүртгэлийн асуудал жигдэрч төрөөс тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэх бөгөөд улсын төсөвт ямар нэг хүндрэл, нэмэлт санхүүжилт шаардагдахгүй юм.

 Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

М.Мөнгөн