Хөшөө нураадаг улс төрчдийн солиорол эрдэмтдийг эх хэлээрээ тоглоход хүргэлээ
2013/11/04
Чой.Баттулга тэргүүтэй монгол хэл шинжлэлийн эрдэмтэд уржигдар Eagle телевизээр ъ, ь, щ үсгийг монгол хэлний дүрмээс хасч, төрийн хууль болгон мөрдүүлэх талаар ярилаа. Улстөрчдийн солиорол эрдэмтдэд халдаж байгаа бололтой.
Одоогийн хотын дарга Э.Бат-Үүл Лениний хөшөөг нураахад энэ цуст яргачны хөшөөг буулгах юмсан гэж бодож явсан юм. Одоо нэг сэтгэл минь амарлаа хэмээн хэлж байсан. Хөшөө талбайг буулгаж, нураадаг энэ солиорол улам бүр гаарч, ийм хөгтэй явдал үргэлжилж байна. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчлөхөд Хэнтий аймаг Өндөрхаан хотоо "Чингис" хаан хот болгоно гэж хөөрч, хөөрцөглөж байсан нь саяхан.
Үнэндээ 1990-ээд оноос хойш манай шинжлэх ухааны академи уналтад орж, дампуурсан гэж болно. Тэр дундаа монгол хэл шинжлэлийн салбар.
ЕБС-д 1991 оноос эхлэн нэгдүгээр ангиас нь монгол бичиг зааж байгаад, 1994 оноос кирил бичиг зааж эхэлсэн байна. Ингээд гурван жил монгол бичиг заалгасан хүүхдүүдийн толгой нь эргэж, монгол ч үгүй кирил ч үгүй маш алдаатай бичдэг болсон залуусын гашуун туршлага бий. Сахил хүртээд шал дордов гэдгийн үлгэр буй за
Аливаа улс үндэстний оршин тогтнох, тусгаар тогтнолын баталгаа нь үндэсний хэл соёл.
Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан зэрэг сор болсон эрдэмтэд ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр тэдний хойчийг залгах нэр бүхий, цөөн тооны эрдэмтэд гарч ирснийг эс тооцвол үүнээс онцгой гавьяа байгуулсан, цойлоод гараад ирсэн эрдэмтэд огт байхгүй. Бид кирил үсгийн дүрмийн алдаа завхралыг амссаар байгаа нь хангалтгүй байгаа бололтой. Монгол хэл шинжлэлийн салбарынхан салбараа өөд татахын оронд монгол хэлний гучин таван үсгээс энэ гурван үсгийг хасна хэмээн хэнэг ч үгүй яриад сууж буйг нь харахад харамсах, халаглах хоёр зэрэгцэх ч шиг.
“Эх хэлээрээ оролдоно гэдэг бол эвдрэхийн цондон”
Эх хэл, бичиг үсэг гэдэг шөнө зүүдэлснээ өглөө хэрэгжүүлэх энэ дампуурсан салбарынхны зугаа болдог ч эд биш баймаар юм. Ер нь бол хэдэн согтуу эрдэмтэд хундага тулгаж суухдаа монгол хэлний гучин таван үсгээс ъ,ь, щ гэсэн гурван үсгийг хасчихъя гэж ярьсан юм биш биз дээ. Согтуу толгойнуудын гараар орох нь.
Хэрвээ монгол кирил үсгийн дүрмээс ъ, ь-ийг хасчихвал харь+я=харья хар+я=харъя, тарь+я=тарья тар+я=таръя зэрэг үгсийг адилхан бичих болох юм.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2006 онд “ы” үсгийг хасах тухай хууль санаачлаад “бүтэлгүйтэж” байсан билээ.
Төрийн албан хаагчдаас кирил үсгийн зөв бичих дүрмийн шалгалт авбал арван үгийн долоог нь алдаж бичнэ. Ийм зовлон бол өдөр болгон төрийн албаныханд тохиолдож байгаа нь нууц биш.
Түүнчлэн эх хэлээрээ тоглосны балгийг хамгийн их амсаж байгаа салбар бол сэтгүүл зүйн салбар юм. Монгол кирил бичгээр зөв бичдэг залуусыг олоход тун бэрх. Сонин, сэтгүүл, телевиз, сайтын редакцид шинээр ажилд орсон залуусын 80% нь алдаатай бичдэг бөгөөд тэднийг алдаагүй бичиж сургахад оршиж байна. Мэдээнийх нь 50% нь алдаатай байдаг. Үүний гарц юу вэ?
Хэл, хөл, мал гуравтайгаа байхад
Хэн баян
Монгол баян хэмээх үг бий юмсан.