Японы нийслэл Токио хотын төвийн дүүрэгт байрлалтай оффисын зориулалт бүхий 10 давхар барилгыг Монголын "Авар" компани худалдан авсан талаарх мэдээлэл өнгөрсөн сард дуулиан тарьсан.

Харин Токио дахь Солонгос иргэдийн холбооны байрны дуудлага худалдааг тойрсон шуугиан одоо болтол намжаагүй л байна. Хэдийгээр Монголын “Авар” компани дуудлага худалдаанд ялсан ч Токио хотын  шүүхээс байрны эрхийг тус компанид шилжүүлээгүй, нам жим болоод байгаа гэнэ.

Харин Японы хэвлэл мэдээллийнхэн Солонгос иргэдийн холбооны байрны хувь заяа хэрхэн эргэх талаар сурвалжилсаар буй. Японы сэтгүүлч Кёкүшюүзан Д.Батбаяраас ярилцлага авчээ.

Түүнээс Монголын “Авар” гэх компанийн захирал Ч.Эрдэнбат нь Японы сумо бөхчүүдтэй холбоотой гэх мэдээлэл гарсан та холбоотой юу хэмээн асуухад: "Үнэхээр худалдаж авч болж байгаа юм уу гэж их гайхсан. Ямар ч мөнгөгүй компани дуудлага худалдаанд яллаа ч гэсэн мөнгө яаж цуглуулах юм бол ойлгохгүй л байна. Хэл аманд орчих вий гээд Ерөнхийлөгчтэй хамт Хойд Солонгос явах байснаа ч больсон. Асашёорюү ч дуудлага худалдаанд ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн. Манай бөхчүүд барилдаад явж байгаа болохоос энд тэнд мөнгө гаргаад явж байдаг улсууд биш. Соёл, урлагийн харилцааны ажлаар хэд хэдэн удаа Хойд Солонгост очиж байсан. Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд хүнсний тусламж үзүүлэх, ажиллах хүч авах гээд Хойд Солонгосыг дэмжиж туслах ёстой гэж боддог. Монголд ажлын хүч их хэрэгтэй байгаа" гэснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Дээрх мэдээлэл анх Япон улсын хэвлэл мэдээллээр цацагдаж эхлэсэн юм. Тэр үеэр их аварга Д.Дагвадорж, түүний ах өдгөө УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нартай хамаатан садны холбоотой мөн монголын сумо бөхчүүд энэ дуудлага худалдаанд оролцсон байх гэсэн мэдээлэл ч гарч байсан удаатай. Ямартаа ч уг байрыг худалдан авахад Монголын сумо бөхчүүдээс нэгэн ч оролцоогүй гэдгээ мэдэгдсээр байна.

Д.Ана