“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн клуб хамтран Ub Art Gallery-гийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургаар хүүхдийн амьдралын эсрэг тэсрэг өнгийг 38 бүтээлээр өгүүлэх уг үзэсгэлэн энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх аж.

Эл үзэсгэлэнд өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хүүхдийн эрхийн асуудал хамгийн ихээр тулгамдсан хэвээр гэдгийг үзэгчдэд зорилготой юм.

Өнөөдөр Монгол улсад хүүхдийн эрх ялгаварлан гадуурхагдах, үл хайхрагдах, бэлгийн мөлжлөг, зодуулж бэртэх, хүний наймаа, орон гэргүй тэнэмэл, хүнд хөдөлмөр эрхлэх, эрүүл орчинд амьдарч чадахгүй байх, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байх, жендерт суурилсан хүчирхийлэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, сэтгэл санааны гэх мэт 10 гаруй хэлбэрээр өдөр бүр зөрчигдөж байна.

Үүний гол буруутан нь эцэг эх, төр засаг, хөрш айлууд, иргэд бид атал хийсэн буруу зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг нь тун ховор. Хэдийгээр хууль эрх зүйн орчин сайжирснаар хариуцлагын тогтолцоо тодорхой болж ахиц дэвшил ирнэ гэж найдаж байгаа ч иргэд өөрсдөө хандлага, хариуцлагаа нэмэгдүүлэхгүй бол шоронд орох эцэг эхчүүдийн тоо ихсэж өнчирч үлдэх хүүхдийн тоо нэмэгдсээр байна.

2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 41 хувь согтуугаар үйлдэгдсэн бол хохирогчдын 90.7 хувь нь эмэгтэй хүн байна. Онцолж харахад гэр бүлийн хүчирхийллийн хэргийн 86 хувь нь гэр, орон сууц ахуйн орчинд үйлдэгддэг байна. Ахуйн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг болгон бүртгэгдэж мэдээллэгдэж чаддаг уу гэвэл үгүй юм.

Эх сурвалжийн дагуу ноцтой судлагаанаас харахад Эрээн хотод л гэхэд энгийн үед 250-300 охид /Үүн дотор 14,15 настай насанд хүрээгүй охид олон бий/ тогтмол биеэ үнэлдэг бол Хятадын баяр ёслолын үеэр энэ тоо 3-4 дахин буюу 800-1000 хүрдэг гэсэн мэдээлэл байна. Үүний дагуу тандах, илрүүлэх үйл ажиллагааг Лантуун дохио ТББ Эрээн хотод явуулж, эмч, биеэ үнэлэгч, хүний наймааны хохирогч, үйлчлүүлэгч, консулын газрын төлөөлөгч нартай уулзсан бөгөөд тус үзэсгэлэнд холбогдох баримт зүйлсийг дэлгэсэн байна.

Ингээд анх хүний наймааны эсрэг хэлмэгдсийн хөшөөнд гурван охиныхоо төлөө уриалга гарган суух талийгаач Ганзоригтой таарснаар өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг зоригтой, зорилготой, сэтгэл шулуудан яваа МҮОНРТ-ийн “4 урилга” нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан “Лантуун дохио” ТББ-ыг санаачлагч, тэргүүн Ч.Ганжавхлантай хэдэн хором ярилцсанаа та бүхэнд хүргэе.

Хүүхдийн төлөө чухал, нэн тэргүүний асуудлыг хөндөж, гар бие оролцон яваад тань нийт уншигчдынхаа өмнөөс баярлалаа.

  • Хүүхэд хамгаалал, хөгжлийн “Ид шидийн орон” төслийг хэзээнээс эхлүүлж, өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явж байна?

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг нэг жилийн өмнө төслийг санаачилж, 32 сая төгрөгийн 3-н айлын 00,7 га газрыг худалдан авахаар болсон. Одоогийн байдлаар 50%-ийн санхүүжилт орж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 2-р буудал буюу зүүн салааны эцсийн буудалд 3-н хорооны заагт үүнд 10, 25, 9-р хорооны дунд “Ид шидийн орон” гэдэг цогц байгууламж барих ажлыг эхлээд нилээн ахицтай явж байна. Энэхүү оронд зөвхөн гэр хорооллын хүүхдүүдийг хамгаалах бус нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртөж байгаа бүх хүүхдүүдийг хамгаалах, өдөр өнжүүлэх төвд байлгаж боловсрол, эрүүл мэнд бүхий л боломжоор хангаж ажиллахаар хичээж байна. Энэ бол 100% асрамжийн төв биш, өдөр өнжүүлэх төв биш хүүхдийн бүх асуудлыг шийдэж өгдөг цогц байгууламж барихаар шийдээд байна. Өнгөрсөн 10 сарын үед бидний гар нэг ч төгрөг байгаагүй. Харин бид энэхүү ажлыг 1000 төгрөгний түлхүүрийн оосор зарж эхлүүлж хандив босгосон. Тоглолт зохион байгуулж 3-н саяыг, салса парти, мөн Америк, Англи, Швейцарь, Монгол улс гээд олон айл өрхөөс хандив цугларсан. 9,18-н төв объекттэй, шууд ажиллаж болохоор хамт юм. Өнөөгийн нийгэмд 32 сая төгрөгийг босгоно гэдэг амар байгаагүй харин сайн дурын ажилтан, хүмүүсийн хандив цугларч байгаад баяртай хандаж байна. Үүнээс гадна том барилга байгууламж барих учраас маш их хөрөнгө оруулалт шаардагдана. Ямар ч байсан газар, зураг, бүх танилцуулга гаргаад манай дотоодын том компаниуд саналаа өгнө. Зарим нэг барилгын компаниудаас туслая гэсэн саналууд ирсэн байгаа. Иймэрхүү байдлаар төв маань баригдана. Хамгийн гол нь хүчирхийлэл их үйлдэгдэж байгаа газар бол Сонгино-Хайрхан дүүргийн 26-р хороо, улаан чулуутын хогын цэг, мандал овоо газруудад болон ХУД-ын Зайсанд хүчирхийлэл хамгийн ихээр үйлдэгдэж байна. Бидний хэлж заншсанаар баячуудын хороолол хүчирхийллийн дуудлагаар их байна. Үүнээс үзэхэд хүчирхийлэл зөвхөн ядуу, гэр хороололд биш, хүний дотоод хандлага, сэтгэлд гэж харагдаж байна. Тухайн хүн хүчирхийллийн зуршил, хандлагатай л бол баян, ядуу нь ялгаагүй. Тэгэхээр бид 2000-3000 айлын голомтод байрлаж, хүчирхийлэл үйлдэгч хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн төлөө ажиллах болно. Хүмүүсийн муу зуршил, хандлагыг өөрчлөхөд нэг жил биш 4-5 жилийн хугацаанд ажиллаж байж өөрчлөгдөнө гэж тооцоолж байна. Үүнд иргэдийн хандлага, хөрш, хороо гээд бүх хүмүүст хамааралтай. Ингэж байж аясаараа алга болох юм.

Өнөөдөр хүчирхийллийн хууль батлагдаад 2-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Гэхдээ цаанаасаа зуршил, хандлагатай болсон хүмүүст бол энэ бол шорон. Хүний хандлага нь хуулиа дагаад өөрчлөгдөж, сайжирч байх ёстой ингэж байж өөрчлөгдөнө. Хүүхэд хамгаалах төв байгуулснаар хүүхдийг хамгаалах системийн анхдагч жишиг гэж харж байна. 3000 айл өрхийн дунд баригдснаар архидалт, ядуурал, хүчирхийллийн судалгаа давхар хийгдэж явна. Үүнийг таван жилийн дараа “Ид шидийн орон” баригдснаараа хэдэн хувь буурсан мэдээллийг бий болгоод гарын авлага гаргаад энэ шийдлийг төрд өгөх юм. Үүнийг аль ч аймаг, дүүрэг, хороонд энэ систем Монголд бий болсноор олон хүний амьдралд өөрчлөлт орсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилго өвөртөлж явна. Нийгмийн том хариуцлагатай компаниудад өөрийнхөө дүүрэг болгонд энэхүү системийг бий болгож, барилга барих саналыг дэвшүүлнэ. Хүчирхийллээс гарах хамгийн анхны жишиг. Нэг удаа хувцас, бэлэг өгөөд дуусах биш 10, 20 жилийг харсан Монголын гарц, бодлоготой нийцсэн маш том нягтлах ажил. Үүнийг үзэж, харж байгаа, үүнд хөрөнгө оруулалт, хандив өгч байгаа, 1000 төгрөгний түлхүүрийн оосор худалдан авсан хүмүүст хамгийн анхны үйл ажиллагаанд оролцож байгаа шүү гэдгийг дурдаж хэлмээр байна. Энэ бол зөвхөн барилга байгуулламжаас илүү хэд дахин утга агууламжтай юм.

  • Төслийн талаар ярихгүй юу, таван жилийн төсөв төлөвлөгдсөн гэлээ?

Бид Америк улсыг зорьсон. Америкт амьдарч, ажиллаж байгаа Монголчуудтай уулзсан. Үүний үр дүнд нэг хүн, нэг өдөрт, нэг доллар гэсэн хөтөлбөр гаргаад тэрхүү хөтөлбөрөөрөө энэхүү төвийн таван жилийн албан хаагчийн цалин, тог, цахилгаан үйл ажиллагааны асуудлыг шийдсэн. Нэг хүн өдөрт нэг доллар өгөхөөр болсон. 400-н Монголчуудтай уулзсаны 140 хүн өгөхөөр болсон. Төв маань баригдсан өдрөөс эхлэн орж ирнэ. Гэр хорооллын захад хэзээ ч олдохгүй хүүхдийн төлөө байж чаддаг өмгөөлөгч, хууль ч нарыг ажилд авах бодлоготой юм.

Иргэдтэй хамгийн ойр хороо гэхэд л гэр хороололд дундаа хороо нь өөрөө хүрэлцэхгүй байна. Иймээс цаашид сүлжээ болох схем, системийг гаргана. Хүүхдийн төлөө хүчирхийлэлгүй улс орон болгох чухал арга зам. Уншигч, үзэгч та бүхэн фейсбүүк, интернэтэд үзэсгэлэн болж байна гэж зургийг тавих бус гар бие оролцож, хандивын гараа сунгах чухал гэдгийг хэлмээр байна. Хэн ч байсан оролцож болно. Улс төрийн ямар ч нөлөө, хамаарал байхгүй. Аль ч олон улсын байгууллага санхүүжүүлээгүй үнэхээр бор зүрхээрээ босч байгаа Төрийн бус байгууллага.

  • Зөвхөн танай ТББ-ын очсон дүүрэг, аймгийг авч үзэхэд хүүхдийн хүчирхийлэл хэдэн хувь нь зөрчигдөж байна гэж хэлэх вэ? Улсын болон нийслэлийн судалгаа гэвэл өөр тоо гарна, зөвхөн өөрийн чинь дүгнэлтээр?

Зөвхөн манай байгууллагын очсон айл, өрхийг харахад хоёр жилийн хугацаанд 8 дүүрэг, 2 аймагаар явж 13 мянган хүүхэд баярлуулсан байна. Бид дандаа уул, жалга хүчирхийлэл байхаас өөрцгүй газраар явсан байна. Үүнийг эргээд харахад 80% хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдөж байсан гэж хэлнэ. Үүнд мэдээж сурч мэдэх эрхээ эдэлж чадахгүй гээд асуудал орно.

  • Өөртэй чинь гар, бие, сэтгэл нэгдсэн сайн дурын хичнээн хүн хамт ажиллаж байна вэ?

Сайн дурын 187 гишүүн байсан. Харин сэтгэлийн хаттай, өрөвдөж уйлаад байх биш, архидан согтуурсан хүн агсам тавих зэрэг хүнд нөхцөлд ажилдаг. Үүнээс хамаарч цаашид хамт ажиллаж чадах 80 гаруй ажилтнууд сонгогдон үлдсэн байна. Эдгээр ажилтнууд нэг ч төгрөгний цалин авдаггүй, зөвхөн төв, цогцолборыг барих чин сэтгэл өвөртөлсөн залуус байна. Нэгдэж чадсан нь амжилт. Бид 32 сая төгрөгийн газрыг худалдан авч байна. Харин энэ суурин дээр Монголын томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөрөнгө оруулах нь хамгийн чухал байна. Бид хамтарч ажиллах бүх саналыг тавина, ямар ч байсан залуусын хүчинд газар авч байна.

  • Төрөөс ямар бодлого баримталж ажиллах, юунд анхаараасай гэж хэлмээр байна?

Хүүхэд хамгаалах хуулийг батлаад өгөөч ээ. Гэр бүлийн хуулийг батласан оновчтой байна гэвч сурталчлан таниулах хэрэгтэй байна. Хууль батлаад орхих бус таниулах. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль сайн хууль. Үүнийг сайн таниулах шаардлагатай байна. Хүүхэд хамгааллын бие даасан хуулиа баталчих. Гэмт этгээдийг хэрэг хийсний дараа биш урьдчилан сэргийлэх нь чухал байна. Хүүхдийн амь насыг хохироохоос өмнө олон удаагийн бусармаг үйлдэл гаргасан байгаа эцсийн дүнд аминд хүрээд байна. Иймээс хуулийг баталж, сурталчилах. Гэмт этгээд шоронд явж энэ бол сайн үр дүн биш.

Монголд олон улсын байгууллагаас хүчирхийллийн эсрэг ажил хийхээр ирдэг. Гэвч үнэндээ судалгаа буюу цаас бий болдог. Хэрэгжиж, хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Олон цаас үүнд нь хичнээн тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Хүчирхийллээс хамгаалах байр Монголд ердөө ганцхан байдаг. Тухайн байр нь 20 гаруйхан ортой 1000-ны 1%-д ч хүрэхгүй явцтай. Хүчирхийлэл гэдэг өөрөө хөрштэй. Хөрш айл нэртэй 107, 108 зэрэг утаснууд ажиллаж байгаа ч мэдээлэл ирэхгүй, өгөхгүй байна, 4 настай хүүхдийг заазуурдаж байна, гэнэт нэг өдөр заазуурдаагүй, өмнө нь зодож, гэмтээсэн байгаа хэдэн жил үргэлжилсэн гэдэг нь тодорхойгүй. Мөн хүүхдийг хамгаалах утасруу хэлэхэд даруй арга хэмжээ авахгүй дамжуулдаг. Цагдаа, эмнэлэг гээд ингээд цаг алдаж өнгөрсөн хойно цагдаа очих тохиолдол олон байна. Бид өнгөрч амь насгүй болсон хойно нь эх орон ч хүүхдэд хайртай хүмүүс гэнэт гарч ирээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй юм. Хүүхдэд ээлтэй хөрш, цахим гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Хүний наймаа, гудамжнаас бус интернэт, фейбүүк ашиглан хүнийг хууран мэхлэн гадагш гаргаад байна. Монголд хууран мэхлээд гадаадад гаргаад зарчихдаг. Гэмт хэрэг зөрчихгүй өөрийнх нь хүсэлт, өөрийнх нь биеэр, өөрийн паспортаар гаргачихдаг. Өндөр цалин, гадаадад сургах гэх мэтчилэнгээр авч яваад аймшигтай байдалд очиж, ордог. Очсон хойноо өөр улсын хуулийг зөрчдөг. Тэгэхээр наанаас нь маш олон зангиатай хүмүүс энэ ажлыг зохион байгуулалттай хийж байгаа. Энэ бүхнийг зогсоох эхний шат бол урьдчилан сэргийлэх ажлууд. Өнөөдөр хүүхдийг зодож байсан ч бид болон ТББ-ууд тухайн хүүхдийг авч явж болохгүй хууль эрх зүйн орчин байхгүй байгаад байна. Мэдээлэл хийх, илрүүлэх, цагдаа хүчний байгууллагуудтай хамтарч ажиллаж доривтой ажил хийх хэрэгтэй байна. Манай ТББ хувьд олон ажлуудыг хийж үүний тод жишээ сургуулиуд. Замын үүдийн хилийн боомтуудаар явж урьдчилан сэргийлэх ажлуудыг нилээн өргөн хэмжээтэй хийсэн. Одоо бид бодитой ажилд орж байна энэ нь хүүхэд хамгаалах, хүчирхийллийн байр барьж байна. Хүүхдийн цогцолбор байр, хүүхдийн боловсрол, хүүхдийн өдөр өнжүүлэх байр, сэтгэл зүйн хуулийн үйлчилгээний төв юм.

Баярлалаа.

Тус үзэсгэлэн нь аргачлал, шийдэлтэй.

Аргачлал: Дээрхи шалтгааны улмаас юуны өмнө эрх мэдэлтэн албан тушаалтнууд, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийнхэн маань бодит үнэн нөхцөл байдлыг нүдээрээ үзэж, харж, ойлгох хэрэгтэй юм. “Лантуун дохио” ТББ, “Тусгал” клуб хамтран хүүхдийн эрхтэй холбоотой “Ноцтой” баримтат гэрэл зургуудыг ил болгон тавьж 1000 удаа сонсоод ойлгодоггүй зүйлсийг гэрэл зургийн хүчээр олон нийтэд ойлгуулах, анхааралд нь авчирахыг зорьж байна.

Шийдэл

“Зэрэгцээ” ертөнц үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус бодит үр дүн, өөрчлөлтийг авчрах зорилготой юм. “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийг санаачлан СХД-н Баянхошууны зүүн салааны 3 хорооны уулзвар газарт хүүхдийн төлөө цогц байгууламжийг байгуулахаар ажиллаж байна. Үүнд дэлхийн Монголчууд аль хэдийн нэгдээд байгаа бөгөөд тус жишиг төвөөс эхлэн “Гарц, шийдэл” нээгдэнэ гэж итгэж байна.

2017.01.11-17-ны хооронд Ub Art Gallery-д үнэ төлбөргүй дэлгэж байна.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12