1994 онд Мэдээллийн Харилцаа ББХК нь Монголд анх удаа Интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл, Монгол улс Интернэтэд холбогдох цорын ганц гарц нь байлаа. Энэ үед Интернэтэд өдөрт 2 удаа холбогдож и-мэйлийн дамжуулалт хийдэг байв. 1995 оны 12 сараас газрын станц суурилуулснаар Интернэтэд онлайнаар холбогдох боломж бий болсон түүхтэй. Түүнээс хойш интернэт хэрэглэгчийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд үүнийг дараах хүснэгтээс харж болно.

Огноо

Хэрэглэгчдийн тоо

1996

500 гаруй

2005

9015

2006

10880

2007

14622

2008

42001

2010 онд 199.8 мянга байсан бол 2014 он гэхэд 1.9 сая болж, интернэт иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсноор “Тоон эдийн засаг”-ийн орчин Монгол Улсад бүрдэж эхэлж байна. 

Та бидний хэрэглэж байгаа интернэт үйлчилгээний талаар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний орлогч захирал Т.Сайнжаргалаас тодрууллаа.

- Өнөөдөр интернетийн зах зээлд хэчнээн байгууллага үйл ажиллагаа явуулж байна вэ?

- Өнөөгийн байдлаар интернетийн зах зээлд 65 байгууллага үйл ажиллагаа эрхэлж DSL, шилэн кабель, коксиал кабель, GPRS, 3G, EVDO, WiFi, Wimax, VSAТ технологи ашиглан хэрэглэгчдэд интернетийн үйлчилгээ хүргэж байгаа ба улсын хэмжээнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 2’517’700 хэрэглэгч интернетийн үйлчилгээ авч байна.

Нийт интернет хэрэглэгчдийн 83.09 хувь нь Улаанбаатар хотод, 13.96 хувь нь аймгийн төвүүдэд, 2.95 хувь сумдын төвүүдэд байна. Уг үйлчилгээнээс шилэн кабелиар хүргэж буй өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ гэж авч үзэх суурин интернетийн хэрэглэгчид 7%-ийг л бүрдүүлж байна.

Монгол Улсад буй 823’412 өрхөөс малчин өрх болон төвлөрсөн эрчим хүчинд холбогдоогүй өрхүүд нь суурин интернетийн хэрэглэгч болоход хүндрэлтэй байдаг. Иймд уг 537’682 өрхөөс 135’730 орчим өрх нь томоохон хот суурин газар болох Дархан, Эрдэнэтээс бусад газарт оршин сууж байгаа бөгөөд түүний 7,73% буюу 9’817 орчим өрх суурин интернетийн үйлчилгээг авч байна. Харин Улаанбаатар хотын хувьд 352’812 өрхөөс орон сууцанд оршин суудаг 134’206 орчим өрх нь дээрх үйлчилгээг ашиглаж байна.

- “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК Монгол улсыг интернетээр хангаж байгаа шүү дээ. Үйл ажиллагааны талаар уншигчдад тайлбарлаж өгнө үү?

- 2005 оны 7-р сард Улсын Их Хурлаас батлан гаргасан “Хувьчлалын хөтөлбөр”-өөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт бүтцийн өөрчлөлт хийж, холбооны сүлжээнд чөлөөтэй, нээлттэй, ялгаварлалгүйгээр холбогдох боломжийг холбооны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тэгш олгох үүднээс холбооны суурь болон салбар шугамын ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгаж сүлжээний бизнесийг дагнан эрхэлдэг болгох” гэж заасан. Энэхүү хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 08-р сарын 02-ны өдрийн 186 дугаар тогтоол, Төрийн Өмчийн хорооны 2006 оны 08-р сарын 22-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор “Мэдээлэл, холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсан. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ болох улс, хот хооронд, орон нутгийн дамжуулах байгууламжийн нэгдсэн сүлжээг эзэмшин, тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг хариуцдаг. Манай компани харилцаа холбоо, мэдээллийн салбарт үйлчилгээ эрхлэгч салбарын компаниуд төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийг нээлттэй, тэгш эрхтэйгээр түрээслэн, сүлжээний тасалдалгүй найдвартай байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Бид өөрийн шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан интернетийн бөөний урсгалыг оруулж ирж интернетийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудад борлуулж байна.

- Өнөөдрийн байдлаар интернетийн үнэ тариф ямар байгаа вэ?

- Монгол улс интернетийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 2016 оны 123 дугаар тогтоол, суурин өргөн зурвасын интернетийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл батлах тухай ХХМТГ/хуучнаар МТШХХГ/-ын даргын 2016 оны 40 дүгээр тушаал тус тус гарч хэрэгжиж, 2016 оны 4-р сарын 01-нээс хойш суурин өргөн зурвасын интернетийн зориулалтаар хот хоорондын сувгийг интернет урсгалын хамт 1Мбит/с урсгалыг 80,000 төгрөгөөр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад ижил үнэ тарифаар борлуулж эхэлсэн. 2016 онд Засгийн Газрын тохируулагч агентлаг Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газраас /хуучнаар МТШХХГ/- баталсан Суурин өргөн зурвасын интернетийн үйлчилгээний талаар бодлогын баримтлах чиглэлд “мэдээлэл татах хурд 1Mбит/сек-ээс багагүй, мэдээлэл илгээх хурд 300Кбит/сек-ээс багагүй байх хөдөлгөөнт бус интернет холболтыг суурин өргөн зурвасын интернет гэнэ” хэмээн тодорхойлж үйлчилгээний ялгааг тогтоосноос гадна Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж 21 аймгийн төвийг 1Гбит/сек багтаамжтай сүлжээнд холбоод байна. Бид өөрийн шилэн кабелийн сүлжээгээр дамжуулан интернетийн бөөний урсгалыг интернетийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад түгээдэг. Өнөөдрийн байдлаар хот, орон нутагт 23 интернетийн үйлчилгээ үзүүлэгч компанитай (ISP) гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлж байна.

- Орон нутгийн иргэдэд интернет  хүргэхэд хэрхэн анхаарч байна вэ?

- Интернетийн үйлчилгээг орон нутагт хүргэхэд чухал шаардлагатай Мэдээлэл, харилцаа холбооны шилэн кабелийн сүлжээний нийт урт 36381 км байна. Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Мобиком нэтворкс ХХК, Скайнэтворкс ХХК, Жемнэт ХХК, Улаанбаатар төмөр замын Бизнес үйлчилгээний Рэйлком төв зэрэг байгууллага үндсэн сүлжээ эзэмшиж мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 19 дугаар тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” батлагдаж, 2016 оноос эхлэн таван жилээр 3 үе шаттай хэрэгжинэ. Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр дэд бүтцийг хөгжүүлж ашиглалт, хүртээмжийг сайжруулах, тоон хуваагдлыг арилгаж, өргөн зурвасыг бүх нийтэд хүртээмжтэй болгох, тогтвортой хөгжлийг хангах зорилтуудыг дэвшүүлсэн.

I үе шат (2016-2020): Нийт хүн амын 70 хувийг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, газар нутгийн байршлаас үл хамаарсан ижил үнэ, тарифыг мөрдөж, Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах өндөр хурдны сүлжээгээр дамжих мэдээллийн урсгалын хэмжээг нэмэгдүүлэх.

II үе шат (2021-2025): Нийт хүн амын 90 хувийг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, хөдөө, орон нутгийн хүн амын 70 хувь нь өргөн зурвасын интернетийн үйлчилгээ ашиглах, төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 50-аас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлэх.

III үе шат (2026-2030): Нийт хүн амын 95 хувийг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 85-аас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлж, үндэсний хиймэл дагуул хөөргөн ашиглах.

Цаашид суурин өргөн зурвасын интернетийг хөдөө орон нутагт хүргэхэд үйлчилгээ үзүүлэгч компаниуддаа дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа. Энэ нь бүх нийтийн тоон хуваагдлыг арилгахад чухал хэсэг болох юм.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.