JCI Улаанбаатар байгууллага, Монголын Яаралтай Тусламжийн Хөгжлийн Нийгэмлэг хамтран 2017 оны туршид үргэлжлэх АНХНЫ ТУСЛАМЖ төслийг эхлүүлнэ.

Төслийн хүрээнд өрхийн эмч нар, сургууль цэцэрлэгийн эмч нарыг сургахаас гадна олон нийтэд цахим байдлаар мэдлэг түгээх юм.

Хөгжиж буй улс орнуудад хурдацтай хотжилт явагдаж буйтай холбоотойгоор зүрхний шигдээс, тархины харвалт, хордлого, халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна. Мөн 2030 он гэхэд зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоо нийт нас баралтын 5 дугаарт бичигдэнэ гэсэн төлөв ч бий. Дээрх тохиолдлууд нь аварч болох боломжтой өвчлөл юм. Ингэхийн тулд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг хурдацтай, тогтвортой өргөжүүлэх шаардлага гарч байна.Манай улсын тухайд осол гэмтэлд өртөгсдөд газар дээр нь үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээ хангалтгүй гол төлөв тээвэрлэх маягаар ажиллаж байгаа.

Тиймээс АНХНЫ ТУСЛАМЖ төслийг JCI Улаанбаатарын гишүүд хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Төслийн хүрээнд анхны тусламжийн талаар өрхийн эмнэлгийн эмч, сувилагч, сургууль цэцэрлэгийн эмч нарт мөн ард иргэдэд мэдлэг олгох замаар тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, анхны тусламж үзүүлэгчийн чадавхийг сайжруулна. Мөн анхны тусламжийн аргачлал, заавар зөвлөмжийг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор гар утсанд зориулсан анхны тусламжийн апплекейшн хийхээр төлөвлөөд байна. Ингэснээр ухаалаг утастай хүн бүр яаралтай тусламжийг газар дээр, цаг алдалгүй нь өөрөө хийж сурахад дөхөм болох юм. Монголын Яаралтай Тусламжийн Хөгжлийн Нийгэмлэгийн зүгээс БГД, ХУД-ийн өрх ба цэцэрлэг, сургуулийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаснаар нийт 350 мянга орчим хүнд болон сургууль, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд яаралтай тусламжийг чанартай үзүүлэх, золгүй тохиолдлын улмаас учрах эрсдэл, түүний тохиолдлын тоог бууруулах юм.