УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад нийт 65 суудалтай болсон билээ. Сонгуулиар үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, түүнтэй холбоотой томилгоонд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын фракци хүчтэй байж, дийлэнхи чухал албан тушаалын томилгоог өөрийн багтаа болон Сү.Батболд,С.Баяр, У.Хүрэлсүх нарт ашигтайгаар шийдүүлсэн нь нууц биш. Гэсэн хэдий ч өнөөдөр МАН-ын дотоод асуудал тун хүнд болж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.  
 
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа нь нэгэнт хэн бүхэнд ил болсон зүйл. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ыг хэн буюу аль фракци удирдах вэ? гэдэг өрсөлдөөн тус нам дотор хүчтэй өрнөж байна. Ерөнхий сайд асан Сү.Батболдын удирддаг фракци УИХ, Засгийн газарт маш хүчтэй нөлөөлөхийн сацуу МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд бүх ресурсаараа дэмжин,тэр бүү хэл  МАН-ын даргаар цаашид хэн ажиллахыг ч М.Энхболдтой зөвшилцөж болно гэсэн сайхан амлалт өгч буй тухай эх сурвалж өгүүлж буй юм.  Гэхдээ тэдний хариу шан нь Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох хэлэлцээрийг түргэвчлэх явдал байж мэднэ.
 
Харин МАН дотор харьцангуй нөлөө багатай байсан "сөрөг хүчин" сүүлийн үед илт хүчирхэгжих болжээ. УИХ-ын анхдугаар чуулганы үеэс л Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар намынхаа удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж байсан бол өдгөө Засгийн газарт үе үе хүчтэй шүүмжлэлт агуулга бүхий мэдээллийн "цохилт" өгөх болж, энэ нь бүр тогтмолжиж эхэлсэн байна. Тэр бүү хэл өчигдөр УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ажлын хэсэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой мэдэгдэл хийсэн нь хүртэл уг МАН доторхи  "сөрөг хүчний" голлон зохион байгуулсан ажил байж мэдэх гэнэ. Учир нь өнгөрсөн Даваа гарагт буюу  ердөө ганцхан хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа албан ёсоор мэдэгдэл хийж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг буцаж төрд авах асуудал огт байхгүй, тэр бүү хэл ийм яриа гарах нь хүртэл эдийн засагт муугаар нөлөөлнө хэмээсэн билээ. Харамсалтай нь ердөө ганц хоногийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийнх нь тодорхойлсончилон  гадаад дотоодын харилцаанд сөргөөр нөлөөлөх мэдэгдлийг Ц.Нямдорж, Ш.Раднаасэд тэргүүтэй намынх нь гишүүд бахархалтай нь аргагүй хийж орхив. Ийнхүү УИХ-ын сонгуулиас хойш удтал "хөшигний" цаана байсан МАН-ынхны үл ойлголцол ил болж байна.
МАН дахь "сөрөг хүчин"-д УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр,Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин нарын улс төрчид багтаж буй ажээ.
 
П.Энхмандах