Сая хэсэг ордос оюутны:
-Архийг шаахаар, усыг нь шаа!
-Усыг нь шаахаар, лажууг нь шаа!
-Тэрийг шаахаар, шуан рон лажиан шаа!
-Уудгийг нь биш, утааг нь шаа!
-Тэдгээрийг биш, будаагаан шаа!
 
-Бүгдийг нь шаа! гэж хэлсэн бичлэг сүлжээнд түгж, манай иргэн олон залуусын үзэн ядаж, жигшиж байгаа гэж жигтэйхэн. Хятад үг хэллээ гээд тэгээд байгаа юм уу гэтэл, үгүй (Нэг оюутан залуу лажуу гэсэн бол нэг охин сармис, чинжүүтэй соус дээрхи 蒜蓉辣酱 гэснийг хараад хятадаар уншжээ). Шаа гэж хэллээ гээд тэгж их айхавтар жигшээд байгаа юм гэнэ.
 
Энэ оюутнууд архи уухгүй, байгаа юмаа ууж идээд хөгжилдөж бай, ядаж архи уухын оронд тамхи татаж бай гэсэн л юм хэлсэн байх юм. Ордос аялгуунд шаа гэх үгийг халх аялгуу шиг л өргөнөөр хэрэглэнэ. Манайд ч гэсэн идэж уухыг шаа гэж хэлдэг. Халх аялгуунд бараг бүх үйл үгийг шаа гэх үгээр орлуулж болдог, эсвэл үйл үгтэй холбож хэлдэг. Хятадад ши гэх олон утгат ганц үеээр 81 үгтэй шүлэг бичсэн байдаг гэдэг шиг, хэтрүүлж хэлбэл шаа гэдэг үгээр манайд тэгж болохоор.
 
Гэхдээ шаа гэх үгийг Ордост бол эгэл монгол үг гэсэн утгаар нь хэрэглэдэг. Манайд бол цээртэй хараал, этгээд хэллэг, гудамж, шоронгийн үг маягаар хэрэглэнэ. Ид уу гэх жирийн үг хэлсэн ордос оюутнуудад асуудал байна уу, эрэмдэг гаж байдлаар хэрэглэдэг бидэнд учир байна уу. Бидний энэ бусармаг байдлыг тэд мэдээд бидэнтэй адил бохир үг яриатай болох хэрэгтэй юу, үгүй юу.
 
Шаа гэдэг нь урт хатуу зүйл өөр зүйл рүү орох гэсэн анхдагч эгэл утгатай болохоор салбарлаад цохих, нэвтрэх, дайрах гээд бас өөр утгуудтай болсон байна. Бусад тохиолдолд манайд оросын матерщина буюу махчилбал эхийн ёс гэж байгаа юм шиг нэртэй, үзэшгүй муухай хараал эрүүжсэн большевизмтай хамт дэлгэрч, шаах гэх мэт үгээ түүнд зориулан золиослож, цээртэй хараал болгочихсон болохоор л урьдын адилаар, энгийн байдлаар хэрэглэж чадахаа больчихсон юм шүү дээ. Е..ть гэдэг мат хараалтай адил болгосон. Одоо тэгээд, хэн нь хэнийгээ бүдүүлэг тэнэг гэж шоолох вэ? Ид уу гэсэн үгийг манайхан юу гэж хүлээж аваад байна? Тийм чихтэй, ухамсартай, ертөнцтэй болчихсон.
 
Өнөөгийн Монгол улсын иргэн гэдэг нь эсрэг тэсрэг нь хэтийдсэн хурцадсан байдаг болж. Халхын голын тулалдаанд Монголын нэг офицер “Шууд шаа!” гэж командалсан гээд л бахархах ч янзтай. Тэр шаах маах, пи... на... гэсэн үгэндээ дургүй юм уу гэвэл бас тийм биш, дуртай болоод л салахгүй бүх юманд хэрэглээд байгаа. Хэлэхгүй л бол утга санаагаа хэлж илэрхийлж чадахгүй хүн ч чамгүй олон.
 
Удахгүй ордос оюутнуудын яриа гээд жигшээд байгаа зүйлээ бүгд хавтгай хэлнэ, залхаана, гэхдээ нөгөө л бохир утга, сэтгэлгээгээрээ шүү дээ. Саяхан Монгол улсад нэг сайхан хип-хоп дуу гэж шагшигдсан үглэл гарлаа. Пи... на...-гаар дүүрэн. Юу нь сайхан байгаа юм? Хаана ч ийм дуу түгэхгүй. Орос улсад ч тарахгүй. Оросод тийм дуу гээд олонд цацвал хэдэн жил шоронд хоригдож болно. Гэмт хэрэг юм байна шүү дээ, угтаа.
 
Олон аялгуугаараа монгол хэл баян. Сурч мэдэх ёстой. Монгол аялгууд хүрээндээ хэрэглэгдэх ёстой, мөн аялгууд нийлж их монгол хэлийг бүтээж байх ёстой. Өвөр Монголд явалдах гэдэг нь нөхөрлөх гэсэн утгатай, манайд хамт явах гэсэн утгатай байснаа мат шинжтэй болжээ. Өвөр монголчуудыг шоолох ч юм уу, тийм үг хэлэв гэж дургүйцэх нь юм мэдэхгүйн л шинж болохоос, үндэслэлгүй юм.
 
Зай тавьж өгөөч гэхийг Өвөр Монголд зайл гэж хэлэх нь тохиолдно. Нутгийн аялгуунд бол жирийн л үг, монгол хэлний зүйн үүднээс авч үзвэл уг нь зөв л хэрэглэж байгаа юм. Манайд үзэл сурталжаад “Сириэс зайл!” энэ тэр гээд эрс хатуу лоозон үг болчихсон болохоос. Гэр бүл болохыг өвөр монголчууд мордох гэнэ. Тэр хачирхаад байгаа үгс нь халх аялгуунд бага тохиолдох болохоос, хэлж хэрэглэж л байдаг. Хэрэв олон аялгуугаа мэддэг бол гайхаад байх зүйл үгүй. Дандаа бүсэлхээс доогуур юм бодож явдаг тархи оюунаа л өөрчлөх ёстой.
 
http://mongoltoli.mn/search.php?opt=1&word=%D1%88%D0%B0%D0%B0%D1%85
 
 
Ч.Мөнхбаяр