Монгол улсын хэмжээнд 58 хүүхэд асрах газар байдаг. Тэдгээр ганц нь буюу “Өнөр бүл” хүүхдийн төв л улсынх. Энэ төвд өнөөдрийн байдлаар 2-18 насны нийт 155 бүтэн өнчин, олдмол, хягдмал, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, асран хамгаалагчийн хайр халамжаас гадуур эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч байгаа хараа хяналтгүй хүүхдүүд  түр болон  урт хугацааны  нийгэмшүүлэх, хөгжүүлэх, хамгаалах, үйлчилгээнд хамрагдаж байна. Гэвч тус төвийн барилгын насжилт хэтэрсэн,  хүүхдүүдээ зөөх унаа тэрэгнээс эхлээд асуудал олон байна.

Өнөөдөр 5000 орчим хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх төвд байлгах шаардлагатай байдаг. Гэвч тэдгээрийн  155 нь л улсын  асрамжийн газарт байна. Цөөнгүй хүүхэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн, олон улсын эсвэл шашны  байгууллагын  хүүхэд асрах төвд хүмүүжиж байна. Тэгвэл цорын  ганц улсын  эзэмшлийн  “Өнөр бүл” төв. Энэ төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд  асар их бэрхшээл гардаг.  Гэвч үүнийг  тус төвийн багш ажилтнууд эрвийх дэрвийхээрээ зохицуулдаг.

“Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч байгаа хүүхдүүд  есөн цэцэрлэг, найман сургуульд явдаг болохоор хүргэж өгөх, авах зайлшгүй шаардлагатай. Гэвч хүүхдүүдээ хүргэж өгөх, авахад бэрхшээлтэй байдаг. Учир нь  хүүхдүүдийг хүргэж өгөх авахад тус төвд хоёр микро автобус байдаг байсан.  Гэвч нэг нь өндөр настай тул ашиглалтаас гарсан.  Нөгөөг нь түрж байж асдаг. Заримдаа асахгүй байх ч тохиолдол бий. Ингээд ганцхан микро автобусаар  хүүхдүүдийг сургуульд нь зөөдөг.

Номын санд номын хүрэлцээ тааруу, сургалтын зарим хэрэгсэл хүрдэггүй гэх мэтчилэнгээр өдөр тутмын үйл ажиллагаанд нь олон асуудал бий. Хэдийгээр энэ төвийн үйл ажиллагаанд төсөв баталдаг ч тэр нь хаанаа ч хүрдэггүй ажээ. Харин сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар урсгал засвар хэсэгчлэн хийж өгөх, бараа материал өгөх зэргээр  урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхөөс өөр арга байдаггүй. Тухайлбал, сайд нарын гэгдэх 2-р эмнэлэг тус төвийн хүүхдүүдэд очер дугаар харгалзахгүй үзлэг оношлогоо хийхээр болсон. АСЕМ-ийн үеэр хэрэглэж байсан ширээ сандлуудаас ГХЯ илүүчилсэн байгаа юм. Иргэд, ААН байгууллагууд  тус төвд тусалдаг гэж байгаа. Гэхдээ үүгээр бүх асуудал шийдэгдэхгүй.  

“Өнөр бүл” төв 155 хүүхдийн гэр болохоор тэднийг аль болох тухтай байлгахыг  багш ажилчид нь зорьдог.  Тиймдээ тусалж дэмжихийг хүссэн иргэдээр  хүүхүүдийн өрөөг ээлжилж тохижуулж байгаа.  Мөн тус төвийн багш нар өөрсдөөсөө мөнгө гаргаад хүн хөлслөхгүйгэр алх хадаас, бийр барин  тохижуулж байгаа.

 

 

 

Энэ бүхнийг  багш ажилчид нь хандивын мөнгөн дээр нэмэр болгох үүднээс өөрсдийн цалин мөнгөнөөс хасан байж хэдэн хүүхдүүдийнхээ төлөө хийсэн гэж байгаа. Улсаас жилд хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Гэвч үүний тал хувийг нь багш, ажилчдын цалинд хуваарилдаг. Үлдсэн хэсгийг нь хоол унднаас эхлээд урсгал зардалд зарцуулдаг болохоор хүүхүдүүдийн  гэрийг үүнээс илүүгээр тохижуулах боломж олддоггүй байна,

155 хүүхдийн гэр орон болсон уг газарт нэг том асуудал байгаа.  Өнөөдөр нэг өрөөнд 3-4 хүүхэд байдаг. Уг нь олон улсын стандарт гээд ярих юм бол тэр өрөөнд 1-2 хүүхэд л амьдрах учиртай тэдэнд. Мөн уг төвийн барилгад ашиглалтын 34 жилийн хугацаанд иж бүрэн их завсар хийгээгүй. МХЕГ-аас хийсэн  шалгалтын дүнгээр эрсдлийг 30.4 хувь буюу “дунд” эрсдэлтэй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл  иж бүрэн засвар хийхгүй бол  нурах эрсдэл нэмэгдсээр байх болно гэдгийг  ойлгуулсан юм. Хувь, хүн албан байгууллагуудаас хандив тусламж нь голдуу хүнсний болон хувцас хэрэглэл байдаг гэнэ.

Тус барилга нь сурагчдын дотуур байр буюу байнга байрлах байр бус түр байрлах байрны зориулалттай. Гэтэл хүүхдүүд байнга байрлаж байгаа нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Ийм байхад  улсын ганц асрах төвийн байр  ашиглалтаас гарах гэж байгаа нь  тэнд хүмүүжиж байгаа  155 хүүхдийн ирээдүй бүрхэг болж байгаа юм.  

“Өнөр бүл” төвийн өмнө тулгамдсан асуудал үүгээр дуусаагүй. Бид зөвхөн зах зухаас нь л дурдлаа. Хүүхэд баярлуулах 10 насны буян гэж ярилцдаг. Тиймээс бизнесмэнүүдэд хандан уриалахад та бүхэн “Өнөр бүл” төвийн үйл ажиллагаатай танилцаад, багачуудтай нь нэг өдрийг өнгөрүүлээрэй. Түүний дараа танд нэг зүйл бодогдох байх. Мөнгө биш юмаа гэхэд гарт баригдаж, нүдэнд харагдахуйц хандив өгөхийг хүссэнийг уламжлъя. Хэдийгээр улс орны эдийн засаг хямралтай байгаа ч сэтгэл байвал болохгүй зүйл үгүй. Нэг ч хүүхэд анхаарлын гадна үлдэх ёсгүй. 155 хүүхдийн төлөө төрийн эрх баригчид анхааралдаа авна бизээ...