Японы нийслэл Токио хотод төвтэй, дэлхийн санхүүгийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийдэг томооохон сонин болох "Nikkei Asia Review"-гийн тоймч Кэн Койанаги Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар бичсэнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
 
ТОКИО. /Nikkei/. Уул уурхайн салбарт түшиглэсэн Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсч байлаа. Харин ашигт малтмалын үнийн супер мөчлөгийн улмаас Монгол Улс үүнээс ердөө хэдхэн жилийн дараа гадаад өрийн хямралд ороод байна.
 
Гэхдээ дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш сэргэж, ОУВС-гаас тусламж авснаар хүнд үеийг даван туулна гэж олон хүн найдаж байна.
Эдгээр боломж нь ард түмэн болон бизнес эрхлэгчдийн удаан хүлээсэн тогтвортой байдлыг бий болгож, энэ улс орныг хөл дээр нь босгож чадах болов уу?
 
Нэгдүгээр сарын дундуур үдээс хойш 16:00 цагийн үед Монголын нийслэл Улаанбаатар хотод агаарын температур цельсийн -30 орчим хэм байв.  Хүйтнийг үл хайхран хотын захын гэр хорооллын оршин суугчид замын хажуугийн худгаас түрдэг тэргээр савтай ус зөөж байгаа нь харагдана.
Гэр хороололд 700 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд тэдний ихэнх нь тарчигхан амьдралтай. Гэр хороолол нь усан хангамжийн системд холбогдоогүй учир оршин суугчид ойролцоох худгаас ундны усаа зөөхөөс өөр сонголт байхгүй.  1 л ус нь 1 төгрөг буюу 0.04 центийн үнэтэй.
 
Орон сууцны асуудал 
 
Коммунизмын үеэс хойш буюу газар өмчлүүлэх тухай шинэ хуулийн хүрээнд иргэн бүр хот суурин газарт 0.07 га газрыг автоматаар өмчлөх эрхтэй болсноор гэр хороолол хурдацтайгаар хүрээгээ тэлж эхэлсэн юм. Мөн малчид үр хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлж, аж амьдралаа сайжруулах зорилгоор 1990 оны сүүлчээр нийслэл хот руу цувж эхэлжээ. Ингээд тэд хотод хашаа барьж, гэрээ барин суурьших болсон байна.
 
Монголын газар өмчлүүлэх бодлого болон хот төлөвлөлтийн бодлого нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байлаа. Тус улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаа гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангахаас өөрөөр ямар ч дэд бүтэц байгуулаагүй байна. Энэ улсын нийт хүн ам буюу 3.1 сая хүний тавны нэг гаруй хувь нь амьдардаг гэр хороололд сантехникийн шугам хоолой, цэвэр бохир усны шугам, хатуу хучилтай зам, гудамж байхгүй.
 
Өнөөгийн санхүүгийн хямрал нь гэр хорооллын оршин суугчдад хамгийн хүндээр тусч байна.
 
 
Гэр хорооллын захад нэгэн жижиг супермаркет байна. Энэ дэлгүүрийн менежер болох 53 настай Төгсзаяа “миний мэдэх 10 хүн тутмын 8 нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд ачаа зөөж, ачааны машин жолоодож байгаад ажилгүй болсон. Шинэ жилээр хүмүүсийн ихэнх нь тансаглахаа больсон байна. Тэд бялуу ч авч чадахгүй болжээ. Зарим нь гол нэрийн бүтээгдэхүүнийг хувааж, таллаж авах дээрээ тулсан байна. Талхыг хүртэл таллан авч байна. Одоо дэлгүүрт хэдэн хэрэглэгч байгааг та хар даа!” гэж ярилаа.
 
Хүмүүс өндөр цалинтай, тогтвортой ажилд орох шаардлагыг хангах хэмжээний боловсрол эзэмшээгүй нь энэ бүхний нэг шалтгаан юм. Гэр хороололд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа энэ үед малчин байсан хүмүүст зориулсан сургалтын төвүүдийг бий болгоно гэдэг холын мөрөөдөл биз ээ.
 
Илүү томоор зураглан харах нь
 
Урт хугацааны төлөвлөгөө, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт дутмаг байгаа нь Монголын эдийн засгийн бүтцэд тусгалаа олжээ.
2015 онд 11.7 тэрбум доллароор хэмжигдэж байсан тус улсын ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар, ердөө 9-хөн хувийг нь аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байв. Зэс, алт, төмрийн хүдэр болон бусад металл тухайн онд экспортын 67 хувийг, нүүрс болон газрын тос 23 хувийг бүрдүүлж байсан юм.
 
Эдийн засгаа солонгоруулах нь Монголын хувьд хямралаас холуур байх гол арга зам юм. Мөн тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх, судалгаа хийхэд санхүүжилт гаргах зэргээр өргөн цар хүрээг хамарсан, урт хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
 
 
Монголын эдийн засагт эрсдэл учруулж буй өөр нэгэн тодорхой хүчин зүйл бол Хятадаас хэт хамааралтай байдал юм.  Хятад бол Монголын худалдааны гол түнш. 2015 онд экспортод гаргасан Монголын бараа бүтээгдэхүүний 83 хувийг Хятад улс худалдан авсан бол монголчуудын импортолсон бараа бүтээгдэхүүний 36 хувь нь урд хөршийнх нь байв.
 
Худалдааны түншүүдээ олшруулахын тулд Монгол Улс аж үйлдвэрийн салбараа төрөлжүүлээд зогсохгүй бусад улс оронтой холбогдох тээврийн дэд бүтцэд илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
 
Шинэ оны эхний өдөр Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Иу хотоос Их Британийг зорин хөдөлсөн ачаа тээврийн анхны галт тэрэг Монголоор дайралгүйгээр нэгдүгээр сарын сүүлчээр Лондонд ирсэн. Хэрвээ Монгол Улс ийм төмөр замын шугамтай байсан бол энэ мэт чиглэл нь тус улсын эдийн засгийг өсгөх цорын ганц боломж болохоор байлаа.
 
Ард иргэддээ боловсрол эзэмшүүлэх, дэд бүтэц барих зэрэгт хөрөнгө оруулалт хийхгүй байна гэдэг нь Монголын Засгийн газрын данс мөнгөөр дутмаг хэвээр байна гэсэн үг.
 
 
Алдагдсан боломжууд
 
Өнгөрсөн 17 жилийн хугацааны таван жилд нь буюу ашиг малтмалын үнийн өсөлтийн мөчлөгийн үед Монголын ДНБ хоёр оронтой тоогоор, зургаан жилд нь 5-аас дээш хувиар өссөн юм. 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 2000 оны үеийнхээс найм дахин өсөн 3967 ам.доллар болсон бол 2013 онд 4000 доллар болж оргилдоо хүрч байв.
 
Сүүлийн жилүүдэд засгийн газрын орлого ч 2000 оны эхэн үеийнхээс 500 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэн 5 их наядаар хэмжигдэх болсон.
2008 оны санхүүгийн хямралаас гарахын тулд ОУВС-гаас тусламж авч байсан ч 2011 оноос тус улсын Засгийн газар болон засгийн газрын харьяа аж ахуйн нэгжүүд гадаад валютын бонд гаргаж, олон улсаас зээл авах замаар хэдэн тэрбум долларыг босгосон юм. 2.5 тэрбум доллар байсан улсын гадаад ор 2010 оны эцэс гэхэд ДНБ-ий 31 хувьд, 2016 онд ДНБ-ий бараг 85 хувьд хүрч эрс нэмэгджээ.
 
Бондоор босгосон, зээлээр авсан бүх мөнгө хаачив?  Ганцхан үгээр хэлье. Энэ бол "авлига".
 
Монгол Улс 70 жилийн турш ганц намын тогтолцоотой байсан бөгөөд Зөвлөлтийн дагуул байсан тус улсыг МАХН удирдаж байв. Коммунист тогтолцоо нуран унаснаар тус улс 1990 онд анхны ардчилсан сонгуулиа хийсэн юм.
 
Өөрөөр хэлбэл, Монгол бол залуу ардчилалттай улс бөгөөд сонгуулийн үеэр фракцуудын хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл хүчтэй өрнөсөөр байна. Улс төрчид дахин сонгогдохын тулд иргэдэд бэлэн мөнгө амлах нь түгээмэл үзэгдэл болжээ.
 
 
Тухайлбал, 2008 оны сонгуулийн сурталчилгааны үеэр сөрөг хүчин болох Ардчилсан нам болон эрх баригч МАН-ын аль аль нь “Монголын иргэн бүрт” 1-1.5 сая төгрөгийн /406-609 доллар/ эх орны хишиг хүртээнэ гэж амласан юм.
 
Эцэст нь Эвслийн засгийн газар иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж мэдэгдсэн юм.  Өөрөөр хэлбэл, эрх баригчид 2008 оны ДНБ-ий 65 хувийг иргэдэд зүгээр тарааж өгсөн гэсэн үг.
 
Ерөнхийдөө 2010-2012 онд нийт хүмүүст бэлэн мөнгө тараасан нь тус улсын төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, эцэст нь гадаад өрийн хямралд оруулсан гэхэд болно.
 
Сонгуулиар бэлэн мөнгө амлахыг хориглох тухай хуулийг 2012 онд баталсан хэдий ч улс төрчид хуулийн цоорхойг ашигласаар байна.  
Монголын Засгийн газар ашиг сонирхлын зөрчилд идэгдээд байна. Тухайлбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нь үл хөдлөх хөрөнгийн хамгийн том конгломерат болох “Хурд” группыг эзэмшдэг бөгөөд тус улсын хамгийн баян хүмүүсийн нэг юм. Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт бол замын томоохон компанийн захирал. Энэ хоёр эрхмийн эзэмшлийн компаниуд нь улсын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.
 
“Сайд нар болон засгийн газрын албан тушаалтнууд бол бүгд ашигтай бизнес эрхлэгчид. Тэд засгийн газрын албан тушаал хашиж байх хугацаандаа өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж байна” гэж эдийн засагч Х.Батсуурь хэлэв.
 
Монголд авлига ингэж өргөн тархсан нь гадаадын хөрөнгө оруулагчид болон тусламж хандивлагчдыг нэг бус удаа гонсойлгож, урмыг нь хугалаад байна.
 
 
Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банк 2011 онд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд эрсдлийн сан байгуулж, дараа жил нь буюу 2012 онд 5 жилийн хугацаатай 580 сая долларын бонд гаргасан. Бондын мөнгийг парламентын хяналт дор аж үйлдвэрийн бүсийн хөгжил болон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой байсан юм. Гэвч 2013 оноос Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал /АН-аас томилогдсон/ парламентын зөвшөөрөлгүйгээр санхүүжилтыг ашиглаж эхэлжээ. МАН өнгөрсөн оны зургадугаар сард төрийн эрхэнд гарснаар 10 дугаар сард түүнийг авлигын хэргээр баривчилсан юм.
 
Хөгжлийн банкны бондын өрийг ирэх сарын 21 гэхэд төлөх ёстой. Монголын Засгийн газар ОУВС-гаас тусламж авч, өрөө хугацаанд нь төлж, хямралыг даван туулж чадах эсэхийг олон улсын зээлдүүлэгчид болон тусламжийн байгууллагууд нухацтай ажиглаж байна.
 
Эерэг талаас нь харахад 
 
Дүр зураг хүндхэн харагдаж байж магадгүй хэдий ч ертөнцийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг болох Улаанбаатараас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зарим нэг таатай мэдээ дуулдах болсон юм. Тус улсын эдийн засгийн таагүй дүр зураг өнгөрсөн оноор дуусгавар болсон байж магадгүй.
Монголын Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаа “2016 онд төсвийн алдагдал ДНБ-ий 15 орчим хувьтай тэнцсэн” гэв. Өнгөрсөн оны сүүлчээр ашигт малтмалын үнэ сэргэсний ачаар өмнө нь тооцоолж байсан 18 хувиас бага үзүүлэлттэй гарсан аж.
 
Мөн 2016 онд засгийн газрын орлого есдүгээр сард тооцоолж байснаас хагас их наяд төгрөгөөр илүү гаран 5.85 их наяд төгрөгт хүрсэн гэсэн тооцоог гаргажээ.
 
Өнгөрсөн оны 11 болон 12 дугаар сард алт ба нүүрсний үнэ болон экспорт нэмэгдсэн байна. 11 дүгээр сард экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ гэнэт нэмэгдсэн нь 2016 оны сүүлчээр эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлжээ.
 
Ашигт малтмалын экспортын салбарт гарсан эдгээр эерэг өөрчлөлтийн дүнд Монголын эдийн засгийн 2016 оны өсөлтийн хувь Азийн Хөгжлийн банкны тооцоолсон 0.3 хувиас ялимгүй өндөр хувьтай гарч магадгүй.
 
 
Монголбанк зургадугаар сард болсон парламентын сонгуулийн дараа мөнгөний бодлогыг чангатгаснаар 2016 оны сүүлчийн хагаст инфляцийг барьж чадсан юм.  Инфляцийн түвшнийг бууруулснаар төгрөгийн гадаадын томоохон валютуудтай харьцах ханш сулраад байсныг 50 хувиар сэргээж чадсан.
Монголын эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр хувиар буюу 17 хувиар өсч байсан 2011 оны хавар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1200 хүрэхгүй шахуу байсан билээ. Гэхдээ тэр үеэс хойш төгрөгийн ханш суларсаар байна.
 
 
Ашигт малтмалын зах зээлд байдал сайжирвал Монголын эдийн засагт ихээхэн түлхэц болж, тус улсын Засгийн газар зээл авах боломжтой болно. МАН шаардлагатай олон тооны шинэчлэлийг хэрэгжүүлсээр байна. Үүний дүнд ОУВС энэ сарын дундуур гэхэд Монголд хоёр дахь удаагаа тусламжийн гараа сунгаж магадгүй. Одоогоос бараг 10 жилийн өмнө буюу 2009 онд тус сангаас Улаанбаатар анх удаагаа тусламж авч байсан юм.
 
Хоёр дахь боломж
 
Энэ он Монголын хувьд муугүй жил болох төлөвтэй байна. Гэхдээ тус улс ирэх таван жилийн хугацаанд 2 тэрбум гаруй долларын гадаад өрийг төлөх ёстой бөгөөд эдийн засгийн бодит эргэлт хийхийн тулд зарим нэг өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.
 
Санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Morgan Stanley” корпорацийн эдийн засагч Ручир Шарма “Улс орнуудын өсөлт ба уналт” номондоо “хөгжиж буй улс орнууд улс төрөөс илүүтэйгээр мэдээлэл, харилцаа холбооны технологи, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа зэрэг үр бүтээлтэй аж үйлдвэрийн салбарт анхаарлаа хандуулах нь чухал” гэж онцлон тэмдэглэжээ. Монголын хувьд аз болоход, аж үйлдвэрийн “сайн” салбарууд нэмэгдэх хандлагатай байна.
 
Өдгөө 37 настай компьютерын мэргэжилтэн болох А.Ууганбаатар Япон улсад програм хангамжийн инженерээр зургаан жил ажилласны эцэст 2013 онд эх орондоо иржээ. Чихрийн шижинг эрт оношлох зөөврийн тоног төхөөрөмж зохион бүтээж, зах зээлд нэвтрүүлэхийн тулд А.Ууганбаяр Японд ажиллаж байсан инженер залуутай хамтран “Бэрс Солюшн” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.
 
 
Чихрийн шижин бол Монголд насанд хүрэгчдийг үхэлд хүргэж байгаа хоёр дахь томоохон хүчин зүйл юм. Чихрийн шижинг оношлох эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд дутагдалтай байгаагийн улмаас олон хүн энэ өвчнөөр хорвоог орхисоор байна. “Бэрс”-ийн бүтээгдэхүүний ачаар өвчтний мэдээллийг томоохон хотын эмнэлэг рүү илгээх замаар алсаас оношлох боломжтой.
 
Өөрийн бизнесээ өргөжүүлэн улс орныхоо технологийн салбарын хөгжилд тус дэм болохыг хүсч байна гэж Ууганбаатар ярилаа. Тэрбээр хэдэн хэдэн шинэ инженерийг ажилд авч, ойрын ганц хоёр жилийн дотор шинэ төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн тэрбээр ойрын хугацаанд хамтарсан хөрөнгийн сан байгуулах бодолтой байгаа аж.
 
Мэдээлэл технологи бол Монголд хөгжих боломжтой, уул уурхайгаас хамааралгүй салбаруудын нэг юм.
Европын Сэргээн босголт, хөгжлийн банк болон Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны эцэс гэхэд Монголын говьд арилжаааны зорилгоор салхин цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа Монголын “Ньюком” компанийн охин компани болох CLEAN ENERGY Asia” компани болон Японы “SoftBank” групп өнгөрсөн оны есдүгээр сард зарлажээ.
 
“SoftBank”-ны тооцоолсноор, Азийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг бүхэлд нь хангах хэмжээний нар болон салхин эрчим хүч үйлдвэрлэх боломж Монголд бий.
 
Бүс нутгийн бусад улстай Монголыг эрчим хүчний эх үүсвэрээр холбох "Aзийн супер сүлжээ" төслийн хүрээнд Хятад, Өмнөд Солонгос болон Оросын түншүүдтэйгээ хамтран техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг “SoftBank” групп хийжээ.
 
Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бололцоо мөн бий бөгөөд тус улсын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид загварын салбарт өөрсдийн байр сууриа бататгаж, хүрээгээ тэлэх арга замуудыг эрэлхийлсээр байна.
 
МУИС-ийн эдийн засгийн профессор Ч.Хашчулуун хэлэхдээ “эдийн засгийн хөгжлийг жолоодох боломж хувийн салбарынханд  байна” гэж онцлон тэмдэглэлээ.
 
 
Ашигт малтмалын салбарын өсөлтийн сүүлийн давалгааны үед Монгол Улс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах боломжоо алдсан. Харин одоо дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ дахин сэргэж байгааг Монголын Засгийн газар ашиглан шинэчлэл хийж, эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд хувийн салбаруудаа дэмжих хэрэгтэй. Монголын хүлээж байсан хоёр дахь боломж нь энэ байж болох юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг