Ерөнхий сайд асан Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзсан өргөдлөө өчигдөр өгсөн нь шинэ дуулиан болов. Энэ удаагийн парламентад УИХ-ын гишүүнээсээ татгалзсан хоёр дахь тохиолдол бүртгэгдэж ярианы халуухан сэдэв гарч ирлээ. Өмнө гишүүнээсээ татгалзсан тохиолдол нь МАН-аас сонгогдсон У.Хүрэлсүх. Харин одоо АН-аас сонгогдсон Р.Амаржаргал гишүүнийхээ эрхээс татгалзаж байгаа нь хоёр дох нь болж байгаа юм.

У.Хүрэлсүх гишүүний хувьд жагсаалтаар сонгогдсон тул гишүүнээсээ татгалзсан ч өөрийнх нь намын нөхөр нь  суудал дээр нь нөхөгдөөд суучихна. Тэгвэл Р.Амаржаргалын суудлын хувьд тойрогт өрсөлдөж сонгогдсон тул хуулийн дагуу нөхөн сонгууль явуулна гэсэн үг. 

Энэ тухай хуулинд “Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна” гээд тодорхой заачихсан тул маргах зүйлгүй. Сонгуулийн дүнгээр  Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялсан бол МАН-ын нэр  дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авч удаалсан юм. Энэхүү дүнгээр дүгнэлт хийгсэд Р.Амаржаргалын оронд Ч.Ганхуягийг орж ирэх байх хэмээн “догдолж” эхлэв. Гэвч энэ сонгуульд намууд ямар хүнийг нэр дэвшүүлэх зэргийг таамаглах цаг нь болоогүй байна. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад гаргаж өргөдлөө өгснийг нь УИХ-ын гишүүн биш болчихлоо гэж үзэхэд ч арай эрт байна.

Харин Р.Амаржаргалыг гишүүнээсээ татгалзахад хамгийн түрүүнд "Хас"-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг цахим ертөнцөөр баяр хүргэлээ. Тэрбээр “Амаржаргал гишvvнд цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бvхнийг хvсье. Та зоригтой алхам хийлээ...” хэмээн бичсэн байх юм.

Р.Амаржаргалын амьдралд сайн сайхныг хүсч, эр зоригийг нь магтан дуулсан түүний бичлэг олон хардлагыг бий болгов. Учир нь Р.Амаржаргалын хүсэлтийг УИХ ёсоор болговол Ч.Ганхуяг гишүүн болох магадлалтай юм. Тийм ч учраас Ч.Ганхуяг хамгийн түрүүнд баяр хүргэсэн байх гэх харийг төрүүлээд авав бололтой. Өмнө нь  У.Хүрэлсүхийг татгалзахад Д.Сарангэрэл автоматаар гишүүн болсон жишиг бий. Гэвч хуульчид Ч.Ганхуягийг бүхнээс түрүүнд баярлах хэрэггүйг сануулж байна. УИХ-ын тухай хуулийн  6-р бүлгийн 6.3. хэсэгт  “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх  хүсэлтээ  өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;”  хэмээн заасан байдаг.  Тэгвэл энэхүү заалтыг задлавал “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх  хүсэлтээ  өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэх заалт бий. Өөрөөр хэлбэл Р.Амаржаргалын оронд хэн болох тухай ярианаас өмнө УИХ энэхүү саналыг нь хүлээн авах эсэхийг харах болж буй юм.

Хэрэв УИХ-аас гишүүнийг чөлөөлөх шийдвэр гаргахгүй бол хүсээд ч, өргөдөл барьж гүйгээд ч гишүүнээсээ татгалзаж чадахгүй гэсэн. Иймд УИХ-ын гишүүдийн хэд нь Р.Амаржаргалын хүсэлтийг хүлээн зөвшөөрөх, эсхүл зөвшөөрөхгүй вэ гэдэг асуулт л үлдэж байна. Ардчилсан намын хувьд Р.Амаржаргалын энэхүү шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээсээ татгалзах хүсэлтэд нь татгалзсан хариуг ч өгөөд байгаа. Ингэхээр Ардчилсан намын  33 нь татгалзах нь ойлгомжтой.

Гэвч  засгийг байгуулахад бусадтайгаа хамтран олонхи болж чадсан АН-ынхан ийм  санал хураалт болвол олонхи болох нь тун бэрх болж байна. МАН, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд бусдад нь энэ суудал онгойх нь нөхөн сонгуульд өөрсдийн “барьцаа ахиулах” боломж шиг л харагдаж байгаа. Иймд УИХ-аар уг асуудал хэлэлцэгдсэний дараагаарх нөхөн сонгуулийн асуудал яригдах юм.

Х.Даваа