Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын чуулган хаах өдөр Эрдэнэтийн 49 хувийг төрд авах шийдвэрийг УИХ олонхиороо батлаад гаргачихав. Үүнээс үүдээд л "хувийн өмчийг булаалаа", "коммунизм тогтлоо" гэх маягтай гоншигоносон хэл үг газар авав. Төрийн тэргүүн хүртэл намба алдан байж "хувьдаа" авсан өмчөө хамгаалах оролдлогыг чуулганы индэр дээрээс өндөр дуугаар хэлэв.

Гэвч тусыг эс олсонгүй. Хууль тогтоох дээд байгууллагынхан олонхийн хүчээрээ "зууны луйвар"-ыг замаас нь зогсоож, Эрдэнэтийн 49 хувийг байранд нь ард түмний эрхшээлд авчирчихлаа. Энэ бол МАН-ын хэзээдээ тулхтай, эдийн засгийн алуурчдыг эсрэг зогсож ирсэн түүхээ түүчээлсэн түүхэн гавьяаны нэг гэж харагдаж байх шиг. 

Амьдрал ойроор бодож үзвэл он сар улираан, төр засаг солигдох цаг үеийг дамнан үргэлжилсэн  Эрдэнэтийн 49-ийг шилжүүлэх процесс "ардын уран зохиол" шиг ард түмэнд хоногшсон "Би чамд хайртай" киноны 3 дахь хувилбар шиг санагдах болов. Шунал тачаал нь төрүүлсэн хүүхдийнхээ, түмэн олныхоо хоногийн хоолыг булаасан ч үл сэтгэл нь өвдөх эцэг "Эбэ", эрхээрээ хатсан хүү буюу ХХБ, ард түмний хувь заяа эргэхийг үл харгалзан мөнгө, эрх мэдлийн дөнгөтэй аавд үйлчлэх "ангийн багш" Ч.Сайханбилэг, учраа мэдэхгүй даган баясаж, бялуу хүртэх хүсэлтэй, уйлж суугаа ээж аятай аяглах Б.Болор нарт МАН-ын бүлэг "Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан" гэдгийг нь хэлээд өгчихлөө.

Эцсийн дүндээ Эрдэнэтийн 49 хувь ард түмэндээ эргэн ирж, голдиролоороо жирийх нь тодорхой болж байна. ХХБ-ынхан гэх тодотголтой 49 хувийг өвөртөө оруулаад жирэмслээд үлдсэн Үрлээ шиг олигархиуд хэсэг тэмцээд хууль цаазыг ялахгүй гэдгээ хэзээ нэгэн өдөр хүлээн зөвшөөрч л таарна. Мэдээж энэ дунд "гол" юм шиг туслах дүрүүд, "голчтой" юм шиг аяглах олны хэсэг шуугисаар, улс төржсөөр л байх нь дамжиггүй. Гэсэн ч бага багаар нь байранд тавих энэ цагийн төр зангарагаа харуулаад явчихад хэн хожих нь тодорхой санагдана. Баяраа өөрөө л буруутай гэдгийг хэдий эрт ухаарна төдий чинээ асуудал нь цэгцрэх нягуур буй.

Э.Сонор