Сүүлийн жилүүдэд монгол хэлний зөв бичих дүрэм алдагдаж байгаа тухай яригдах болоод удаж байгаа. Ялангуяа өсвөр насныханы дунд элбэг байгаа энэ асууудал нь сошиал медиа буюу Фейсбүүк, Твиттер, Мэссэж зэрэгтэй шууд холбоотой. Хүмүүсийн ихэнх цагаа өнгөрүүлэх болсон эдгээр цахим сайтуудыг хүмүүс хэрэглэх үеэрээ зөв бичгийн дүрмийг гажуудуулдаг бөгөөд англи үсгээр монгол үгийг бичдэг нь гол алдаа гэнэ.

Өвгөн эрдэмтэд Монгол хэлний зөв бичгийн  шинэ дүрмийн дагуу “ь,ъ,щ,й” үсгийн хэрэглээг хязгаарлаж, хаврын урь орлоо гэхийг хаварын ури орлоо гэж бичих юм байх.

Ингээд цагаан толгойн  35 үсэг 31 болж байгаа юм уу гэтэл үгүй бололтой. Энэ талаар зөв бичгийн дүрэм шинэчилж буй эрдэмтдийн багийн гишүүн МУИС-ийн доктор, профессор, гавьяат багш Ж.Баянсангаас тодруулахад “Хасагдаж байгаа гэх үсэгнүүд 35 үсэг дотроо байна. Харин хэрэглээг нь монгол үгэнд хязгаарлаж өгсөн. Жишээ нь, морь гэж бичихэд "ь" тэмдэг бичихгүй "и" бичнэ. Гэхдээ дуудахдаа "и" үсгийг урт дуудахгүй. Харин Горький гэх гадаад үгийг бол хэвээр нь бичнэ.

Хамгийн их эргэлзээ төрүүлж, хүмүүсийг төөрөлдүүлдэг дүрэм бол гээгдэх эгшгийн дүрэм. Үүнийг өөрчилж, хялбаршуулж өгсөн. Жишээ нь, хавар гэдэг үгийн ард “ын” нөхцөл залгахдаа а-г гээдэг. Шинэ дүрмээр гээхгүй шууд хаварын гэж бичнэ.

Й бичих шаардлагатай үед и үсгийг хоёр удаа бичдэг болгож байгаа. Жишээ нь, ээжиин, зөөвриин гэх мэт. ъ,ь тэмдгийг бичихийн оронд и бичдэг болгосон. Бид шинэ дүрэм зохиогоогүй, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг сайжруулж, гаж зүйлийг нь хялбаршуулсан. Нэг мөр болоод хэвштэл цаг хугацаа шаардлагатай” гэлээ.

Монголчууд крилл үсгийг 1940-өөд оны сүүлчээс сурч эхэлсэн түүхтэй. Учир нь 1941 оны тавдугаар сарын 9-нд  сайд нарын хамтарсан хурлаар орос үсэгт үндэслэн шинэ үсгийг зохиох тухай шийдвэр гарсан байдаг. Түүнээс өмнө нийгэм, эдийн засгийн шаардлага гарч байсан нь ийнхүү шинэ үсгийг зохиоход хүргэжээ. Крилл үсгийн одоогийн ашиглагдаж байгаа дүрэм 1984 онд хэвлэгдэж гарсан Ц.Дамдинсүрэнгийн дүрмэнд суурьлагддаг. Тэгвэл энэ дүрэм олон маргаан дагуулснаас үүдэж дахин энэхүү дүрмийг шинэчлэхэд хүргэсэн хэмээн хэл бичгийн эрдэмтэд үзэж байна.

Иргэдийг будилуулж, бухимдуулж байгаа асуудал бол 1984 оноос хойш крилл үсгийн дүрэм олон удаа солигдсоноос зөв бичих байдал алдагдсан.

1990 оноос хойш нэг үгийг олон янзаар бичих болсноос маргаан эхэлсэн. Тиймээс одоогоос хоёр жилийн өмнөөс гол маргаан дагуулдаг 700 -аад үгийг нэг тийш нь болгож журамласан аж. Энэхүү 700 үг дээр нэмээд 200 гадаад үг 34 орчуулгын үг байдаг аж. Мэргэжлийн комисс томилогдоод энэ үгийг төрийн хэлний зөвлөлийн тогтоолоор батлаад хэрэглээнд оруулсан байдаг юм байна. Гэвч энэ үгүүдийг иргэдэд хүргэж чадаагүйгээс болж мөн л дахин маргаан дагуулсаар байгаа юм.

Хэл шинчлэлийнхний хэлж байгаагаар дээрх үгэнд зайлшгүй журамлах ёстой 20 гаруй л үг байдаг. Харин журамласан гэгддэг үгнүүд дунд журамлах шаардлагагүй үг багтсан байдаг нь ч нэг талын шүүмжлэл дагуулсаар ирсэн аж. Өөрөөр хэлбэл элт буруу бичсэн зүйлийг зөв болгож байна гэж журамлах шаардлагагүй гэж үзсэн юм байна. Тухайлбал тэнгис, тингис гэдэг бичигдлийн тэнгис гэдэг нь зөв. Аварга, аврага гэдэг үгийн аварга гэдэг нь зөв гэх мэтчилэн 300 гаруй үг журамлажээ.

Монгол хэлний зөв бичих дүрэм байсхийгээд л өөрчлөгддөг гэхэд бараг болохоор болжээ. Хоёр жилийн өмнө гэхэд  гарьд-гарди, айхтар-айхавтар, хошуу-хушуу, хиншүү-хэншүү, цэнэ-цэн, цээжийг чээж, чармай-чармаа, эрхи-эрих гэхчилэнгээр бичихээр болж байсан. Харин шавьж гэдэг үгийг шавж болгосон. Энэ нь Цэвэл гуайн толинд Шавжи гэж монгол бичгээр бичдэг учраас үгийн үндсийг нь харж шавж болгосон аж.  

Мөн гадаад үгнээс гаралтай монголшсон үгүүдийг монгол хэлний зүй тогтолд оруулаад журамлавал зүйтэй гэдэг санал санаачлагыг хэл шинчлэлийн мэргэжилтнүүд ярьж байгаа. Тухайлбал трактор гэдэг үгийг ярианы хэлэнд трактар гэж ярьдаг. Тиймээс трактар гэж бичих нь журам гаргавал зүйд нийцнэ хэмээн санал гарлаа.

Монгол хэлний зөв бичгийн дүрмэнд өөрчлөлт оруулж, ь,ъ, щ, й үсгүүдийг хасах тухай Төрийн хэлний зөвлөл болон Хэл шинжлэлийн хүрээлэн,  эрдэмтдийн баг ажиллаж байгаа бөгөөд тус ажил дуусах шатандаа орсон байна. Тэд энэ тухай хуулийн төслийг санаачлан ирэх оноос өмнө УИХ-д өргөн барих гэж байгаа аж.

Энэ талаар  МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхмийн багш, Хэл бичгийн эрдэмтэн Ш.Чоймаагаас тодруулахад “Энэ тухай одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Цаанаас ийм үүрэг өгсөн. Бидний хэсэг эрдэмтдийн санаачлага их хурлаар дэмжигдвэл тухайн үед нь энэ талаар хэвлэлд мэдээлэл өгнө. Түүнээс өмнө ямарч мэдээлэл өгөх бололцоо алга. Ямартай ч миний мэдэж байгаагаар эрдэмтийн баг монгол хэлний шинэ дүрэмд зориулан толь бичиг зохиох ажилдаа орсон байгаа. Ирэх оноос бүх сурах бичгүүдийг дахин хэвлэх байх” хэмээсэн юм.

Хэрвээ дээрх шинэ дүрмийн дагуу монгол хэл өөрчлөгдвөл  ном, сурах бичгээс эхлээд албан газруудын хаяг, иргэний үнэмлэх солих гээд маш олон ажлыг араасаа дугуулна. Улсын төсөв багатай улс орны хувьд энэ нь эдийн засгийн хувьд ч багагүй ачаалал авчрахыг үгүйсгэхгүй. Иргэний үнэмлэх, албан газрыг хаягийг өөрчлөхийн тулд чамгүй хөрөнгө зарцуулах шаардлагатай болох нь дамжиггүй юм.  Цаашлаад  өнгөрсөн хугацаанд гаргасан ном, зохиолуудыг ч өөрчлөхгүй бол өнөөгийн хүүхдүүдийг гайхширалд оруулахад хүргэнэ.  Өмнөх сурах бичиг болон агуу их зохиолчдын бичсэн ном зохиол нь бөөн алдаатай болж хувирах болно. Нөгөө балчир зургаа настангуудаас авахуулаад бид хүртэл эргэлзээд эхлэнэ. Тухайлбал, багш нь самбар дээр хаварын ури гэж бичээд байдаг, гэтэл нөгөө ном зохиол дээр хаврын урь гэж бичигдсэн байхыг харсан хүүхэд хэн нь  худлаа, аль нь  үнэн бичээд байгаад эргэлзэхэд хүрэх болно.

Аливаа зүйл хоёр талтай байдаг. Гэхдээ Эх хэлээрээ оролдвол мөхөхийн цондон гэдэг үг бий. Олон жил хэрэглээд ирсэн бичиж сураад хэвшсэн хэллэгийг ингэж шинэчлэх хэрэг байна уу. Ядаж эх хэлээрээ зөв ч уншиж сураагүй байгаа зургаан настангууд дахиад л нөгөө монгол бичгээр сургаж байгаад крилль үсэг рүү шилжсэн үеийнхэн шиг завсардсан бичигтэй баахан хүүхдүүд бий болгох гээгүй байлтай. 

Түүнчлэн хүн дуурсагдах нэрийг их хайрлаж явдаг. Гэтэл бас шинэ дүрэм нь хүний нэрэнд хүртэл зөвшөөрөлгүй халдах нээ. Учир нь Жамъян гэдэг хүн нэрээ Жамаяан эсвэл Жамияан болгож өөрчлөх болж байгаа юм. Монголчуудын дунд ь,ъ орсон нэртэй хүн их олон. Дарь, Сумъяа, гээд л...

Ард түмнээс санал асуулга авч байж энэхүү асуудлыг шийдмээр юм даа хэдий эрдэмтэдийн үг алт ч гэсэн энэ арай хэсэг бүлэг хүмүүс ярилцаад баталчих асуудал биш. Бүхэл бүтэн тусгаар тогтнолоо зарласан их гүрэнт Монгол улс гэдгээ бүү мартаарай.

Хэдэн өвгөн эрдэмтэд хийх ажилгүй нэг хэсэг бас эх хэл мөхөх нь гээд л хэсэг талцаж миний бичлэг зөв, чинийх буруу хэмээн талцаж байсан үе саяхан. Одоо харин ахиад тэр синдром нь хөдөлсөн бололтой дог. Эх хэлийг минь харин ч өөрсдөө мөхөлд хүргэх зүйл хийх гээд байгаа юм биш үү Монгол улсын Ерөнхийлөгч өө.

Х.Даваа