Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай /ОУВС/  6 сар хэлэлцээр явуулаад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөр хэрэгжүүлэхээр явсан. Уг хөтөлбөр 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон.Тэгвэл энэ талаар  Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-ын Ажлын хэсгийн ахлагч ОУВС-ын Ажлын хэсгийн ахлагч нар ямар мэдээлэл өгснийг  дэлгэрэнгүй хэлбэрээр хүргэж байна.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Бид ОУВС-тай 6 сар хэлэлцээр явуулаад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөр хэрэгжүүлэхээр явсан. Уг хөтөлбөр 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон. Хөтөлбөрийг сонгохдоо гол хоёр зарчмын хүрээнд сонгодог. Үүнд төсвийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн хүндрэл гэсэн хосолсон хүндрэл байгаа тул уг хөтөлбөрийг сонгож авсан юм.

Монгол Улсын авч байгаа хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын байгууллага, донор орнуудаас босгохоор шийдсэн. Үүнд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан хоёр орчим тэрбум ам.долларын өртөгтэй своп хэлцэл багтсан гэдгийг мэдэгдье. Үлдэж байгаа 3.5 орчим тэрбум ам.долларыг ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, хандивлагч орнууд зэрэг улс орнуудаас босгохоор төлөвлөсөн байгаа.Хөтөлбөрийн хүрээнд гурван үндсэн бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо.

  1. Төсвийн бодлого авч хэрэгжүүлнэ.
  2. Мөнгөний бодлогод бид цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
  3. Банкны салбарын бодлогыг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон.

2017 оны төсвийн тодотголыг ОУВС-гийн хэлэлцээрийг ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр батлуулахаас өмнө урьдчилсан байдлаар гурван нөхцлийг тохироод байна. 1. Төсвийн тодотголыг захирлуудын зөвлөлөөр батлуулахаас өмнө хийхээр болж байгаа. 2. Монголбанкнаас ипотекийн зээлд шинэ санхүүжилт хийхгүй байх, шинээр гарах зээлийн хүүгийн зардлыг улсын төсөвт тусгахаар тохирсон. 3. Монголбанк төсвөөс гадуур ямар нэг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх гэсэн үндсэн гурван нөхцөл тохироод байна.

Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сан хамтраад эдийн засгийн өсөлтийг 2017 онд -0.2 хувь, 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувьд хүргэх, хэрэглээний үнийн индексийг 2017 онд 6.1 хувь, 2018 онд 6.1 хувь, 2019 онд 6.9 хувьтай байхаар тооцсон. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1,267 сая ам.доллар, 2018 онд 968 сая ам.доллар, 2019 онд 709 сая ам.долларын ашигтай байхаар тооцсон. Экспорт 2017 онд 4,898 сая ам.доллар, 2018 онд 4,943 сая ам.доллар, 2019 онд 5,440 сая ам.доллар, 2,020 онд 5,827 сая ам.доллар, 2,021 онд 6.3 тэрбум орчим ам.доллар байхаар тооцоо гарлаа. Импорт 2017 онд 3,632.0 сая ам.доллар, 2018 онд 3,975 сая ам.доллар, 2019 онд 4,731 сая ам.доллар, 2020 онд 4,825 сая ам.доллар, 2021 онд 5 тэрбум орчим ам.доллар байхаар тооцоо хийлээ.

Гадаад валютын нөөц хөтөлбөр хэрэгжүүлснээр үндсэн шаардлагаар 2017 онд 1,650 сая ам.доллар, 2018 онд 2,770 сая ам.доллар, 2019 онд 3,545 сая ам.доллар, 2020 онд 3,838 сая ам.доллар байхаар тооцоо хийснийг албан ёсоор мэдэгдэж байна.

ОУВС-тай хэлэлцээр хийх явц тийм амархан байгаагүй. Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь ямар нэг хөтөлбөр хэрэгжихгүй байх суурь тооцоо буюу хөтөлбөргүй явсан бол 2017 онд 14.2 хувь, 2018 онд 14.3 хувь, 2019 онд 11.1 хувьтай байхаар байсан. Ингээд бид хэлэлцээр хийснээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлснээр өрийн тогтвортой байдлыг бий болгох зорилтын хүрээнд төсвийн тэнцлийг 2017 онд 3.4 хувь, 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.0 хувиар сайжруулах эдийн засгийн тооцоолол гарсан. Энэ тооцоолол нь Монгол Улс ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх гол нөхцөл болох өрийн тогтвортой байдал бий болгохын тул төсөвт ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс шаардлагатай болсон.

Төсвийн бодлогын хүрээнд эхний ээлжинд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байна.

  1. Шатахууны онцгой албан татварыг 2016 оны төгсгөлд нэг, 2017 он гараад хоёр удаа бууруулсан уг тогтоолыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 109 дүгээр тогтоолоор буурсан хэмжээгээр, 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2016 оны 166 дугаар тогтоолоор буурсан хэмжээгээр буцааж нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
  2. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн. Татварын шатлалын хэмжээнээс хамааран 10, 15, 20, 25 хувь болгохыг шаардсан байгаа. Бид зөрүүлээд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн.
  3. Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн тухайд 2018, 2019, 2020 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх зайлшгүй байдал үүсч байна. Одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10 хувь төлдөг байсныг 2018 онд бид нэг нэг хувиар нэмэгдүүлээд 11 хувь, 11 хувь болгох жишээтэй тооцоолол хийсэн.
  4. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Насжилтаас нь хамаарч жижиг оврын автомашинд.3-15 хувиар татвар нэмэгдүүлнэ. Хөдөлгүүрийн багтаамж нь 4501 см.кубээс илүү автомашины татварыг насжилтаас нь хамаарч 40-250 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.
  5. Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар тус тус нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
  6. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр хуулиар 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс татвар авах байсныг наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх шийдвэр гарсан.
  7. Импортын тамхинд ногдох гаалийн албан татвар одоо 5 хувь байгааг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээ болох 30 хувь нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч байна.
  8. Татварын орлогын удирдлагыг сайжруулах, татварын алба менежментээ сайжруулах, татвар хураах, орлого нэмэгдүүлэх ийм 8 цогц арга хэмжээгээр орлого нэмэгдүүлнэ.

Зардлын хувьд бас 8 арга хэмжээг харилцан тохиролцоод байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг нэмэгдүүлнэ. Үүнд нэгдсэн нэг тогтолцоогоор тендер зарлаад үүний үр дүнд ойролцоогоор өртгийг нь 10 хувиар бууруулах тооцоо гараад байна.

Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Урьд нь 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх үед бодит байдал болон тулгараад байгаа хүндрэлийг ард түмэнд мэдээлж байсан. Одоо байгаа тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гарах тохироонд хүрсэн. Энэ тооцоолол хийхэд манай улстай ижил төстэй улс орнууд, бусад хөгжиж байгаа улс орнуудын тэтгэврийн насны судалгааг ОУВС, Дэлхийн банк зэрэг бусад донор орнуудын тусламжтайгаар судалгааг хийж ийм шийдвэрт хүрч байна.

Цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй, татварын орлогын дутгадал байгаа учраас 2017-2018 онд цалинг нэмэгдүүлэхгүй байх ийм шаардлага үүсч байна. Хүүхдийн мөнгөний тухайд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоё гэсэн шийдвэр гаргасан. Одоо нийт хүүхдүүдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байна. 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд нөхөж олгоно гэсэн шийдвэртэй явж байсныг Валютын сантай зөвшилцөн хөтөлбөрт орох урьдчилсан нөхцлийн нэг шалгуур нь болгож хүүхдийн мөнгийг 60 хувьд олгож байгаа бол 40 хувьд нь олгох ба хэмнэсэн мөнгийг төсөвт авахгүйгээр ядуу, зорилтот бүлэгт “хоолны талон” байдлаар олгоно. Энэ нь хөтөлбөрт хэмнэхгүйгээр зорилтот бүлгийг зөв чиглэх шаардлага үүссэн учраас ийм шийдвэр гарч байна.

Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хувьд судалгаа хийгээд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон гадаад донор улс, орнууд бодлогын зөвлөгөө өгөөд хөтөлбөрийг давхцуулахгүй байх арга хэмжээ авсан. Төгсгөлд нь 2017 оны төсөв батлагдсанаас хойш төсвийн зарлагыг нэмэгдүүлэх хууль батлагдсан нь цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар, жишээлбэл нэг зүйл заалт орсон. Энэ нь төрөөс цэргийн албан хаагчдад орон сууцаар хангана, эсвэл орон сууцны түрээсийг даана гэсэн шийдвэр гарсан. Энэ заалтыг хэрэгжүүлэхэд төсөвт ойролцоогоор нэг жил тутам 50-с доош тэрбум төгрөгийн ачаалал үүсч байгаа учраас энэ хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгох шаардлага үүссэн.

Концессийн тухайд түрүүчийн Засгийн газрын үед Сангийн яамны ямарваа нэг тооцоололгүйгээр, төсөвт ирэх ачааллыг тооцохгүй их хэмжээний концессийн гэрээнүүд байгуулагдсан. Концессийн гэрээний хувьд одоо байгуулагдсан гэрээний хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын шалгалт оруулж, аудитын дүгнэлтэд суурилан дараа жилүүдийн төсөвт концессийн нөхөн төлбөр олгох асуудлыг тусгахаар шийдвэр гаргасан.

Дараагийн асуудал бол төсвийн зардлыг УИХ дээр нэмэгдүүлдэг үзэгдэл сүүлийн хэдэн жил явж байсан. Энэ талаар УИХ дээр зөвшилцөж, төсвийн зардлыг УИХ дээр Засгийн газраас өргөн барьснаас нэмэгдүүлдэггүй байх, хэрвээ нэмэгдүүлэх тохиолдолд өөр зардлыг хасах шаардлага үүсч байна.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:  Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны хувьд дөрвөн багц асуудал байгаа.

Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын асуудал байгаа. ОУВС-гаас өнөөдрийг хүртэл Монголбанкнаас барьж ирсэн мөнгөний бодлогыг сайшаасан. Цаашид энэ хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэхээр мөнгөний бодлого сулрах нөхцөл, бололцоо бүрдэх юм.

Хоёр дахь зүйл нь ипотекийн хөтөлбөрөөс бусад төсөвтэй адилавтар зардлын арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байх чиглэлээр ОУВС-тай тохирсон.

Гуравдугаар асуудал нь хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарт үнэлгээ хийгддэг ба банкны салбарт мөн үнэлгээ хийнэ.

Дөрөвдүгээрт, Монголбанк дээр одоо хийгдэж буй банк санхүүгийн салбарын нэгдсэн орчинг боловсронгуй болгох засаглалын асуудал байна. Энэ асуудлыг Монголбанк хэрэгжүүлж байгааг ОУВС сайшаасан ба энэ ажлуудыг үргэлжлүүлээд явна.

ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: Гурван жилийн хугацаанд ОУВС-гаас 440 сая ам.доллар, Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк гэх мэт хоёр талт болон олон талт түншүүдээс 3 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх ба, үүн дээр нэмэгдээд БНХАУ-ын Ардын банк Монголбанктай байгуулсан свопын хугацааг хамгийн багадаа гурван жилээр сунгахаар хүлээгдэж байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум ам. долларын санхүүжилт бий болж байна. Монгол Улсад туслалцаа, дэмжлэг хэлбэрээр орж ирнэ. Үүнийг харьцуулж хэлбэл өмнөх 2009 онд хэрэгжсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 300 сая хүрэхгүй хэмжээний ам. долларын санхүүжилт байсан бол энэ удаад бараг 20 дахин их хэмжээний санхүүжилт орж ирж байна.

Өнөөдрийн зарлаж буй тохиролцоо бол ОУВС-гийн ажлын хэсгийн түвшинд хүрсэн тохиролцоо юм. Энэхүү тохиролцоог цаашид нэмж баталгаажуулахын тулд хэд хэдэн алхам хийгдэх хэрэгтэй. Юуны түрүүнд дэмжлэг өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас санхүүжилтийн албан ёсны баталгааг гаргуулж авах хэрэгтэй.

Дараагийн алхмууд санхүүжилтийн амлалтууд, урьдчилсан нөхцлүүд болон ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хөтөлбөрийг батлуулах юм. Хөтөлбөрийг Захирлуудын зөвлөлөөр энэ оны 3 дугаар сард багтан батлагдана гэж хүлээж байна. Ингээд хөтөлбөрийн бүтэц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмээний талаар дурдлаа.

Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээнүүдийн талаар Сангийн сайд бодлогын арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ч хэдэн асуудлыг дурьдмаар байна.

Монгол Улс болон бусад орнуудад төсвийн бодлого сул, тэлэх байдлаар хэрэгжсэнээр эдийн засагт хүндрэл бэрхшээл гардаг. Засгийн газар болон ОУВС-гийн зугээс төсвийн бодлогын сахилга батыг сайжруулах, шийдвэрлэхийн төлөө ажиллалаа.

Төсвийн бодлогыг цэгцлэхийн тулд маш олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авлаа. Төсвийн алдагдлыг бууруулах хүрээнд Засгийн газраас, мөн ОУВС-гаас чухал зорилт тавин ажиллаж байна. Нийгмийн хамгаалалд чиглэсэн санхүүжилтийг бууруулахгүй байхаар ажиллана. Тухайлбал, хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үүнээс үүссэн хуримтлалыг хүнсний талон хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байна.

Дараагийн хэлэх ёстой зүйл бол урьдчилсан арга хэмжээ байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хүсэлт ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар орж баталгаажуулах хүртэл Монгол Улсын Засгийн газраас урьдчилсан арга хэмжээ буюу дараах 3 арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх ёстой. Юуны түрүүнд 2017 оны төсөвт тодотгол оруулах хэрэгтэй. Энэ тодотголын хүрээнд Сангийн сайдын дурьдсан бүх арга хэмжээг тусгах хэрэгтэй болно.

Дараагийн урьдчилсан арга хэмжээ бол Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн дурьдсан банкны салбарт хийгдэх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх ёстой.

Гуравдугаарт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч хэлсний дагуу Төв банкны төсвөөс гадуурх үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ юм.

Төсвийн алдагдлыг бууруулах гэдэг нь энэ цогц арга хэмжээний нэг хэсэг. Нөгөө талд нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг эмх цэгц оруулахаар саяхан Хөгжлийн банкны хуулийг шинээр батлуулсан. Энэ хүрээнд өмнө нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор нэлээд олон асуудал үүссэн байсныг цэгцлэж, цаашид цэвэр зах зээлийн нөхцлөөр ажилладаг байгууллага бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Дараагийн гарч байгаа томоохон өөрчлөлт нь Монголбанкны хувьд дан ганц мөнгөний бодлого, үнийн болон санхүүгийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулж, өмнөх шиг төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүйгээр үүргээ гүйцэтгэх болно.

Түүнээс гадна төсвийн сахилга батыг бэхжүүлэх талаар арга хэмжээнүүд төлөвлөж байгаа. Энэ нь төсвийн төслийг боловсруулах болон гүйцэтгэх явцад аль болох сайн сахилга бат, сайн хяналттай байхаар төлөвлөж байна. Сангийн сайдын хэлсэнчлэн нэгэнт боловсруулсан төсвийн төслийг бодит хэрэг болгох тогтолцоо бүрдэх болно.

Талууд бодлогын асуудлууд дээр нэг байр суурьтай байж чадсан. Монголбанктай ч мөнгөний бодлого хатуу байх байр суурьтай гэдгийг харилцан ойлголцсон байгаа. Төгрөгийн ханш уян хатан байх боломжоор хангагдсан байх ёстой. Төв банкны хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлагатай.

Монголбанкнаас банкны салбарыг бэхжүүлэх маш том арга хэмжээ төлөвлөсөн байгаа бөгөөд энэ нь манай хөтөлбөрийн гол хэсэг гэж бид үзэж байна.

Юун түрүүнд банкнуудын бодит нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хөндлөнгийн хараат бус байгууллагаар үнэлгээ хийлгэж тогтоолгоно.

Хоёрдугаар асуудал, хүндрэл бэрхшээл илрүүлсэн банкуудын үйл ажиллагааг нь бэхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Гуравдугаарт банкудын хяналт шалтгалтад мөрдөгддөг дүрэм журам заавруудыг мөн боловсронгуй болгох ёстой.

Энэ бүх үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын банкны салбар маш хүчирхэг, тогтвортой, бат бөх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд шаардлагатай, бизнесийн болон хувь хүнд хандсан зээлийн эх үүсвэрийг гаргах чадвартай болж үлдэх юм.

Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас туслалцаа дэмжлэг аваад Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нийтэд нь буюу хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог илүү түлхүү ашиглах чиглэлээр арга хэмжээ төлөвлөсөн, түүнээс гадна уул уурхайн салбарт илүү их хөрөнгө оруулалт татаж оруулахыг эрмэлзэх болно.

Бодлогын арга хэмжээнүүдээ бид тодорхойлсон, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ олоод гаргачихсан байгаа ба улс төрийн зүгээс энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай байр суурь, хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн болохоор энэ бүхний үр дүнд Монгол Улсад эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна.

Мэдээж богино хугацаанд хүндрэл бэрхшээлүүд гарах нь гарцаагүй, гэхдээ дунд болон урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад валютын нөөц нэмэгдэх ба гадаад өрийн хэмжээ буурах боломжтой болно.

Өнөө өглөө Монгол Улсын Засгийн газар гадаадын хувийн зээлдэгчидтай яриа хэлэлцээ өрнүүлж байгаа талаар мэдэгдэл гаргалаа. Энэ хүрээнд хөтөлбөрийн нэг шаардлага болох санхүүжилтийн нөхцөл нь хангагдахаас гадна өрийн тогтвортой байдал хангагдана гэж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын бондыг эзэмшиж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид хөтөлбөрийн хугацаанд Монгол Улсыг орхихгүй, хөрөнгө оруулсан хэвээр байна гэсэн хүлээлттэй явж байна. Энэ арга хэмжээний гол зорилго нь өрийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын алдагдлыг санхүүжүүлэх хэрэгцээг хянах зорилготой.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:Мөнгөний бодлогын тухайд цаашид Монголбанкнаас явуулах бодлого бол сая ОУВС-гийн төлөөлөгчийн хэлсэнчлэн мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх энэ чиглэлийн үйл ажиллагаандаа голлох анхаарлаа хандуулна. Өмнө явж байсан бодлогын алдааг засах болно. Төсвийн шинжтэй маш олон төсөл хөтөлбөрүүдийг Монголбанкнаас санхүүжүүлж, нийтдээ 8 их наяд төгрөгийн төсөвт тусгагдаагүй нэмэлт санхүүжилтийг Монголбанк өөрсдөө шийдээд гаргачихсан. Ийм төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийг цаашид хязгаарлах, зогсоох, чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба мөнгөний бодлогын чангаралтын гол нөлөөлөл нь ингэж гарч ирнэ.

Түүнээс гадна, Монголын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, инфляцийн түвшин, төлбөрийн тэнцлийн байдал зэргийг харгалзан үзэж мөнгөний бодлогод уян хатан хандана. Эдийн засагт нааштай ахиц өөрчлөлтүүд гарч ирвэл заавал мөнгөний чанга бодлого баримтална гэсэн зүйл байхгүй бөгөөд мөнгөний бодлогоо зөөлрүүлж явах болно. Тэгэхээр, Мөнгөний бодлогын баримтлах зарчим хөтөлбөрийн үр дүнд гарч ирэх эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас хамаарна.

Гадаад валютын ханшийн тухайд ерөнхий баримталдаг зарчмын дагуу уян хатан тогтоогдож байх болно. Иймээс, миний хувьд ханшийг хэдэд барина гэсэн амлалт авах нь зохисгүй. Гэхдээ та бүхний сонссоны дагуу ойрын жилүүдэд 3-5 тэрбум ам.долларын орох урсгал үүсэх гэж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулах маш чухал дэмжлэг юм. Тиймээс ханш цаашид уян хатан тогтоогдож, тогтвортой байх нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.

Ипотекийн санхүүжилтийн тухайд, ипотекийн санхүүжилт нь Монголчуудын амьдралд чухал ач холбогдолтой, эдийн засаг – нийгмийн ач холбогдолтой хөтөлбөр учраас цаашид үргэлжилж явагдана. ОУВС-гийн зүгээс үүнийг төсвийн шинжтэй хөтөлбөр учраас цаашид Засгийн газар энэхүү хөтөлбөрийг шилжүүлэн авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Энэ зөвлөмжийн дагуу 2018 оноос энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэн өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг Монголбанк баримталж байна. Цаашид хэрхэн зөв, хүртээмжтэй үргэлжлүүлэх тал дээр зөвхөн энэ ипотекийн зээлийн хөтөлбөрийн асуудлаар Дэлхийн банкнаас техник туслалцаа авч байгаа. Цаашдаа Дэлхийн банкны дэмжлэг туслалцаатайгаар зөв, зохистойгоор үргэлжлүүлэх нөхцөл бололцоо бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу 2017 онд үргэлжилнэ, өмнө ипотекийн хөтөлбөрт нийтдээ 4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг Монголбанкнаас олгосон. Миний өмнө дурьдсаны дагуу Монголбанкнаас 8 их наяд төгрөгийг хөтөлбөрүүдэд санхүүжүүлсний 50 орчим хувь нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан гаргасан. Энэхүү ипотекийг санхүүжүүлэхэд гаргасан 4 их наяд төгрөгийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр тодорхой хэмжээний эх үүсвэр буцаж орж ирдэг. Бид энэхүү эргэн төлөлт болон хүүгийн төлбөрөөр хөтөлбөрийг дахин санхүүжүүлж байгаа. ОУВС хүүгийн төлбөрийг улсын төсөвт тусгах гэсэн зөвлөмж өгч байгаа учраас Чойжилсүрэн сайдын хэлсний дагуу 2017 оны төсвийн тодотголоор 111. тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгах тооцоололтой байгаа.

Цаашдаа Ипотекийн хөтөлбөрийн тодорхой хэсгийг Монгол Улсын Засгийн газар, үлдэх хэсгийг Монголбанкнаас эх үүсвэр гаргах замаар үргэжлүүлэх болно.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Бид нийгмийн халамжийг танах бодлого баримтлаагүй. Засгийн газар ч тэр, ОУВС ч тэр. Гэхдээ өрийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд тодорхой хэмжээний төсвийн тэнцлийг сайжруулахаар хэд хэдэн арга хэмжээг авч үзсэн. Жишээлбэл, нийгмийн халамжийн хувьд насны хишиг тэтгэмжийг цаашид үргэлжлүүлнэ, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлээд олгож байна, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гаргахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгож байна, нэг удаагийн тэтгэмжийг 36 сар байсныг 12 сар болгох гэж байсан шийдвэрийг буцаагаад, хуучнаар буюу одоо мөрдөгдөж байгаагаар нь явж байна. Хөдөө аж ахуйн салбарын татаасуудыг, дэмжлэгүүдийг бид нар аваад явж байна. Анх бидэнд 3.4 хувийн төсвийн тэнцлийг сайжруулах нөхцөлд нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиас 13 хувь болгон нэмэгдүүлэх шаардлага үүсч байсныг хэлэлцээрийн үр дүнд бид НӨАТ-ыг нэмэхгүйгээр 10 хувьтай аваад үлдэж байгаа зэрэг зүйлс байгааг дурдъя.

580 сая ам. долларын эргэн төлөлтийн тухайд: юуны өмнө энэ бонд бол Засгийн газрын бонд биш, Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг бид нар Засгийн газрын одоогийн арилжааны хүүтэй бондоор сольж өгөх хэлбэрээр шийдвэрлэх талаар ОУВС-тай ярин ийм сонголт хийж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь зогсох бэ гэж асууж байна. Үүн дээр яг хэдэн хувь нь зогсоно гэдэг тооцоолол гараагүй байна. Гэхдээ та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй нь бид нар ОУВС-тай хөтөлбөр тохироод авна гэдэг нь Монгол Улсын эдийн засаг доошоо унахдаа аль хүртэл унах бэ гэдэг доод шал, доод хил хязгаараа тогтоогоод авч байна. Жишээлбэл 2017, 2018 онд хэрэгжих магадлалтай төслүүдийг хэрэгжих магадлалтай, эрсдэлтэй гэж үзээд болгоомжтой төсөөлөх шаардлагатай. 2019 оноос Таван Толгойн төсөл явна, бусад төмөр зам гэх мэт төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг 2019 оноос болгоомжтой тооцсон. Засгийн газар бид нар ОУВС-тай хамтарч эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулаад, цаашид дан ганц ОУВС болон донор орнуудын гарыг харахгүйгээр том том төслүүдийг бие даан шийдээд явах боломж бүгд нээлттэй. Энийг хийж байж бид нар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлж, Монгол Улсын дотоод нэр хүндийг өсгөх боломжтой. Монгол улс түрүүчийн Засгийн газрын үед өр тавьж хөгжинө гэсэн бодлого явуулсан. Манай Засгийн газрын хувьд бид ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэн нөхцөлд суурь макро үзүүлэлтүүд засагдаж, макро тэнцвэр хадгалагдан, Монгол Улсын гадаад, дотоод нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд тогтвортой байснаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эргэн төлөх үүрэг хүлээхгүйгээр хөхүүлэн дэмжиж, ийм байдлаар хөгжлийн гарцыг бий болгоно гэсэн тооцоолол байгаа. Тийм учраас одоо энэ асуултанд яг хэдэн хувийг зогсоохыг хэлэх боломжгүй. Бидний хэр зэрэг хурдтай, овсгоотой, зөв ажиллахаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт шалтгаална.

Коши Матай:  Зээлийн хүүгийн хэмжээ ерөнхийдөө хөвөгч хүү байдаг. Ихэвчлэн 2 хувиас илүүгүй байдаг.

Хөтөлбөрийн сонголтын тухайд яагаад Stand-by хөтөлбөрөөс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг илүүд үзсэн бэ гэхээр эргэн төлөлтийн хугацаа нь Stand-by-тай харьцуулахад хамаагүй урт буюу 10 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой.

Санхүүжилт ямар интервалтайгаар орж ирэх вэ эсвэл нэг дор бүгд орж ирэх үү гэсэн асуулт байсан. Тэгэхээр ОУВС-гийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд нэг дор бүх мөнгийг өгдөггүй, тодорхой интервалтайгаар явдаг. Энэ нь хөтөлбөрийн хүрээнд тусгасан арга хэмжээнүүд хэр амжилттай хэрэгжиж байна вэ гэдгээс хамаараад тохирсон хуваарийн дагуу санхүүжилт нь олгогдоод явдаг. Өөрөөр хэлбэл, хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацааны туршид тодорхой давтамжтайгаар санхүүжилт олгогдоод явна. ОУВС-гийн хувьд үнэлгээгээ 3 сар тутам хийхээр төлөвлөсөн байгаа. Бусад хандивлагчид арай өөр хуваариар хийж магадгүй. Гэхдээ хөтөлбөрийн туршид санхүүжилт байнга олгогдоод тасралтгүй явна гэж ойлгож болно.

 

ОУВС-ийн албан ёсны мэдээлэлтэй энд дарж танилцана уу.