Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой цөөн хором ярилцлаа.

-Улаанбаатар хотод шийдвэрлэх, бүтээн байгуулах маш олон ажлууд байгааг танилцууллаа. Энэ олон ажлыг хэрхэн шийдвэрлэхээр тодорхойлсон байгаа вэ. Санхүүгийн боломж хэр байгаа вэ?

-Тийм. Шийдэх маш олон асуудал байна. Гэхдээ эргээр асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоо маш чухал. Тийм учраас хуувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага бий. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт дэмжихийн тулд ажиллах ёстой. “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтын гол зорилго бол төрийн зүгээс ямар үйл ажиллагаа явуулах юм, яаж нээлттэй ажиллах юм, ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг тодорхойлоход оршиж байгаа. Нөгөөтэйгүүр, бизнес эрхлэгчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нийслэлийн бүтээн байгуулалтад ямар ажил хийх хэрэгтэйг зөвлөх хэрэгтэй.

-Эдийн засаг хүнд байгаа үед бүтээн байгуулалтын чиглэлд хөрөнгө оруулалт хийх боломж хэр байгаа бол?

-Мэдээж улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа. Гэхдээ энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бий болгож чадсан. Энэ бол чамлахааргүй их мөнгө. Өнөөдрийн уулзалтаар нийслэлд ямар бүтээн байгуулалт хийгдэх, худалдан авах ажиллагаа хэрхэн явагдах, өөр ямар бүтээн байгуулалт хийж болох тал дээр бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна. Мөн бизнес эрхлэгчид бизнесийн гэрээний үүргээ хэрхэн биелүүлэх тал дээр тодорхой шийдлүүдийг хэлэлцэж байгаа юм.

-Бизнес эрхлэгчдээс илүү төрийн захиргааны байгууллагын хүнд суртлын асуудал яригддаг ...

-Тийм. Төрийн захиргааны хүнд суртлын асуудлыг багасгана. Элдэв зарлиг тушаалыг багасгана. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулагдаж нийслэлийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд ямар асуудал тулгараад, хаана , хэн дээр очоод гацчихдаг зэрэг асуудлыг шийдэрлэнэ.

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтаар ямар үр дүнд хүрэх бол?

-Хамгийн гол нь ил тод нээлттэй байдал бий болно. Хүнд суртал багасна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам өндөр төвшинд хүрнэ. Тендерийн үйл ажиллагаа л гэхэд цахимаар явагдахаар болсон. Цахимаар явагдана гэдэг чинь авлига тэнд байхгүй гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралтай байна гээд гараа хумхиад суух биш Улаанбаатар хотод хийж бүтээх асар их боломж байгааг харж эрх тэгш байр сууринаас бүтээн байгуулалт, бусад ажлуудад оролцохыг хүсч байгаа юм. ОУВС-гийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг ашиглах ёстой. Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын эдийн засаг эрүүлжинэ.