2017 оны 02 дугаар сарын 18,19-ний буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 552 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 422 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 20 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 16 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 14 /үүнээс 2 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 6 байна. Хэргийн газрыг орхин явсан хэрэг 1 бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Шархадны замд амины Harrier маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч 5 настай Г-г мөргөж гэмтээсэн.
  2. СБД-ийн нутаг 901-р байрны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч хөгжлийн бэрхшээлтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

2017 оны 1-р сард улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас хохирсоны 10 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна. Замын хөдөлгөөний дүрэм бол зөвхөн жолооч нарт хамааралтай зүйл биш юм. Монгол улсын Замын хөдөлгөний дүрэмд:

“Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

      а/явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;

      б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

      в/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;

      г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэж заасан байдаг боловч иргэд гарцгүй газраар зам хөндлөн гарах, зам хөндлөн гарахдаа хоорондоо хэлхэлдэх, гарах гэж гүйснээ гэнэт зогсох, зогсож байснаа гэнэт гүйх, чихэвч зүүгээд гарцгүй газраар гарах, замын зорчих хэсэг дээр зогсох, такси барих, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох зэрэг анхаарал, болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

 Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.4 дэх хэсэгт зааснаар Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний буюу 24,000 төгрөгөөр торгох, хэрэв Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний буюу 60,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.гэж хүлээлгэх хариуцлагыг тус тус заасан байна.