Ш.Сайхансамбуу: Цаагуур чинь хорлон сүйтгэгч нар байна шүү
2013/11/17
"Нарантуул" олон улсын худалдааны төвд гал гараад хоёр сар гаруй хугацааг үдэж буй.
Уг галын улмаас "Нарантуул" худалдааны төвийн түрээслэгчид болоод Ш.Сайхансамбуу хохирч түрээслэгчид өдийг хүртэл асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй тэд ажлын байртай болохыг хүлээсээр суугаа билээ.
Хамгийн сонирхол татаж буй бас нэг зүйл нь "Нарантуул" худалдааны төвд гал гараад удаагүй өмнөх асуудлаа шийдээгүй байхад ахиад "Нарантуул"-2 худалдааны төвд гал гарсан нь хэнд ч санаатай гал гэж сэжиглэхгүй байхын аргагүй болоод байгаа юм.
"Мобайль Ньюс" буландаа УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу энэ сарын 16-ны өдөр нэгэн телевизэд өгсөн яриаг онцолж байна.
Тэрбээр "Би 1996 оноос нийслэлийн Нарантуул захыг эхлэн байгуулж байсан. Гал гарсан нөхцөл шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага болон холбогдох албаныхан ажиллаж байгаа. Ахуйн гал яаж гарахыг би мэднэ. Цагдаагийн нэг нөхөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр галын дүгнэлт гарсан гээд мэдээлэл цацсан байсан. Уг нь галын дүгнэлтийг цагдаа мэдээллэдэггүй юм. Цаагуур чинь хорлон сүйтгэгч нар байна шүү сэрэмжтэй байгаарай” гэж хэллээ.
Мөн тухайн захад гарсан галын асуудлыг түрээслэгчид гадны шалтгаантай гэж үзэж буйгаа илэрхийлээд байгаа талаар түүнээс Дүнжингарав худалдааны төвийн захирал Б.Наранхүүтэй холбон асуухад “Би Б.Наранхүүг сайн мэднэ, хүмүүс ийм балай юм ярихаа больмоор байна. Монголчуудын бие биенээ хардаж сэрддэг зан харагдаад байгаа” хэмээн хариулсан юм.
Захуудыг нүүлгэн шилжүүлэх асуудал дээр Ш.Сайхансамбуу "манай захыг тойроод байгуулагдсан бүх захыг нүүлгэчихвэл би захаа нүүлгэнэ эсвэл орхих болно" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.
Д.Ана