Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх  улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс явж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн яам, Дорнод аймгийн ЗДТГ, Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцсон юм. Авто тээврийн үйлчилгээний төвийн П.Дэлгэрнаран “Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явахаар боллоо. Энэ нь, иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж байна гэсэн үг” гэлээ.

Даваа, лхагва, баасан гарагуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бөгөөд цаашид хүн урсгал нэмэгдвэл долоо хоногийн тав дахь өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарсан байна. Дашрамд, том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм.