Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадам 16 дахь жилээ болох гэж байна.

Өнгөрсөн жил “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү наадамд 150 орчим хайрын шүлгийн тэнгэрлэг яруу найрагчид үгийн урнаар уралдсан гэгээлэг үдэш болж өндөрлөж байсан бөгөөд залуу яруу найрагч Э.Бүжинлхам /МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Сэтгүүлчийн 3-р курсын оюутан/ тэргүүлсэн бол, удаах байранд залуу яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Энхболд нар шалгарч байсан.

“Цагаан уул-2014” хайрын шүлгийн шүүгчээр “Цагаан уул” наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Болор цом” наадмын эзэн, яруу найрагч Н.Гантулга,“Болор цом”-ын эзэн, “Утга зохиол” сонины эрхлэгч Ж.Баяржаргал, утга зохиол судлаач, яруу найрагч О.Содномпил, 2011 оны “Цагаан уул” наадмын эзэн, залуу яруу найрагч С.Начин нар шүүсэн юм. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам Хайрын шүлэг, Хайрын тухай дууны үг шалгаруулах, Хайрын богино хэмжээний шүлгэн мессэжний уралдаан гэсэн гурван төрлөөр явагдах ажээ.

Орон нутгаас “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадам оролцох иргэд бүтээлээ ирэх оны 1-р сарын 5-аас 25 хооронд орон нутаг дахь МЗХ-ны салбараар дамжуулан ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ МЗХ-ны 201 тоотод авчирч өгөх, мөн МЗХ-ны [email protected] онлайн хаягаар ирүүлж болох юм. Оролцогчид анкетаа МЗХ-ныwww.MYF.mn сайтаас татаж авч болох бөгөөд яруу найрагч бүр гурван бүтээлээ ирүүлэх боломжтой юм.

Д.Ана