Улс тунхагласны баярт зориулан НАМЗХ, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулж буй “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын шилгүүд тодорлоо.

Уг наадмын хоёрдугаар шатанд 22 яруу найрагч шалгаран үлдээд байснаас Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон юм. Харин удаах байруудад Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Б.Чулуунцэцэг, Б.Баттулга нар шалгарчээ.

Энэхүү яруу найргын наадам нь Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиан үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үеийнхэндээ төлөвшүүлэх зорилготой бөгөөд  наадамд оролцох яруу найрагчид эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр өрсөлдсөн билээ.

Х.Даваа