Авъяас чадвараараа хэдийн олны танил болсон кино найруулагч Б.Чингүүний нэгэн шинэхэн уран бүтээл болох “Хайр” уран сайхны кино дэлгэцнээ амиллаа. Киноны нээлт өнөөдөр Imax-Өргөө кино театрт болсон юм. Нээлтэнд кинонд бүтээлцсэн уран бүтээлчид болон Монголын кино урлагийн нэртэй төлөөлөгчид оролцлоо. Энэхүү кино нь анх удаа гар утасны камераар хийсэн гэдгээрээ тун онцлогтой юм. Киноны гол дүрүүдэд Т.Цолмон, Ц.Мичидмаа, Ч.Сэлэнгэ нар тогложээ.

Киноны найруулагч Б.Чингүүнээс шинэхэн киноных нь талаар зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Шинэ уран бүтээлийхээ нээлтийг хийж байгаад баяр хүргэе. Хайрын тухай кино цөөнгүй хийгддэг. Энэ кино бусад киноноос юугаараа онцлог вэ?

-Баярлалаа. Хайр бол мөнхийн сэдэв. Энэ киноны хувьд хосуудын хайр гэхээсээ илүү гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн хайр гэдэг хамгаас чухал юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.

-Гар утсаар кино хийхэд ямар байсан бэ? Яагаад ингэж хийе гэж бодох болов?

-Уран бүтээлч хүн гэдэг шинэ зүйлийг үргэлж эрэлхийлж байх хэрэгтэй. Гар утсаар мэргэжлийн түвшинд яаж кино хийж болох вэ гэдгийг харуулахыг хүссэн. Киноны 70 гаруй хувь нь утсаар бичигдсэн. Маш дажгүй, амжилттай болсон гэж бодож байна. Ер нь кино хийхэд гар утас байж болохоор төхөөрөмж юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ мэдээж цаг хугацаа болон ажиллагааны хувьд хүндрэлтэй асуудлууд гарсан.

-Таны цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.

-Баярлалаа