Хүн гүтгэвэл хариуцлага хүлээнэ ээ. Энэ бол зүй ёсны зүйл. Гол нь дурын уран сайханч бусдыг гүтгэсэн эсэхийг тогтоож, Ц.Гарамжав гишүүний санаачилгаар 10-100 сая төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай болдгийн даваанд эрхэм гишүүн өөрийн бэнчингийн энтэй торгуулийн саналаа татсан шоу өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. 

Тэрбум тэрбумын зээлийг өлхөн бүтээгээд бизнесээ өргөжүүлчихдэг сүйхээтэй хатагтай телевизүүд эфирээ зогсоон, сонинууд эхний нүүрээ харлуулж сүржигнэх хэрэггүй байсан хэмээн зааварлахаа ч мартсангүй.Ингэхийн оронд өөртэй нь шулуухан уулзаад алга хавсран мөргөчих хэрэгтэй байсан гэнэ. Тэгсэн бол хуулийн заалтыг агуулгатай юутай нь тайлбарлаад өгчих байсан юм даг уу даа.

 

Гүтгэх нь зөөлрүүлсэн хэлбэрийн Зөрчлийн хуульд тусгагдсанаар гомдол гаргагч харьяа дүүргийнхээ цагдаад хандах эрх үүсч байгаа юм. Цагдаа ах гомдлыг хүлээн авснаас хойш 15 хоногийн хугацаанд шалган мөрдөөд шийдвэрлэчих эрх зүйн зохицуулалт Зөрчлийн дагалдах хуулиудад тусгагдсан. Амжихгүй, эс бөгөөс ойлгогдохгүй бол хугацааг дахин 15 хоног сунгах боломжийг ч тусгасан гэж байгаа. Ингээд эцэст нь гүтгэлэг мөн эсэхийг тогтоож, торгуулийн хэмжээг оногдуулна. Өөрөөр хэлбэл, бидний мэдэх Хэв журмын цагдаа ах эгч нармэргэшсэн мөрдөгчидтэй адил статустай болж байгаа юм байх.

Хэв журмынхан ийм эрх мэдэлтэй болсноор Ц.Гарамжав гишүүний гаргасан санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх зөөлөн хоолууд болно. Үүнийгээ л ойлгуулах гэсэн юм байх. Тиймдээ ч саналаа эргүүлэн татсан ч дээрх хувилбар нь зүй ёсных байсныг тодотгож, хойшид сиймхий гарвал сэмхэн чихэхээ ч үгүйсгээгүй. Инженер, геологич, хөрссудлаачмэргэжилтэй энэ эрхэмд хууль эрх зүйн талын ойлголт нь хэр зэрэг ч байдаг юм. Үндсэн хуулийн дараа орох Эрүү, Зөрчлийн хуулийн үндсэн утга санааг ойлгож л суудаг байгаа даа.

Ямартаа Үндсэн хуулиа бүрэн уншиж үзсэн болов уу гэх эргэцүүлэл өөрийн эрхгүй төрөх. Энүүхэндээ гэхэд мэргэшсэн сэтгүүлчид муухан гишүүнээс дээр гэдэг. Бусдын булхайг илчилж, далд мэдээллийг ил тавьсныхаа төлөө шүүхэд дуудагдаж, энэ төрлийн процесс хэрхэн явагддагийг нүдээр үзэж, биеэр туулж, энэ замын дунд Эрүүгийн хуулийг хангалттай судалсан гэхэд ч хилсдэхгүй. Харин эрхэм гишүүнд ядаж ганц удаа ийм зовлон тохиолдсон байдаг болов уу.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа чуулганы хуралдааны үеэр зээлээ төлөхийг нь шаардаж, Хөгжлийн банкийг хөл дээрээ босоход туслахыг хүсч байсан удаатай. Тодруулбал, “УИХ-ынгишүүн Ц.Гарамжав аа зээлээ төлчих. “Монполимет” группийн эзэн УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ц.Гарамжав та “Би зээлээ төлөөд л байгаа” гэсэн. Гэтэл ажлын хэсгийн шалгалтаар 111 тэрбум төгрөгийн зээлээ хоёр удаа хойшлуулсан, зээлийн хорооны дүгнэлтгүй санхүүжилт авчээ. Хөгжлийн банкны захирлууд судалгаагүй зээл олгосон гэж шалгагдаж байна. Судалгаагүй зээл авсан, төлөөгүйнхөө төлөө та шалгагдах ёстой” хэмээн онцолж билээ.

Мэдээж Ц.Гарамжав энэ бол гүтгэлэг, улстөржүүлж байна гэж хэлж байсан ч З.Нарантуяа гишүүн бусдыг гүтгэсэн хэргээр хуулийн хаалга татаагүй л явна. 111 тэрбумын зээлтэн ч өрөө төлсөн эсэх нь тодорхойгүй үлдсэн юм.

Юутай ч жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх зорилготой төсөлд бондын мөнгөнөөс 65 сая ам.долларын санхүүжилт хийсэн нь үнэн. Мөн Хөгжлийн банктай зурсан гэрээгээр 2013-2015 оны хооронд хэрэгжиж дуусах учиртай. Мөн “Монцемент” үйлдвэрийн нээлт Дорноговь аймгийн Өргөн суманд болж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Монполимет” группийн ерөнхийлөгч Ц.Гарамжав нар тууз хайчилж байсан нь маргашгүй юм даг. Хөгжлийн банкны хөрөнгөөс зулгаан байж Ц.Гарамжав гуай цементийн үйлдвэртэй болсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч 100-хан сая төгрөгөөр л торгоно шүү дээ хэмээн тэнгэрийн юм ярьсан биз.

Ардын намын эмэгтэйчүүд дундаа томоохон хандивлагчид тооцогддог эл эрхэм хэрэгтэй зүйлдээ хичнээн ч хөрөнгө цацаж чаддагийг намынхан нь андахгүй. Ямартаа л Хүний эрхийн хуульч М.Ичинноров намын эмэгтэйчүүд намдаа өгсөн хандивынхаа хэмжээгээр өрсөлддөг. Намын удирдлагууд ч хандиваас хамаарч албан тушаал олгодог гэдгийг хэлж байсан удаатай.

Үүнийг тухайн үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Ц.Гарамжав хатагтай үгүйсгээгүйгээр үл барам “Бид  намдаа боломжийн хэрээр, сэтгэл зүрхнээсээ хандив өгдөг болохоос ямар нэг дарамт шахалтын дор, албан тушаалд суух гэж өгдөггүй. Тухайлбал, Ардын намын 1000 эмэгтэй саяхан Төрийн ордонд эх орныхоо өнцөг булан бүрээс ирж хуралдсан. Үүний унааны зардал, зочид буудлын зардалд маш их санхүүжилт хэрэгтэй байв. Тиймээс эмэгтэйчүүд бид сайн дураар санхүүжүүлэхгүй бол болохгүй” хэмээсэн билээ.

Магадгүй энэ утгаараа МАН-ын захиалсан шүглийг үлээсэн ч байж болох. Түүнээс хөрс судлаач бүсгүй хууль эрхийн асуудалд ийн будилан цөхрөн бажгадахгүй байсан биз.  МАН-ын луйхрууд “шинэ гишүүд олноор парламентад орж ирснээр алив ажил урагшлахдаа сайн байна. Тэд зөвхөн кнопчид тул эргэж хургаж төвөг удахгүй байгаа” гэлцсэн нь энэхэн зуурт тархинд буув.

Эх сурвалж: Л.НИНЖСЭМЖИД

Улс төрийн тойм