Нутгийн ахын буянаар албан тушаалын “лифт”-ээр суга өссөн азтай хүн бол Б.Баярсайхан. Төрд ажилласан туршлагагүй, сурсан мэдсэнээр хомс ч гэлээ эрх мэдэлтэй ахтай байсны хүчинд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд тухалсан нь түүний хувьд том “бэлэг”.

 

Гар бариад бугуй барина гэдэг шиг Б.Баярсайханы хүсэл сонирхол нь Төрийн нарийны суудлаар зогсохгүй нь бололтой. Алтан загасны эмгэн шиг эхлээд авсан албан тушаал нь таалагдахгүйд хүрч, сайдын суудалд санаархаж байгааг юу гэлтэй. Төрийн нарийн бичгийн албан тушаал нь томдчихоод байгааг юу ч биш мэтээр тоолгүй яваа түүнд илүү харж, билүү долоох энүүхэнд аж.

Монгол Ардын нам М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, намаасаа холдсоны дараа намыг хэн авч явах вэ, Засгийн газрыг огцруулах уу гэхчлэн олон яриа тус намд өрнөж байгаа. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг л...Намын дарга нь хэвээрээ байхад л намын албан тушаалыг хуваарилж, яамдын сайд нарыг огцруулж, орных нь хүний нэрийг зоож, зарим нь сайдад багтчих гээд ах, дүүгээрээ яриулан хор найруулж байгаа сураг байна. МАН доторх фракциудын аль нь энэ намыг авч явах нь ирэх жилүүдийн өнгийг тодорхойлно хэмээн нөхдүүд өөр хоорондоо ярилцаж суугаа бололтой юм.

Боловсролын сайдын боловсролоос айх бий. Иймд албан тушаалын “лифт” энэ яамнаас холуур өнгөрмөөр санагдах. Боловсролоор маруухан Төрийн нарийн бичигтэй байлаа гээд ийм сайдтай болж болохгүй биз дээ. Яамны “гал тогоог” барьдаг ажил бол Төрийн нарийн бичгийн дарга. Төрийн албыг хашсан шиг хашиж, хүмүүст юу хийж чаддагаа харуулсаныхаа дараа дараагийн карьераа бодож эхлэх хэрэгтэй баймаар. Ямар нутгийнхаа ахынхаа дэмжлэгээр, дүүгийнхээ шүдэнз зурсанаар сайд бололтой нь биш дээ. Яамны толгойг барих хүн ядаж л туршлагатай байх нь энгийн зарчим юм шүү.  

 

М.Төр

power.mn