Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 29 эмэгтэйг эрүүл­жүүлсэн гэсэн тооцоо гар­чээ. Тэдний тал хувь нь ар гэрийнхэндээ агсам тавьсан гэдэг шалтгаанаар эрүүлжүүлэхэд орсон аж.

Харин үлдсэн хэсэг нь олон нийтийн газарт агсам тавьж, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэдэг үндэслэлээр эрүүлжүүлэгдсэн гэдэг мэдээлэл амралтын өдрүүдэд “хит” боллоо.

Эмэгтэй хүн ар гэрийнхэндээ агсам тавьж эрүүлжүүлэхэд “морилж” байна гээд төсөөлөхөөр айж бэмбэгнэсэн хэдэн хүүхэд, аргадаж загнасан эр нөхрүүд л нүдэнд төсөөлөгдөөд байх юм. За тэгээд агсам тавьж байгаа эмэгтэй хүн гэхээр мэдээж ямар олигтой төсөөлөгдөх вэ дээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, баяр гэж хөөрөлдөн гүйж явсан бяцхан хүүхдүүдийн инээд хөөр тэрхэн агшинд энэ гэр бүлд дахиж хэзээ ч эргэж ирэхгүйгээр хаашаа ч юм бэ хийсэн одсон байхыг үгүйсгэх аргагүй биз. Хүүхдүүдийн бяцхан зүрхэнд булиглаж байсан инээд хөөр, халуун дулаан уур амьсгал нүд ирмэхийн зуурт уур бухимдал, айдас хүйдсээр солигдоно гээд төсөөл дөө. Гэхдээ л тэд энэ бүхэнд ээжийгээ буруутгаж чадаагүй биз ээ. Ангир уургаа шимүүлж, элгэндээ тэвэрч өсгөсөн ээж нь тэднийг яахаас ч буцахгүй байдалтай бол­чихсон байхыг хараад тэд лав ээжийгээ буруутгаж чадаагүй байх. Харин “Тэр муу гайтай архи” хэмээн архинд л бүх бурууг тохож, алагхан зүрхэндээ ээжийгээ хэн нэгнээс нууцхан өмөөрч байсан болов уу. Харин ээжид нь тэднийг бодох ухаан, сөхөө байхгүй байсан гэж бодоход харамсмаар. Тэд одоо юу гэж бодож байгаа бол. Эрүүлжүүлэхээс гарч ирж байгаа ээжийгээ хараад. Ээжийг нь загнаж байгаа аавыгаа хараад. Бяцхан ухаандаа ямар нэгэн зүйл бодож л суугаа байх даа.

Эсвэл тэд одооноос л айж, санаа зовж эхэлж байгаа байж ч юуны магад. “Мартаар ээж агсам тавьсан. Цэргийн баяраар аав яах бол” гэж бодож айж байгаа ч юм билүү хэн мэдэх вэ. Харамсалтай нь аав нь цэргийн баяраар тэдний жигшиж байгаа архийг тамшаалан ууна гэдгийг тэд мэдэж байгаа. Ээж шиг нь агсам тавихгүй юмаа гэхэд гэр бүлд нь халуун дулаан уур амьсгал байхгүй байх болно гэдгийг лав мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зөвхөн эмэг­тэйчүүдээс гадна тэднийг дагаж дарвисан 100 гаруй эрэгтэйг эрүүлжүүлсэн гэнэ байна. Тэгэхээр цэргийн баяраар баяраа тэмдэглэж байгаа эрчүүдийг дагаж хэчнээн эмэгтэй дарвих бол. Тэр өдөр хэчнээн гэр бүл, хэчнээн хүүхэд айдаст автаж хонох бол.

Энэхүү жишээг бичиж суутал дахин нэг баримт санаанд орлоо. Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд 14 ч хоноогүй байна. Энэ хооронд 300 гаруй хүнийг олон нийтийн газарт тамхи татсан гэдэг үндэслэлээр торгосон гэсэн. Тэгвэл торгуулсан 300 гаруй хүний 200 гаруй нь эмэгтэй хүн байсан аж. Энэхүү мэдээллийг сонсоод нэг их  гайхах хүн гарахгүй байх вий гэхээс айж байна.

Сүүлийн үед муу гэсэн юм болгонд эмэгтэйчүүд холбогдож, нэр хүндээ хугалж байгаагаас болоод иймэрхүү мэдээлэлд хэр баргийн хүн цочирдохоо больчихсон нь харамсалтай. Энэ бүхнийг ардчилсан нийгмийн туулаад өнгөрөх ёстой замнал гэдгийг хүн бүр хүлээн зөв­шөөрсөн. Тиймээс л өнөөдөр ийм үзэгдэл гарч байгаа гэж нэгэн зэрэг хэлэх байх. Энэ бүхнийг төр засаг нь ч хүлээн зөвшөөрч, төрийн бодлогод тусгах арга хэмжээг хүртэл авч хэрэгжүүлж эхэлж байгаа нь эмгэнэл гэлтэй. Үүнийг санаж, ухаарч эмэгтэйчүүд маань ямар нэгэн үйлдэл хийгээсэй гэж бодож байна. Уг нь ингэж төрийн бодлого, хууль цааз гаргуулж, хараа хяналтад орж байж асуудлыг шийдэхийн оронд өөрсдийн ухамс­раар асуудлаас гарчих ухаан монгол эмэгтэйчүүдэд бий гэдэгт би итгэдэг юм. 

 

Р.Сарангоо