Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд олдсон олдворуудыг Монголын Үндэсний музейн мэргэжилтнүүд сэргээн засварлаж дууслаа.  Тэд хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаас дээжлэн “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг өчигдөр нээсэн юм.
 
 Хадны оршуулгаас гарсан олдворууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн байдгаараа бусад эртний дурсгалаас онцгой, судалгааны чухал ач холбогдолтой байдаг юм. Үзэсгэлэнд дурсгалаас олдсон нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворуудыг дэлгээд байна.  Үзүүр гялангийн дурсгалаас олдсон  “Аdidas” гуталтай эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворууд лабораторийн судалгааны үр дүнд тулгуурлан Хятаны үед буюу Х зууны үед холбогдохыг тогтоогоод байна. Эдгээр үнэт ховор олдворуудыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч нар сэргээн засаж, бэхжүүлсэн бөгөөд нийт 70 орчим эд өлгийн зүйлс бүрэн эхээрээ энэхүү үзэсгэлэнд дэлгэгдлээ.
 
Т.Сайхан