Ерөнхийлөгчийн сонгуулийн тоолуур ажиллаж эхэлсэн өдрөөс сошиал орчин дахь улстөрийн уур амьсгал идвэхжиж, сүүлдээ нэг нэгэн рүүгээ дайрах хандлага илт ширүүсч байгаа нь УИХ-ын гишүүн асан Д.Энхбатын жиргээнээс тов тодорхой харагдана. “Нээлттэй форум”-аар овоглож олонд танигдсан тэрбээр парламентад суугаад үзчихсэн, улстөрийн наад цаадахыг гадарлах хүний хувьд “Эв нэгдлийг илэрхийлэгч нь монголчуудыг талцуулж байгаа нь таалагдахгүй байна” гэсэн утгатай “цэнхэр шувуу” нисгэсэн нь хэн нэгэнд хандсан хандлага байлаа.

Нээрээ ч түүнийхээр өнөөдрийн сошиал орчинд өрнөж байгаа гол үйл явдал, өнцөг цаанаа ганцхан эзэнтэй байгаа нь арай дэндмээр ч юм шиг. Нөгөөтэйгүүр ард түмнийг хагаралдуулах, талцуулах нь хэрээс хэтэрсэн учраас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат тэсгэл алдан ийн жиргэсэн байх. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд зааснаар бол “Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” нь байх учиртай. Ийм утга агуулгатай сонгуульд өрсөлдөх гэж байж ард түмнээ юу юугүй талцуулаад байгаа нь хэр зохимжтой вэ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn