Баянгол дүүргийн хувьд дүүргийн иргэддээ үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд  бусад дүүргээс тохой илүү гэж хэлж болох. Ингэж хэлэхийн учир нь  өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл 9 давхар  шинэ цогцолбор байртай болсон төдийгүй хуучин эмнэлгийн байраа 140 ортой хүүхдийн эмнэлэг болгон тохижуулсан нь  дүүргийн иргэдийн талархалыг хүлээсэн. Түүнчлэн  дүүргийн хувьд бүтээн байгуулалтын олон ажлыг амжилттай  хийж байгаа.

Тухайлбал, Ахмадын хөгжлийн ордоны барилгын ажлыг  дүүргийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд 7-р сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Энэхүү төв ашиглалтанд орсноор тус дүүргийн ахмад настнууд чийрэгжих,  эрүүл мэндийн үйлчилгээ аван, чөлөөт цагаа  зөв боловсон өнгөрүүлэх боломж нээгдэж байгаа гэнэ.  Мөн орон сууцны хорооллын дундах эвдэрсэн авто замыг засах засварын ажлуудыг эхлүүлээд байгаад дүүргийн иргэд талархалтай хандаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн захиргааны байгууллагуудаас  иргэдэд үзүүлж төрийн үйлчилгээний хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор  төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан нь иргэдийн талархалыг хүлээж, төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх боломжтой болсон.

“Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс төрийн байгуулага болон нутгийн захиргааны байгууллагаас  үзүүлж буй 233 үйлчилгээг иргэд авч болдог. Ийм төвийн үйлчилгээ  одоогоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байна. Тэгвэл хүн амийн нягтаршил ихтэй, нийслэлийн төвийн дүүргүүд болох Чингэлтэй, Баянгол дүүрэгт Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ үгүйлэгдэж байна.

Төвийн дүүргүүдэд төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар тус дүүргийн иргэд төрийн үйлчилгээг авахын тулд дүүрэг алгасан, автобус дамжин явах, албан тушаалтны хаалга үүдийг сахих шаардлагагүй болж  гэрийнхээ ойролцоох төвөөр үйлчлүүлэх боломж нээгдэх юм. Товчхондоо иргэд цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн  шуурхай авах шинэ боломж нээгдэнэ гэсэн үг.

Тиймээс төрийн байгууллагын баг хамт олноо удирдан,  дүүргийнхээ иргэд рүү чиглэсэн бүтээн байгуулалтын олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад, мөн тус дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон  С.Эрдэнэ, Ж.Ганбаатар, Л.Лүндээжанцан, Н.Ундраа нарт хандан Баянгол дүүргийн иргэд нэг цэгийн үйлчилгээг дүүрэгтээ байгуулж өгөхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уламжилж байна.

Иргэд, сонгогчдынхоо хүсэлтийг хүлээн авч, үүнийг ажил хэрэг болгохын төлөө нам эвсэл харгалзахгүй хамтран ажиллаж,  нэг цэгийн үйлчилгээг Баянгол дүүрэгт байгуулж өгнө гэдэгт тус дүүргийн иргэд итгэж найдан хүлээж байна.

Сэмүүн