“Дуу дууны сайхныг дуулаач та” тоглолт өчигдөр орой 19 цагт УБ паласийн их танхимыг доргиосон юм. Энэ бол дууны шүлгийн нэрт мастер яруу найрагч Л.Дагвадорж агсны дурсамж тоглолт байлаа.

Л.Дагвадорж нь Ховд аймгийн Буянт сумын харъяат. Нутаг усныхаа алдарт яруу найрагчийн дурсамж тоглолтыг үзэхээр Ховд нутгийнхан төдийгүй дуунд дуртай монголын ард түмэн нэгэн үдшийг хамтдаа дуулж өнгөрөөлөө.  Монголын ард түмний зүрх сэтгэлд үргэлж эгшиглэж нэгэн зууныг эзэгнэсэн олон гайхамшигтай дуунууд дуулагдсан юм.  Тухайлбал Бүүвэйл хорвоо, Хүж дэлхий амгалан байг, Ухаарч амьдрах хорвоо, Үйлсийн сайхан Улаанбаатар, Хайр дааж амьдрах хорвоо, Ээж минь, Сайхан Монгол морь зэрэг ардын дуу шиг болтолоо үе үеийнхэний чихнээ хоногшсон сайхан дуунуудыг Л.Дагвадорж хэмээх эгэл хүн бичсэн билээ. Өнөөдөр ч эдгээр сайхан дуунууд дуучид төдийгүй жирийн ардын аманд аялгадсаар л явна. Тоглолтыг “Монгол Гүүшийн Чуулган”, ”Монголын зохиолдын эвлэл”  санаачлан зохион байгуулж, “Ховд Аймгийн Хөгжлийн Төлөө Сан” ивээн тэтгэгчээр хамтран ажилласан юм.

Ховд аймгийн Хөгжлийн Төлөө Сангийн  тэргүүн Ш. Адьшаа: Сэтгэл маш их догдолж, хөдөлж байна. Ийм сайхан хүүг төрүүлсэн Ховд нутгийнхаа уул ус, ус мөрөнд нь залбирая. Энэ тоглолтыг зохион байгуулсан “Монгол гүүшийн чуулган, Монголын Зохиолчдын Эвлэлд гүн талархал илэрхийлье. Тоглолтыг шимтэн үзсэн урлагт хайртай үзэгчид та бүхэндээ баярлалаа. Энд хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн дуучид уран бүтээлчиддээ баярлалаа сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай хэмээн хэллээ.
Л.Дагвадорж агсаны төрсөн дүү Цэрэндулам: Энэ  танхимд миний хамт ажилладаг ажлын хамт олон, миний үр хүүхдүүд, ахын маань гэр бүлийн бүх хүмүүс,  Анагаах ухааны дээд сургуулийн 1970 оны хоёрдугаар группын төгсөгчид хүрэлцэн ирсэн байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Одоо ямар сэтгэгдэл надад төрж байна гэхээр ах маань саарал дээлээ өмсчихсөн Нацагдоржийн музейгээс гараад Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн хажуугаар яваад СУИС – ийн дэргэдүүр өнгөрч зохиолчдийн хороог чиглэн халимагаа илээд алхаж яваа юм шиг надад яг үзэгдэж байна. Өнөөдөр ах маань дээд тэнгэрээс энэ гайхамшигтай үйл явдлыг харж бахархаж, сэтгэл нь сайхан байгаа байхаа гэж би бодож байна. Ах маань амьд сэрүүн байхдаа надад нэгэн захидал бичсэн нь одоо надад байна.  Энэ захидалд юу гэж бичсэн бэ гэхээр өнөөдөр ах нь үл үзэгдэх үйлстэн биш байсан ч гэсэн ах нь хөшөө дурсгалаа аль хэдийнэ босгосон. Миний шүлгийг миний ард түмэн дуулж уншиж яваа болохоор би мөнхийн гавъяатай. Хэмээн бичсэн байсан юм.  Өнөөдөр би үзэж байна. Үнэхээр баярлаж бахархаж байна. Би  цаашид ахынхаа уран бүтээлийг туурвих, судлах зэргээр бусад уран бүтээлчидтэй хамтарч маш их зүйл хийнэ гэж бодож байгаа. 2016 онд миний ахын 80 насны ой болно. Тэр хүртэл маш ихийг хийх төлөвлөгөөтэй байгаа. Энд хүрэлцэн ирсэн үзэгчид болон бүх уран бүтээлчиддээ баярлалаа.

Яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар:  Энэ тоглолтыг үзээд сууж байгаа үзэгчидийг харахад их сайхан байна. Яагаад гэвэл бүх үзэгчид бүх дууг нь сэтгэлээсээ нүдэндээ нулимастай шахуу хамтран дуулж байна. Дагваа ахын маань нэр нь Монголын Зохиолчдын Эвлэлд данстай, уран бүтээл дуу нь ард түмний зүрх сэтгэлд данстай ийм гайхамшигтай гэдэг нь өнөөдрийн энэ үйл ажиллагаанаас тод харагдаж байгаад би баяртай байна.  Ингээд нэг дурсамж хэлмээр санагдчихлаа. Намайг анх “Улаанбаатар” сонинд ажиллаж байхад бид нар их уулздаг байлаа даа. Тэгээд “Болор Цом” наадам болох гээд ивээн тэтгэгч хайгаад явж байхдаа Дагваа ахынд ороход миний хэдэн шүлэг ширээн дээр нь байсан юм тэгээд бүгдийг нь уншаад юм бичээд байх шиг сууж байсан.Хэсэг хугацааны дараа харсан чинь “Дуулж яваад жаргасуу” гээд номны оршил ч юм шиг үг бичээд үлдээсэн байсан. Энэ л үгнээс би анх удаа урам авч дууны яруу найрагт орсон юмаа. Тийм учраас би Дагвадорж ахыг багшаа гэж бодож явдаг юм. Сая энэ дэлгэцэн дээр гараад байгаа тоглолтын сурвалжлагыг би Содномдорж ахтай хамт бэлтгэж “Улаанбаатар” сонинд анх удаагаа “Дууны яруу найргийн хаан” гэдэг нэрээр сурвалжлага нийтлүүлж байсан юм. Энэ хүнийг амьд мэнд байхад албан ёсоор “Монголын дууны яруу найргийн” хаан гэж сонин дээр зарлаж өөрт нь уншуулж байснаараа өнөөдөр би их бахархаж байна. Үнэхээрийн дууны яруу найргийн хаан гэдгий нь цаг үе харууллаа даа. Монголын Зохиолчидын Эвлэл, Утга зохиолын зүтгэлтнүүдийн нэрийн өмнөөсөө таныхаа өмнө мэхийн ёсолъё.

 Л.Дагвадорж агсны хүргэн Сундуйжав: Энэ тоглолтыг анх санаачлан зохион байгуулсан “Монгол Гүүшийн Чуулган” – ны тэргүүн  Жаргалсайхан танд их баярлалаа. Мөн энэ тоглолтыг дэмжиж ивээн тэтгэсэн Ховд нутгийн ард түмэн, Ховд Аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адшаа таньд нийт ах дүү төрөл төрөгсөдийнх нь өмнөөс гүн талархал илэрхийлье. Маш их баярлалаа.

 

Т.Түвшинсайхан