"Эрэл"-ийн  Б.Эрдэнэбатын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал даваа гарагт болох гэж байна. Тодруулбал,  Б.Эрдэнэбат  нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалын дагуу томилогдсон Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Б.Батболдыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан "Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "............." дахь зуслангийн байр"-нд нэгжлэг хийх зөвшөөрлийн дагуу мөн өдрийн 12 цагийн үед түүний гэрт нэгжлэг хийж, төрийн албан хаагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь түүнийг алгадаж, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Улмаар энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 230  Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах  олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх  гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ. 

Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа