Дөнгөж сая Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Түүний мэдээлж байгаагаар эмч, багш нар цалингийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр шимтгэлгүй авдаг болох юм байна. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулав. 

Өнөөдрийн байдлаар иргэд  цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэйгээр авдаг. Мөн арилжааны банкны зээлийн нөхцөлийн дагуу цалингийн зээл анх авах, зээлийн нөхцөл өөрчлөх болон гэрээ сунгах үед зээлийн дүнгийн 1 хувийн ШИМТГЭЛ төлж байна.

Тэгвэл тус ажлыг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 18 хувь болгон бууруулж, шимтгэл болон өргөдлийн хураамжийг тэглэхэд 91.373 эмч, багш, ажилтанд санхүүгийн бодит дэмжлэг болно.

Зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй төлсөн байх шаардлагыг тавих бөгөөд цалингийн зээлийн дүн нь зээлдэгчийн 6 сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрвээ 6 сарын цалингаас өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэр, нөхцлийн дагуу хуучин олгож байсан журмаараа зээл олгоно.