ХНХЯ-аас  тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян зарласан. Үүний үр дүнгийн талаар дөнгөж сая ХНХ-ын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тодруулбал, нийгмийн даатгалын 322 ажилтан улсад 10 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Иргэдээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, агентлаг, газар, хэлтсүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, иргэд өөрийн авч байгаа тэтгэврийн хэмжээнд итгэлтэй байх, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын хариуцлагыг сайжруулах зорилгоор Улсын хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд  “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулсан.

Шалгалтаар 937 тэтгэвэр авагч авагчид 881,9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291,9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгосон, нийт 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1173,8 (1.1 тэрбум) сая төгрөгийн зөрчил илрүүлсэн байна.

Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдад илүү олгосон 881,9 сая төгрөгийн зөрчлөөс тэтгэвэр авагчийн өөрийн буруутай үйлдэлтэй холбоотой буюу хуурамч бичиг баримтаар 403,0 сая төгрөг, нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил 478,9 сая төгрөг байна.

Шалгалтаар 275 байцаагчтай холбоотой төлбөр зөрчил илэрсэн бөгөөд эдгээр байцаагчдаас 237 байцаагч нь одоо ажиллаж байгаа ба 38 байцаагч ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн байна.