Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах чиглэлээр ажиллаж байгаа билээ. Энэ чиглэлийн дагуу цуврал ярилцлагуудыг бэлтгэн уншигч танд хүргэхээр болоод байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Цогтбат-Очироос тодруулга яриа авлаа. 
Монгол Улсад визийн хичнээн ангилал байдаг вэ? Үүнээс Гадаадын иргэн харьяатын газар ямар төрөл ангиллын визийг олгож байна вэ?
Хилээр нэвтрэх зорилгоос нь хамаарч гадаадын иргэнд олгодог Монгол Улсын визийн 11 ангилал бий. Энэхүү 11 ангилал нь дипломат, албан, энгийн гэсэн зэрэгт хуваагдахаас гадна орох, гарах-орох, дамжин өнгөрөх зориулалттай, нэг болон хоёр, олон удаагийн гэсэн төрлүүдтэй байдаг.
Эдгээр визийг олгох эрх бүхий хэд хэдэн байгууллага бий. Тухайлбал, Гадаад харилцааны яам дипломат болон албан зэргийн бүх ангиллын виз олгодог бол Гадаадын иргэн, харьяатын газар D буюу дипломат ангиллаас бусад 10 ангиллын виз, визийн зөвшөөрлийг олгож байна.
Мөн гадаад улсад суугаа Консулын газар болон Монгол Улсын элчин сайдын яам энгийн зэргийн В, J , О ангиллын визийг 30 хүртэл хоногоор олгож болдог. Харин 30-аас дээш хоногоор виз хүсэх бол манай байгууллагад хандаж визийн зөвшөөрлөө авах ёстой.

Гадаадын иргэн харьяатын газар ийнхүү виз, визийн зөвшөөрөл олгохоос гадна Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэд оршин суух зөвшөөрөл олгоно. Оршин суух зөвшөөрлийн 17 хэлбэр бий. Тиймээс Монгол Улсад оршин суухаар ирж байгаа гадаадын иргэн заавал тухайн ангиллынхаа визийн дагуу оршин суух зөвшөөрөл ёстой гэдгийг энд анхааруулж хэлмээр байна.

Иргэд ихэвчлэн ямар ангиллын визээр манай улсад зорчдог вэ? Жилд дунджаар хичнээн иргэнд виз, визийн зөвшөөрөл олгож байна вэ?

Гадаад иргэд Монгол Улсад сурах, хөдөлмөр эрхлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулах гээд олон шалтгаанаар зорчдог. Монгол Улс жилийн 4 улиралтай. Виз, визийн зөвшөөрөл хүсэгч гадаад иргэд улирлаас шалтгаалаад янз бүр л дээ. Тухайлбал, жил бүрийн 4 дүгээр сараас эхлээд хөдөлмөр эрхлэх виз, зуны улиралд жуулчны виз хүссэн иргэд түлхүү ханддаг. Ер нь бол бүтээн байгуулалт, аялал жуулчлалын улиралтай холбогдуулан ачаалал ихээр нэмэгддэг.
Бид өнгөрөгч 2016 онд түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх иргэдэд 21305 визийн зөвшөөрөл, 14122 виз олгосон байдаг. Түүнчлэн гадаадын болон өөрийн орны иргэдээс хувийн журмаар гадаадын иргэнийг урих хүсэлтийг хянан, 67 улсын 436 иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон. Энэ тоог өмнөх оныхтой нь харьцуулахад виз олголт 46%, визийн зөвшөөрөл 20,5%-аар тус тус буурсан үзүүлэлт гарсан.
Виз, виз зөвшөөрлийн ялгаа юу вэ?
Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнийг 30 хүртэл хоногоор урих тохиолдолд 14 хоногийн өмнө манайхаас визийн зөвшөөрөл хүснэ. Тэгэхээр тухайн иргэнийг урьсан хувь хүн албан байгууллага нь манайд эхэлж хандаад, хүсэлтээ гаргана гэсэн үг. Түүнийх нь дагуу манайхаас хэд хоногоор виз олгох вэ гэдэг зөвшөөрлийг өгнө. Энэ зөвшөөрлийн кодыг 4 оронтой тоогоор, утсанд нь мессэжээр илгээж байгаа. Үүнийг визийн зөвшөөрөл гэж хэлээд байгаа юм. Харин манайхаас олгосон виз зөвшөөрлийн дагуу тухайн улсынхаа Элчин сайдын яам болон Консулын газарт хандаж визээ авна. Өөрөөр хэлбэл, энэ хүнийг урьж болно гэдэг зөвшөөрлийг манайхаас олгоод, түүний дагуу Элчин сайдын яам болон Консулын газар виз дарах процесс юм.
Визийн зөвшөөрөл олгосон өдрөөс 183 хоногийн дотор хүчинтэй байдаг. Монгол Улсад байх визийн хугацааг 1 удаа 7-30 хүртэлх хоногоор сунгах боломжтой бөгөөд сунгалт хоорондын зай 6 сар байна. Үүнийг бас анхаарах хэрэгтэй.
Виз хүсэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ?

Виз, визийн зөвшөөрөл хүсэхдээ манай байгууллагын immigration.gov.mn сайттай сайтар танилцаж, шаардлагатай бүх материалыг бүрдүүлэх нь зүйтэй. Бүрдүүлсэн бичиг баримтад ямар нэгэн асуудал байх аваас хянан шалгах явцад виз зөвшөөрлийн хариу шийдэгдэхгүй хойшилж болох тул зорчих өдөр болон виз олгох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ. Тэгэхээр юуны түрүүнд материалын бүрдлийг сайтар хангах ёстой.
Визийн зөвшөөрөлгүйгээр виз олгох тохиолдол бий юу?
Визийн зөвшөөрөлгүйгээр виз олгох хэдхэн л нөхцөл бий. Үүний нэг нь Монгол Улсын иргэний 16 хүртэлх насны гадаад улсын харьяат хүүхдэд “H” ангиллын 90 хүртэлх хоногийн “орох” зориулалтын нэг болон хоёр удаагийн виз олгох юм. Мөн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар болон өргөмжит консул, Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын нот бичгийг үндэслэн гадаадын иргэнд визийн зөвшөөрөлгүйгээр виз олгож болно.
Танай байгууллага өдөр тутамдаа ачаалал ихтэй бололтой. Энэ ачааллын багасгах, иргэдэд чирэгдэл багатай үйлчилгээ үзүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрэйшн” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид эхний удаад визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. 6 дугаар сараас цахимаар виз, визийн зөвшөөрөл олгох төлөвлөгөөтэй байна.
Мөн “Цахим иммигрэйшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессэжээр мэдээлдэг болсон. Тодруулж хэлбэл, визийн зөвшөөрөл хүссэн материал ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител”, “Мобиком”, “Скайтел”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж байна. Ингэснээр иргэд уг зөвшөөрлийн дагуу виз олгогч байгууллагуудад шууд хандах боломжтой болж байгаа юм.

Монгол Улсад хувийн болон албан хэргээр зорчиж буй гадаадын иргэд, түүнийг уригч Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж юуг анхаарах ёстой вэ?
Нэн тэргүүнд Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнийг орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлэх ёстой. Энэ үүргийг гадаадын иргэн болоод түүнийг урьж ирүүлсэн хувь хүн, албан байгууллага хүлээнэ. Үүнээс гадна гадаадын иргэн хилээр нэвтэрсэн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авах үүрэгтэй. Энэ 21 хоног нь хуанлийн өдрөөр тоологдох ба гадаадын иргэний бүртгүүлэх ёстой 7 хоногийг багтаан тооцдог гэдгийг анхаараарай.
Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж хэлэхэд Гадаадын иргэнийг Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг гэж бий. Тодруулбал, Гадаадын иргэнийг хууль тогтоомжинд заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх, Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргах, виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд буцаах үүрэгтэй.
Хэрэв уригч нь гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан, орон байраар хангасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээнэ. Тиймээс Гадааадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг судалж, эрхээ эдэлж, үүргээ биелүүлээрэй.