Монгол бол танил тал, ураг төрлөө дэвшүүлдэг, үр ашиггүй байдал, дотоод зөрчилдөөнд автсан, илэрхий шударга бус улс
2013/03/11
Ер нь хүний эрх, тэгш эрх, шударга ёсны төлөө тэмцэж байгаа иргэдийн хувьд МАХН болон МАН-н засаглалын үед ажиллах нь илүү тодорхой байсан гэж үзэж болно.
Харин АРДЧИЛСАН хэмээх тодотголтой АН-н засаглалын үед хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэдэд илүү их бэрхшээлтэй асуудлууд гардаг. АН-н засаг барьсан жилүүдэд ард иргэд ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ, ХУУРАМЧ АРДЧИЛАЛ 2-г ялгахаа больж, хүний эрх, тэгш эрх, хууль эрхзүйт ёсыг үл хүндэтгэх байдал нь засаглалын олон шатны түвшинд алдагдсан хэвээр, зарим тохиолдолд бүр ч доройтох байдал ажиглагдах боллоо.
Тухайлбал, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг салган тусгаарлахыг 2012 оны сонгуулийн өмнө ярьж байсан шигээ хийсэнгүй. Үндсэн хуульд оруулсан 7 луйварыг Үндсэн хуулийн цэц 2000 оны 11 сарын 29-нд хуралаж Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас 1999 оны 12 сарын 24-нд хийсэн “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” оруулах тухай Монгол улсын хууль нь бүхэлдээ Үндсэн хуулийн 1 зүйлийн 2, 68 зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1-ийг зөрчсөн хэмээн эцсийн шийдвэр гаргасаар байтал “Ардчилсан засаглал”-тай гэх “Шинэчлэсэн” төр, засаг огтхон ч хайхарсангүй. Тэр бүү хэл “тэнэг хууль” гээд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөд амралтын өдрүүдэд ажилладаг “хурдтай” Засгийн газар бий болж хууль дээдлэх ёсыг ТӨР өөрөө зөрчдөг болжээ.
Шинэчлэлийн Засгийн газарт Хуульзүйн яамнаас өөр “гялайх гялтайх” бодлоготой яам харагдахгүй, мэдрэгдэхгүй байна. Ялангуяа Нийгмийн хамгаалал, Хөгжлийн яам болон Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа хийж байгаа үйл ажиллагаа нь хүнийг хүйсээр нь, насаар нь, “сайн, муугаар” нь ялгаварласан элитист бодлогыг иргэд биднээс албадан авсан татварын мөнгөөр хэрэгжүүлж байна.
“Сайн охин гэж хэн бэ”, “Зөв Монгол хүн”, “Зөв Монгол хүүхэд” зэрэг бодлого, арга хэмжээнүүд нь хувь хүний эрхэмсэг оршихуйг үгүйсгэсэн, хүнийг эд зүйл шиг үзэж, тэдэнд “ашигч нүдээр” хандаж байна. Төрийн албыг ТӨРЛИЙН алба болгосон хэвээр байна. Үүнийг монголчууд бид өөрсдөө мэдээд зогсохгүй Ази-Номхон далайн Аюулгүй байдлын судалгааны төвийн доктор, профессор Жеффри Рийвэс 2012 оны 1 сард болсон Номхон далайн орнуудыг Чуулган дээр “Монгол бол авилга, танил тал, ураг төрлөө дэвшүүлдэг, үр ашиггүй байдал, дотоод зөрчилдөөнд автсан, илэрхий шударга бус, хааяа хааяа үйлддэг хүчирхийлэлтэй гэрлэсэн маш эмзэг ардчилалтай улс” гэж тэмдэглэн хэлсэн байна.
ШУУД АРДЧИЛАЛ хэмээн олны сэтгэл санааг чилээж байгаа боловч энэ асуудлаа хэрэглэх арга замаа тодорхойлоогүй, иргэдийн оролцоо гэж ярьж байгаа боловч үүнийг хэрэгжүүлэх бодлого, аргачилалаа ч гаргаагүй байгаа нь цаг үеийн байдлыг ашигласан шоу маягтай харагдаж байна. Авилгалтай тэмцэж байгаа боловч “өөрийн” биш “өрөөлийн” хүнийг илүүтэй шалгаж, шүүж байна. Энэ байдлаас харахад АН юуны түрүүнд өөртөө байгаа шударга бус үйлдэлдээ дүгнэлт хийж ӨӨРЧЛӨЛТ хийх бус, харин БУСДАД байгаа дутагдалд илүү хатуу хандаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.
Төсвийн мөнгийг хяналтгүй зарцуулдаг хэвээр байна. УИХ-н чуулганаар батласан 2013 оны төсөв гишүүдийн НҮДИЙГ БООЖ, АМЫГ ХААЖ байгаад батласан төсөв гэж хэлж гишүүд нь ч, иргэд ч хэлж байгаа. Энэхүү шаардлагад дурдсан олон асуудлыг шийдэж чадвал Монгол улсад, монгол хүнд л хэрэгтэй, харин ийм үг хэлсний төлөө “өөрсдийгөө” өмгөөлөх, эсвэл өмгөөлүүлэх байдал гардаг.
“Юм хийж байгаа хүмүүсийг шүүмжиллээ” гэж олон хүн надад хэлдэг, энэ бол “бууз хийж байна гээд түүхий бууз хийж байгаатай адил” байх болов уу. Төр бол иргэд бидэнд ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ НИЙЛҮҮЛЭГЧ, харин ард түмэн бол тэрхүү ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАН АВАГЧ. Тиймээс бид “чанаргүй бүтээгдэхүүн худалдан авахгүй” гэж хэлэх эрхтэй хүмүүс юм.
МоАХ, МоАН-н анхны гишүүдийн нэг. Ж. Занаа