Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Нийслэлчүүд бид хүйтэн сэрүүний улиралд утаа, угаарт хордож амьсгалсаар л...

Нийслэлийн утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Агаарын бохирдлыг бууруулах ажилд хяналт тавих Үндэсний хороо, Агаарын чанарын алба, “Цэвэр агаар” сан шинээр байгуулагдаж, хөрөнгө төсвөө нэмж, утааны эсрэг ихээхэн хөрөнгө хүч хаясаар, хэдэн тэрбумаар нь зарцуулсаар гэх тайлбарыг өгөөд байгаа. Гэвч утаа буураагүй юм.

Харин ч бүр агаарын бохирдлыг хариуцаж байсан эзэн эрхэм Ерөнхийлөгч нь эрх, үүргээ Ерөнхий сайдад аа шилжүүлж байгаагаа мэдэгдэж, Төрийн ордонд өнөөдөр “Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын эрхэм гишүүд хэлэлцэж сууна. Гэхдээ агаарын бохирдлыг хэрхэн бууруулах тухай бус Ерөнхийлөгчийн нэрийг хасч, Ерөнхий сайдын нэрээр солих эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Бүх юм хуулийн дагуу явж баймаарсан.

Утаанаас гадна бас нэг ноцтой зүйл гэвэл хар тугалга нь газраас 1 метрийн зайд тогтдог хүнд элемент бөгөөд гэр хорооллын 190 мянган яндангийн утаанаас гадна автомашины яндангаас ялгарч байдаг. Тиймээс бага насны хүүхдээ хөтөлж биш тэвэрч явах нь эрүүл мэндийг нь хамгаалж, уушигний өвчлөлөөс сэргийлж буйн нэг хэлбэр гэдгийг ДЭМБ-аас манай улсад зориулсан зөвлөмждөө дурьджээ. Энэ зөвлөмж өвлийн улиралд илүү тохирно гэдгээ ч мөн онцолсон гэдгийг та бүхэндээ дуулгая.

:Ерөнхийлөгч хорт утааг арилгах төсөл хөтөлбөрөө Ерөнхий сайдад шилжүүлж, Ерөнхий сайд гурван жилийн дараа хот утаагүй болно, хотын утаа арилахгүй бол надтай яриарай гэж амалсан. Амлалт нь биелэх эсэхийг цаг хугацаа харуулж, өнөөдрийн ерөнхий сайд маань гурван жилийн дараа ямар байр суурьтай байж хариуцлага яригдах нь тодорхой бус. Ямартай ч утаа арилгах ажлыг Засгийн газар хүлээн авсан болохоор ирэх жилүүдэд хэрхэн  ажилладагаа харуулах боломжийг алдахгүй гэдэгт итгэж байна.

Нэг бүр нь 475 мянган төгрөгний үнэтэй зуухыг 160 гаруй  мянган гэр хороололд тараагаад дуусч байна. Бас болоогүй ээ хэрэглээгүй бол торгох нөхцөлтэй. Нэг зуухны үнэ гэхэд бас л үнэтэй юм аа. Гэхдээ үнэтэй гэдгийг нь иргэд мэдрэх боломж даанч байхгүй л дээ. Учир нь тэдэнд 29-33 мянган төгрөгөөр шахчихаж байгаа юм чинь.

Хөөрхий Монголчуудын хэрэгцээ шаардлагыг нь бизнесмэнүүд  олоод харчихжээ. Сүүлийн үед гудамжинд гадаад улстай таарахаар л маск зүүсэн байгаа нь их харагдах болсон юм. Гэтэл  хэд хэдэн компани утаа шүүгч маск оруулж иржээ. Тухайлбал Англи улсад үйлдвэрлэгдсэн гэх онцгой шүүртүүртэй маск нь 95 мянган төгрөгний үнэтэй бөгөөд шүүлтүүрийг 45 хоног тутамд солих шаардлагатай аж. Харин шүүлтүүр нь 35 мянган төгрөгийн үнэтэй. Өвлийн хугацаанд гэхээр багаар бодоход 4 удаа солих шаардлага гарч байна. Тэгэхээр жилд дунджаар утаанаас сэргийлэхийн тулд 235 мянган төгрөг зарцуулах шаардлагатай болж байгаа юм. Зуухыг бодоход хоёр дахин бага үнэтэй юм байна.

Өнгөрсөн жил өрхийн эмнэлэгүүдээр зөвхөн эрсдэлтэй бүлгийн жирэмсэн эхчүүдэд энэххүү маскыг тарааж байсан ч зүүж яваа нь тэр болгон харагдаагүй юм. Бодвол их цөөн тоогоор тараасан байх.

Үүнийг нь судалч үзээд ард түмэнд юм тарааж өгдөг зангаараа өгвөл ямар вэ? Ерөнхий сайд аа.

Хэсэг нөхдүүд сүү, тараг иргэдэдээ тарааж хорт утааны хордлогыг тайлья гэж ярьж байгаа бололтой санадаг л санаа. Гэхдээ хэр дэмжих юм бол доо. Утааг гурван жилийн дотор арилгана аа гэсэн Н.Алтанхуяг сайдын амлалт ямар ажил хийснээр биелэх юм бол.

Ямартай ч Монголчууд бид бүгдээрээ утаатай тэмцэх хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй гэдгийг сануулья.

Х.Даваа