“FREEZONE” хамтлаг “Хотын хэмнэл” тоглолтынхоо хэвлэлийн хурлыг хийлээ
2013/12/03
Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж олон гайхалтай хит дуунуудаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар паласын концертын их танхимд 19:00 цагаас ганцхан удаа “ХОТЫН ХЭМНЭЛ” нэртэй амьд тоглолтоо үнэнч шүтэн бишрэгч, фенүүдээ зориулан тоглох гэж байгаа билээ.
Тэртээх 1998 оноос эхлэн өнөөг хүртэл бүтээсэн хит дуунуудаас түүрэвлэн зөвхөн шилдэг 28-н дуугаа эгшиглүүлэх “ХОТЫН ХЭМНЭЛ” тоглолтынхоо талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэхээр эрхэм сэтгүүлчид болон үнэнч сонсогч, фенүүдээ оролцуулсан хэвлэлийн хурлаа өнөөдөр 12:00 цагаас "BRAUHAUS" ресторанд хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр хүрэлцэн ирсэн сэтгүүлчид болон үнэнч сонсогч, фенүүдээсээ азтаныг тодруулж 1998 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд гаргасан бүх цомгийнхоо цоморлигийг болон хос урилга бэлэглэсэн юм. Мөн бүх сэтгүүлчдэд “ХОТЫН ХЭМНЭЛ” тоглолтоо сурвалжлах мандат олголоо.
Мөн "Өвлийн шөнө" дууныхаа "Шилдэг ковер" - ын эзэнг шалгаруулж, ялагчаар "Universe best songs" наадмын шилдэг 25 оролцогчийн нэг болох Б:Тэлмэн тодорлоо.
Freezone хамтлаг үнэнч хайрын бэлгэ тэмдэг болсон "Хайрын мод"-ыг тоглолтын тодорхой орлого болон залуусын хандивын хөдөлгөөнөөр бүтээх болсноо зарлалаа. Урьдчилсан байдлаар энэхүү модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээхээр төлөвлөжээ. Эрдэнэзуу хийдийн мөнгөн модны жижиг загварыг монголын шилдэг төмрийн дархчуулаар урлуулж байрлуулах аж. Залуус хайрттайгаа болон ханьтайгаа энэхүү модонд ирж цоож зүүн хайраа мөнхөд бөхлөхийг бэлгэдэх юм.
Олон улс оронд хайрын мод байдаг. Зарим оронд цоожин дээр хайртай хосуудын сэтгэлийг үгийг сийлэн тамгалдаг. Аажимдаа ийм жижиг үйлчилгээ ч нээгдэх байх гэж Freezone-чууд найдаж байна. Freezone хамтлаг хайр сэтгэлийн олон сайхан дуутай. Залуусын хайр дурлалын гэгээн нандин бүхнийг дуулдаг тэд хайрын модыг Freezone-ий дуунд дуртай залуусын хөг сэтгэлээр бүтээх нь ээ.