-Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа талаар нийслэлчүүд жилийн жилд ярьдаг. Тэгвэл агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, нийслэлийн ногоон байгууламж агаарын бохирдлын улмаас хэрхэн хордож байгааг судалгааны үр дүнгийн хамт цувралаар хүргэж байна.-

Нийслэлд өвөлдөө 100 метрийн цаадах зам харагдахгүй саарал утаа манан болон суунагладаг. Утааг харах бүртээ бид яахав хордоод өнгөрөх ч үр хүүхдүүд минь яана даа гэсэн эмзэглэл төрдөг нь нууц биш.

Дэлхийн хэмжээнд сүүлийн таван жилд агаарын бохирдол 8 хувиар нэмэгдэж,  гурван сая хүн нас барж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан.  /1/

Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол аюултай түвшинд хүрч хотын хүн ам ДЭМБ- ын олон улсын стандартад заасан жилийн дундаж нарийн ширхэглэгт тоосонцорын (PM2.5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их /2, 3/, Монгол Улсын үндэсний стандартад заасан жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд түвшингээс буюу 25 µg/м3-ээс 3 дахин өндөр бохирдолд өртөж байна.

Хэрвээ дорвитой санаачилга гаргаж, тодорхой арга хэмжээ авахгүй бол өртөлтийн түвшин дараагийн 10 жилийн турш бага багаар нэмэгдсээр байх бөгөөд хотын хүн амын эрүүл мэндэд ноцтой үр нөлөө үзүүлэх хандлага харагдаж байна/4/.

Агаарын бохирдол энэ хэмжээнд байгаа нь Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн (1996) 5.2-т “хүүхэд бүр эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасныг зөрчиж, Улаанбаатар хотын агаарын бохирдол болон агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь тус хуульд заасан хүүхдийн эрүүл өсч бойжих, аюулгүй орчныг хангаж чадахгүй байна.

Дэлхийн өвчний дарамтын судалгаанд агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаарх дэлхий нийтэд хийгдсэн судалгаа, баримт материалуудыг авч үзсэн байдаг. Улаанбаатар хотын хүүхдийн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний дарамтын ихэнх хувь нь уушигны доод замын цочмог халдвар буюу хатгалгаанаас үүдэж байна. Хүүхэд насандаа агаарын бохирдолд өртөх нь цаашид агаарын бохирдолтой холбоотой архаг өвчнөөр өвчлөх тохиолдлыг улам ихэсгэх магадлалтай. Тухайлбал, амьсгалын замын өвчний улмаас үүссэн уушигны бүтцийн өөрчлөлт нь хүүхдийн биеийн хөгжлийн чухал үед амьсгалын хэвийн урсгал алдагдуулснаар амьсгалын замын эрхтэнүүдэд архаг, удаан хугацааны эргэшгүй өөрчлөлт үүсэхэд хүргэдэг./5/

Богино ба урт хугацаагаар нарийн ширхэглэгт тоосонцорт өртөх нь зүрх судасны өвчний эрсдэл болон уушигны хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй шууд хамааралтай./6/ Агаарын бохирдлын улмаас хүүхэд амьсгалын доод замын цочмог халдвараар өвчлөх, архаг өвчлөлүүдэд илүү өртөмтгий болдог. Тухайлбал, уушигны хөнгөн эсвэл хүнд хэлбэрийн хатгалгаа тусах нь архаг өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь ихэнхдээ уушигны үйл ажиллагаа муутгах үр дагаварт хүргэдэг. Амьсгалын доод замын өвчлөлийн хувьд дийлэнхдээ жирэмсэн үеэс эхлэн хүүхэд 2 нас хүртэлх хугацаа байдаг ба тэр дундаа агаарын бохирдолд хамгийн өртөмтгий байх эмзэг үе нь хүүхэд төрсний дараах эхний 2-3 сар байдаг. /7/

Агаарын бохирдлын улмаас ханиад, хатгалгаа туссан хүүхдүүд өнгөрсөн өвөл дүүргүүдийн эмнэлэгийн ачааллыг хэд дахин нэмсэн. Өнгөрсөн өвөл нийслэлд хичнээн хүүхэд амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тоо байдаггүй. Харин сар сараар л   Нийслэлийн эрүүл мэндийн газарт байдаг аж.  

Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл нь тодорхой нэг газар бус харин хүмүүсийн цагаа өнгөрүүлж буй бүхий л орчны агаарын бохирдлын тухайд яригдах асуудал. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь зөвхөн нэг газраас ялгарч буй бохирдлоос шалтгаалдаггүй, харин хүний амьдарч буй бүхий л газрууд дах өртөлт болон хувь хүний өвчинд хэр өртөмтгий байдлаас хамаардаг.

Агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлийг бууруулахын тулд агаарын бохирдолтын өртөлтийг багасгах, дархлаажуулах замаар өвчлөлийн тархалтыг бууруулах, мөн урьдчилан сэргийлж болохуйц эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зэрэг цогц арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Агаарын бохирдлын өртөлтийг бууруулахад хүүхдийн цагаа өнгөрүүлж буй бүхий л орчинд, ялангуяа хамгийн өртөмтгий эмзэг үед байх байршил бүрт чиглэгдсэн зохион байгуулалт шаардлагатай байна. Тухайлбал,  хүүхдүүд гэр, сургууль, цэцэрлэгийн байршлаас хамааран агаарын бохирдолд өртдөг бөгөөд гэр хорооллын айлын хүүхдүүд  өвлийн цагт илүү өвчилдөг.

Тиймээс  ЕБС болон цэцэрлэгүүд  хүүхдийн амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг сургууль болон хичээлийн танхимд тодорхой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Орчин үеийн сургуулиудын барилгууд төвлөрсөн агааржуулах Агаар халаах, хөргөх, сэлгэх системтэй. Эдгээр Агаар халаах, хөргөх, сэлгэх систем нь ХЕПА шүүлтүүр буюу агаар дах тоосонцрыг өндөр үр ашигтай шүүдэг шүүгчтэй ба энэ нь хичээлийн анги танхимын дотоод орчны агаарт агуулагдах тоосонцрыг бууруулах зорилготой. Финланд улсад мэргэжлийн орчинд ийм аргыг хэрэглэж үнэлгээ хийхэд өртөлт багассан дүн гарсан.

Мөн пневмококкийн вакцины хамралыг нэмэгдүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд уушигны хатгалгааг антибиотикоор эмчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд амьсгалын замын өвчлөл үүсгэх синцитиаль вирүсийн эсрэг бие болох паливизумабаар урьдчилан сэргийлэх, төрсний дараах 6 сард эхийн сүүгээр дагнан хооллох, хоол тэжээлийн дутлыг бууруулах зэрэг ажлуудад төвлөрөх хэрэгтэй. Мөн амны хаалт хэрэглэж занших шаардлагатай байна.

 

Эх сурвалж