Ёс бус үг хэллэгтэй номуудыг БШУЯ-аас батлаагүй
2013/12/04
Сүүлийн үед цахим сайтуудаар бүдүүлэг, ёс бус үг хэллэг, дүрс, зураг нийтэлсэн номнууд хүүхдүүдийн гар дээр очиж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон билээ.
Энэ нь иргэдийн дунд БШУЯ-аас баталсан бага ангийн сурах бичгүүд тийм агуулгатайгаар хэвлэгдэж байгаа мэт ойлголт төрүүлээд байгаа юм. Энэ талаар БШУЯ-аас тодруулахад, “Манайхаас баталж хэвлүүлдэг бага, дунд, ахлах ангийн сурах бичгүүдийн алинд нь ч ийм оньсого, зураг байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.
Энэ хичээлийн жилд 6,11-р ангийн сурах бичгүүдийг шинэчилж хэвлэсэн. Ирэх хичээлийн жилд 7,12-р ангийн сурах бичгүүдийг шинэчилж хэвлэхээр бэлэн болж байна. Харин бага ангийн шинэ сурах бичгийн хувьд энэ жил боловсролын чанарын шинэчлэлийн туршилт явуулж буй лаборатори 40 сургуульд туршилт хэлбэрээр хэрэглэж байгаа. Албан ёсоор хэвлэгдэж, бүх сургуульд очоогүй байгаа. Бидний үр хүүхэд, хойч үе эрдэм боловсролтой, зөв хүн болон төлөвших нь ганц салбар хариуцсан яам биш эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид бидний хамтын шийдэх асуудал юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ ямар нэгэн ном авч өгөхдөө доторх агуулгад нь онцгой анхаарч, миний хүүхэд хэн гэдэг хүний, ямар номыг унших вэ гэдгийг анхаарч үздэг байх хэрэгтэй. Цаашид хүүхдэд зориулсан аливаа ном, соёлын бүтээгдэхүүнүүд хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр ССАЖЯ-тай хамтарч ажиллана” гэлээ.
Х.Даваа