Алтан ордны улсын хан (Алтан ордны улсын эзэд хаан биш хан хэмээх цолыг өргөн хэрэглэж байжээ. Хан гэдэг нь монгол хэлний хаан гэдэгтэй утга нэг) Юань гүрний эзэн хаанд захирагдаж алба төлөн “гутгаар зэргийн түшмэлийн” зэрэгтэй байж Хятадын 3 мужаас татвар авах эрхтэй байсан юм.

БХЭШХ-н ЭША, доктор ахмад Т.Сүхбаатар

ЮАНЬ ГҮРЭНД АЛБА ХААСАН ОРОС ЦЭРГИЙН ТҮМТ

Кибчагийн өргөн уудам тал нутаг дээр байгуулагдсан Зүчийн улс буюу Алтан ордны улс нь Монголын эзэнт гүрний нэг салаа мөчир байжээ. Алтан ордны улсын хан (Алтан ордны улсын эзэд хаан биш хан хэмээх цолыг өргөн хэрэглэж байжээ. Хан гэдэг нь монгол хэлний хаан гэдэгтэй утга нэг)  Юань гүрний эзэн хаанд захирагдаж алба төлөн “гутгаар зэргийн түшмэлийн” зэрэгтэй байж Хятадын 3 мужаас татвар авах эрхтэй байсан юм.

Алтан ордны улс Юань гүрэнд олон алба төлж үүрэг хүлээж байсны нэг нь цэргийн алба юм. Юань гүрний эзэн хааны шаардсан үед цэргийн хүч илгээх бүрэн боломжтой байсан бөгөөд энэ нь Монголын эзэнт гүрний үеэс уламжлагдан ирсэн тогтолцоо билээ. Их хаан Мөнхийн зарлигаар Бат хан исламын ертөнцөд явуулсан аян дайны үед цэрэг гарган өгч байжээ. XIII зууны хоёрдугаар хагаст өмнөд Хятадыг байлдан дагуулах Хубилайн цэрэгт орос цэргийн отрядууд татагдан оролцсон[1] юм. Энэ үүрэг Алтан ордны улсын дараа дараагийн хангуудын үед ч уламжлал болон хадгалагдсан.

1260-аад оны дунд үеэс Хубилай хааны үед[2] Дайду (Бээжин) хотоос хойшхи газар нутагт 10,000 хүнтэй орос цэргийн харуул ажиллуулж байсан юм. Алтан Ордны улс дайн тулалдаанаар олзлогдсон хүмүүс болон татварын өрийн оронд орос хүмүүсийг Юань улс руу явуулж, цэргийн албанд зүтгүүлж байжээ.

Тэдгээр цэргүүдийн үүрэг бол хааны амь нас болоод хааны ордныг сахин хамгаалах үүрэгтэй торгон цэргүүд байжээ. Азийн улс орнуудын эзэн хаадын дэргэд байсан “тайган”-чуудын гүйцэтгэж байсан үүрэгтэй ойролцоо, Чингис хааны үед байсан “хэвтүүлийн” болоод шадар хишигтэн цэрэгтэй ижил байсан гэж үзэж болно. Энэ үүрэг Өлзийт Төмөр хаан болон Буянт цэцэн хааны үед үргэлжилсэн юм.

Юань гүрний Өлзийт Төмөр хааны үед 10,000 гаруй орос цэрэгт 6700 акр газар өгч хүнсийг нь өөрсдөөр нь бэлдүүлэх зорилгоор тариа тариулж байлаа. Энэ нь Юань гүрний эдийн засагт дарамт учруулахгүйгээр цэргүүдээр хүнсийг нь бэлтгүүлж байсан сонирхолтой баримт юм. Орос цэрэг хятад газар байсан тухай олон баримтыг судлаачид гаргаж ирсэн байдаг. Оросын эрдэмтэн Г.В.Вернадский энэ талаар ".... цэрэгт татагдсан олон тооны орос цэргүүдийг үе, үе Хятад руу илгээдэг авч тэдний нэгээхэн хэсгийг орон нутгийн хэрэгцээнд үлдээдэг байжээ[3]. Мөн 1267 онд өмнөд Хятад руу хийсэн Хубилайн аян дайнд Перс болон Оросоос татагдсан цэргүүд[4] оролцож байжээ" хэмээн өгүүлжээ.

1330 онд Оросын тусгай нэгтгэл буюу түмт /тьма/ Юань гүрэнд байгуулагджээ. “Юань улсын түүх”-д бичсэнээр командлагч нь (оросоор темник) “Үнэнч зарлан дуудагчийн (энд нэрийг нь хэлнэ) амьдралыг хамгаалагч –арван мянгатын нэгтгэлийн ахмад”[5] хэмээх цол авч байжээ. Эзэн хааны зэрэг дэвийн дагуу гуравдугаар түвшин бөгөөд төрийн нууц зөвлөлд харьяалагдаж Бээжингээс хойш газар олгосон байна. Оросуудыг гутал хувцас, үхэр, хөдөө аж ахуйн багаж зэвсэг болон будаа тариагаар хангана. Тэдгээр нь өөрийн байрлаж буй ангийнхаа нутаг дэвсгэрийн ой, гол, нуураас эзэн хааны хоол хүнсэнд хэрэглэх янз бүрийн шувуу, загас агнаж нийлүүлэх ёстой байжээ. 1331 он гэхэд 6000 гаруй Орос цэргийг шинээр Юань гүрэнд татсан байна. Эдгээр цэргүүд нь бусад цэрэг ангиудтай харьцуулшгүй давуу эрх дархтай “үүрдийн үүрд байх орос торгон цэрэг” [6] байсан юм.

1331 онд Орос түмтийг захирагч нь Үнэн зарлан дуудагчийн хэмээх хэргэмтэйгээ “Амьдралыг хамгаалагч-Орос цэргийн командлагч” гэж нэрлэгдэж байв.[7] Тэрээр мөн албан тушаалын мөнгөн тамга хэрэглэх эрхтэй болжээ. Ахмад хэмээх хэргэмийг өөрчилсөн нь тодорхой бус бөгөөд орос цэргийн бүрэлдэхүүн тооны хувьд багасаж түм хүрэхгүй болсонтой холбоотой байж магадгүй, эсхүл орос түмэн томорч нэг түмээс ч илүү олон болсон байх магадлалтай. Тэр жилийн мэдээгээр шинээр 600[8] орос цэрэг шинээр татагдан иржээ.

 1339 онд Юань гүрний жанжин Баян “Амьдралыг хамгаалагч - орос цэргийн командлагчаар томилогдож байсан бөгөөд зарим үед орос хүн командлагч болох тохиолдол байжээ.

Мөн орос болон алан, кибчаг[9] цэргүүд Хятадын Ляоян муж буюу Солонгосын хил дээр алба хааж байжээ. Тэдгээр оросууд байнгын оршин суугчид болж 1339 оныг хүртэл амьдарч байсан хэмээн хятадын албан ёсны түүхэнд тэмдэглэсэн нь буй[10]. Монголын засаг захиргаа Оросоос цэрэг албан ёсоор татахаас гадна олзны боол оросуудыг үе үе аваачиж суурьшуулдаг байсан байна. Энэ талаар XIX зуунд доктор Э.В.Бретшнейдерийн бичсэн өгүүллэгээс[11] харж болно.

Сатун[12] (Эль-Төмөрийн дүү) эзэн хаанд 16 орос гэр бүлийг бэлэглэж оронд нь хариу бэлэг болгон 107 мөнгөн ингот ба 5000 тинге цаасан мөнгөөр авч байсан байна. Энэ тохиолдолд оросуудыг хонь болон бэлчээрээр хангадаг байжээ. 1332 онд Жонон Чан-ки (Цагаадайн улсын жонон Джинши байх) Юань гүрний эзэн хаанд 170 орос олзлогсод бэлэглэж, үүнийхээ төлөө 72 мөнгөн ингот ба 5000 тинге цаасан мөнгөөр авсан байдаг.

Эль-Төмөр ван өөрийн биеэр их хаанд 2500 орчим орос олзлогсод бэлэглэж байжээ. Энэ бол 1327-1328 оны хооронд монголчууд болон Москвагийн ванлиг хамтран Тверийн ванлигийн эсрэг явуулсан залхаан цээрлүүлэх ажиллагааны үеэр олзлогдсон оросууд байх магадлал тун их гэж үздэг.

Оросуудаас гадна кибчаг болон дээр дурдсан алан буюу асуд нар  Юань гүрэнд цэргийн алба хааж байжээ. 1281-1328 оны үед кибчаг цэргүүд баруун, зүүн харуулын үүргийг[13] гүйцэтгэж байсан баримт бий. Мөн 1328 оны үед 10,000 орчим кибчаг цэргүүд гэр бүлийн хамтаар Бээжингийн баруун хойд хэсэгт журам сахиулах цагдаа, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Дайчилгаанд хамрагдан Хятад руу очиж тэндээ суурьшин суухад хүрсэн хүмүүсээс эргэж Оростоо ирэх боломж бараг байхгүй байжээ. Ихэнх нь тэндээ үлдсэн байна. Юань гүрэн мөхсөний дараагаар тэнд байсан орос цэргийн түмтийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн бөгөөд энэ талаар цаашид судлах нь зүйтэй бизээ. Монголчуудаар дамжин оросууд хятад гэдэг орон байдгийг мэдэж, дорныхон өрнөдийн улс орны тухай зөв мэдээлэлтэй болж дараа дараагийн хөгжилд нь томоохон хувь нэмэр болсон юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

  1. Г.В.Вернадский “Монголчууд ба Орос орон” УБ.2008 он
  2. Рустан Рахманалиев. ”Империя Тюрков, Великая Цивилизация” М.,2009.
  3. В.В.Трепавлов.”Золотая Орда в XV столетии”.М.,2010
  4. Жек Ведерфорд. ”Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” УБ.,2003 он
  5. О.Б.Бубенок.“Аланы-Асы в Золотой орде (XIII-XV вв.)” Киев.,2004
  6. Мияаваки Жюнко Оросын царь Алтан ордныг залгамжилсан нь.”Түүхт хүмүүсийн цуврал” 26, “Чингис хаан”. Дэд дэвтэр.Гакүшюү кэнкюүшия, 1991
  7. Э.В.Бретшнейдер. “Русь и асы на военной службе в Китае” 1894
  8. Иванов А. И. “История монголов (Юань-ши) об асах-аланах” Спб., 1914.
  9. Академия наук татарстана институт истории казанский государственный университет кафедра истории татарского народае. “Источниковедение Истории Улуса Джучи (Золотой Орды) от Калки до Астрахани 1223 -1556”. И. Кычанов.”Сведения из “Истории династии Юань”(“Юань ши”) о Золотой Орде” Казань.2001
  10. http://russian.china.org.cn/russian/56089.htm

[1] Мияаваки Жюнко Оросын царь Алтан ордныг залгамжилсан нь.”Түүхт хүмүүсийн цуврал” 26, “Чингис хаан”. Дэд дэвтэр.Гакүшюү кэнкюүшия, 1991.т.82

[2] Иванов А. И. История монголов (Юань-ши) об асах-аланах. ХВ, т. II, вып. III. Спб., 1914.

[3] Г.В.Вернадский “Монголчууд ба Орос орон” УБ.2008., 79-р тал

[4] Мөн тэнд 79-р тал

[5] Рустан Рахманалиев.”Империя Тюрков, Великая Цивилизация”М.,2009.с.327

[6] Р.Ю.Почекаев. “Алтан ордын хаад” УБ.2013.,117-р тал

[7] В.В.Трепавлов.”Золотая Орда в XV столетии”.М.,2010.с.44

[8] Г.В.Вернадский “Монголчууд ба Орос орон” УБ.2008., 79-р тал

[9] О.Б.Бубенок.“Аланы-Асы в Золотой орде (XIII-XV вв.)” Киев.,2004.,с.97

[10] Жек Ведерфорд.”Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”.УБ.,2003.268-269-р тал

[11] Э.В.Бретшнейдер. “Русь и асы на военной службе в Китае” 1894, № 1, с. 68-73

[12] Эль-Төмөр буюу зарим сурвалжид Яньтөмөр, Энхтөмөр, Ихтөмөр гэдэг нэрээр түүхэнд үлдсэн Юань гүрний их ван.

[13] Академия наук татарстана институт истории казанский государственный университет кафедра истории татарского народае. “Источниковедение Истории Улуса Джучи (Золотой Орды) от Калки до Астрахани 1223 -1556”. И. Кычанов.”Сведения из “Истории династии Юань(Юань ши) о Золотой Орде Казань.2001.с.30