БНСУ-ын Чежү аралд болж буй  “Гран при” тэмцээний 2 дахь буюу сүүлийн өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр -100 кг-ийн жинд МУ-ын Хөдөлмөрийн баатар Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр зодоглож эхний тойрогтоо хийлэн хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Ким Жинуныг цэвэр ялж, улмаар хагас шигшээд Канадын бөх Рэйс Кайлыг мөн цэвэр ялсанаар финалд үлдлээ.

Финалын барилдаанд тэрбээр Украйны бөх Артем Блошенкод зодоглох юм. Ингэснээр Олимпийн аваргын маань хувьд Олимпоос хойш 3 дахь ОУ-ын тэмцээндээ зодоглож 2 дахь медалиа хүртэхээр болоод байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө  Токио хотноо болсон "Их дуулга" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Өнөө орой хийх аваргын төлөөх барилдаанаас медалийн өнгөө хувиргах боломжтой.

Уншигчдынхаа өмнөөс Н.Түвшинбаярдаа амжилт хүсч, мөнгөн медалийн өнгөө хувиргаарай хэмээн ерөөе.

Х.Даваа