Дөнгөж хөлд орж байсан хүү амьсгал хураажээ. “Ямар нэг зовиур шаналгаа байгаагүй. Хэд хоногийн өмнө юм мөргөж унасныхаа дараа уйлагнаад хоол, ундандаа дургүй байхаар тархи нь хөдөлсөн байж магадгүй гээд бариулсан”. Ээж нь үүнээс өөр юм яриагүй байна. Гэхдээ “Өрхийн болон хүүхдийн эмчид тогтмол үзүүлж зөвлөгөө авдаг учраас миний хүү эрүүл, ямар нэг суурь өвчингүй. Яагаад амь алдсаныг тогтоолгох задлан шинжилгээ хийлгэе” гэсэн хүсэлт гаргажээ. 


Хүүд задлан шинжилгээ хийхэд тархиндаа цус хуралттай, цусан хангамжийн дутагдалд орсон... Толгойн баруун хэсэгт байх хоёр хялгасан утас тасарч, цусны эргэлт өөрчлөгдсөн... Энэ нь гадны нөлөө буюу бариа заслыг буруу хийснээс үүссэн механик гэмтэл мөн” гэсэн дүгнэлт гарсан байна. Ингээд цагдаагийнхан бариач Доржпагма гэх эмэгтэйг ажиглалтдаа авсан ажээ. Хотын төвд нэг өрөө байранд ганцаар амьдардаг эмэгтэйг зорьж очдог хүмүүс цөөн биш байв. 


- Олон л хоног бариуллаа. Дээрдэж, сайжирсан юм алга. Одоо энэ хүн дээр чинь дахиж ирэхгүй шүү...
Эхнэрээрээ түшүүлж, таяг тулсан 40 эргэм насны эр ихэд бухимдалтай ингэж хэлэхийг Доржпагмын байрнаас гарч явах үед нь сонсож. 
Эхний өдрийн ажиглалтаар Доржпагмынд 20 шахам хүн зочилсны олонхи нь хүүхдээ тэвэрсэн залуухан хосууд, мөн тулгар биетэй бүсгүйчүүд байв. Дараагийн өдөр ч иймэрхүү маягаар үргэлжилж, нэлээд орой болсон хойно хижээлдүү насны хоёр хүн ирж, “бариач” Доржпагмыг машиндаа суулган авч явахад нь ажиглалт тандалтын хэсгийнхэн дагажээ. Олны нэрлэдгээр шинэ Гэмтлийн эмнэлгийн гадна очоод Доржпагма өвчтөн эргэж буй дүрд хувирав бололтой халуун савтай цай, хоол барьж, нөгөө хоёр нь дагаад дотогш орсон байна. 
Үүдний жижүүр сувилагч дээр очиж нэлээд удаан зогссоноо зөвшөөрүүлж чадав бололтой гурвуул дотогш оржээ. Гарч иртэл нь хүлээсэн аж. Цаг гаруйн дараа нөгөө гурав гарч ирж машиндаа суугаад буцсан байна. 
Гурав дахь өдрийн ажиглалт “олзтой” эхэлжээ. Урьдын адил цаг авч, дугаар бичүүлсэн хүмүүсийн урдуур нэг залуу дайрч орсноор бөөн хэрүүл дэгдсэн байна. 
- Юу ч мэдэхгүй, чадахгүй ийм юманд хууртаад зогсож байгаагаа мэдэж байна уу, та нар..? Халамцуу яваа түүнийг ингэж хэлэхэд ам амандаа шаагилдаж байсан хүмүүс “Юу гээд хэлчихэв” гэсэн шиг таг дуугүй болцгоожээ. Ихэд уур омогтой дотогш орсон залууг хүлээж зогссон нэгэн бүсгүйгээс: 
- Та бариач дээр ирж байгаа юм уу гэж асуухад дуугарсангүй. Тэгэхээр нь яриа өдөж:
- Энэ тийм сайн бариач юм уу? Манай эхнэр “Сав суулганд сайн гэсэн” гээд заавал наашаа явах гэж зүтгээд... хэмээн итгэж ядсан дүр эсгэж үзжээ. 
- Хэрэггүй биз дээ. Манай дүү төрөх дөхсөн юм. Хүүхэд нь доошоо орчихлоо гэхээр нь бас энэ хүнийг “сайн” гэхээр ирж 4-5 удаа бариулж, баадагнуулсан. Тэгтэл юун барьж, засах. Бүр ураг хэвлийдээ амьгүй болчихож гээд эмч нар гайхаад, бөөн хэл үг үүсээд явж байна. Ямар сайндаа дүү маань “Телевизийнхнийг дуудъя. Энэ балиар амьтан олон хүнд гай болно” гээд уурлаад байхаар нь “Юу ч гэсэн уулз. Тэгээд “бариулсан” гэж өгсөн мөнгөө ав” гээд оруулчихлаа. Бид нар юу ч мэдэхгүйгээсээ болж тус биш ус болсон ийм юмнуудад хууртаж, эцэст нь амь нас, эрүүл мэндээрээ хохирдог юм байна. Чи эхнэрийгээ энэ хүнд үзүүлж, бариулсны хэрэггүй. Зүгээр л эмчдээ үзүүл. Ядаж дипломтой. Тэгээд ч үзэх харах нь хүртэл өөр шүү дээ... хэмээн дуугарахгүй байсан эмэгтэй ам халж, баахан юм ярьсан байна. 
Тэр оройдоо Доржпагма гэгч ер нь хэн бэ гэдгийг ойр орчныхноос нь асууж, нэлээд сайн судлажээ.
Наймдугаар ангиа төгсөлгүй сургуулиас гарсан, боловсролгүй учраас мэргэжилгүй гэх ангилалд багтах нэгэн аж. 30 насыг нэлээд хол давж өнөөдрийг хүрэхдээ хоёр удаа гэрлээд салсан гэнэ. Яагаад гэр бүлийн хувьд тогтворгүй байдаг вэ гэхээр шалтгаан нь үр хүүхэд гаргадаггүй юм байна. Тэгээд ч тэр юм уу Доржпагмаас ойр хавийнхан нь нэлээд цэрвэдэг ажээ. Хүүхэд гаргадаггүйн дээр хэл үг нь гүйцэгдэхгүй хэрүүлч заргач болохоор “Хар хэл амтай. Түүнтэй үг сөрсөн хүнд заавал таагүй явдал тохиолддог. Ийм муу энергитэй хүн барьж засна, эмчилнэ гэдэг юу л бол” гээд тэр эмэгтэйд олигтой дүгнэлт өгөх хүн байсангүй. 
Үнэт эдлэлийг хэдэн янзаар сэлгэж, булга минж, савхи илэг гээд өөрийгөө аль сайн, сайхан бүхнээр хулдаж гоёдгийг нь хүртэл ярихдаа “Шунал нь дэндсэн хүн. Ганц бие байж хүнээс их хэмжээний мөнгө нэхнэ. Өгөхгүй бол элдвийн үгээр доромжилдог гэсэн” гэх матаас хүртэл түүнийг дагалджээ. 
Асуудал нэгэнт ийм дээрээ тулсан учраас Доржпагмыг гэрээс нь баривчилж, ажлын байрыг нь битүүмжилсэн байна. Хүүгийн үхэлд түүнийг сэжигтнээр татан шалгах явцдаа нөгөө таягтай залуу болон ураг нь хэвлийдээ амьгүй болсон гэх эмэгтэй мөн өөр хоёр, гурван “үйлчлүүлэгч”-ээс тодорхойлолт авчээ. Тэд үнэхээр Доржпагмад өчнөөн мөнгө төгрөг, бас захисан, хүссэн бүгдийг нь өгсөн төдийгүй эрүүл мэндээрээ хохирсон хохирогчид байв. 
Нас барсан хүүгийн “Тархи доргисон байна” гээд гурван удаагийн барианы үнэ 200 мянган төгрөг авсан аж. Инэгхдээ “Бариа заслын” анхан шатны мэдлэггүй атлаа ямар ч айдас, эмээх юмгүйгээр хүүхдийн хар хөлсийг цутгатал чарлуулан “барих”-даа чамархайн дээд талын судсыг хоёр хэсэг газарт гэмтээсэн аж. Тиймээс угийн тархины даралттай, бие султай хүү амиа алдсан гэдгийг тогтоожээ. Гэхдээ “Бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн” гэж үзэх үндэслэл байхгүй тул “Бусдыг хууран мэхэлж, хохирол учруулсан” гэх зүйл ангиар ял оноосон байна. 
- Мөнгө олох гэж ийм юм хийдэг байсан. Ахиухан мөнгөтэй болчихвол хүүхэд тээх, эх болох эмчилгээ хийлгэх гэж бодсон. Доржпагмын энэ мэдүүлэг хэргийн зүйлчлэлийг шунахай сэдэлтэй гэж үзэх үндэслэл болжээ. Ямартай ч гэм буруугийнхаа улмаас энэ эмэгтэй шийтгэл хүлээсэн байна. Харин энэ хүн шиг “бариач” цөөн биш байгаа болов уу гэх эмзэглэл төрж, ахиад амь нас, эрүүл мэндээрээ хохирчих вий гэдэгт л асуудлын гол байгаа юм. 
Доржпагма яагаад ийм олон хүнд “таалагдаж”, тэд түүнийг зорих болов? Магадгүй, заримд нь тус нэмэр болсон юм биш байгаа? Одоо энэ асуултад хариулт өгөхийн тулд “бариач”-ийн “ид шид” рүү өнгийж таарна. 
Тэрбээр зургаан жилийн өмнө “Бариа засал” хийх эрхтэй гэсэн хуурамч гэрчилгээг Хөх хотоос авчээ. Ажлынхаа байрны хойморт өлгөсөн “Ардын уламжлалт эмчилгээ, бариа засал, зүү төөнүүр”-ийн Азийн холбооноос олгосон жигтэйхэн гоёмсог гэрчилгээг хараад итгэхгүй байхын аргагүй. Бас хүрэн мебель шүүгээг шагнал, талархлын гэх өнгө, өнгийн хуудас, цом, туузаар дүүргээд тавьчихдаг байна. Түүнчлэн ур чадварыг үнэлэх, хүний итгэл үнэмшлийн хамгийн сайн татах “шидэт” “Талархлын” томоос том дэвтэр хэд хэд байх ажээ. Тэнд үйлчлүүлсэн 228 хүн зөвхөн “Доржпагмын хүчээр алтан дэлхийд амьд яваа азтай...” хэмээн бичсэн байх юм. Зарим “үйлчлүүлэгч”-ийн гэрэл зураг байна гээч. 
Ингэж л өөрийгөө рекламдаж, ажлын байраа тохижуулж авчээ. Хэн ч байсан итгэж үнэмшмээр байгаа биз? Дээр нь түүний “өвчтөн”, “үйлчлүүлэгч”-ээ “мад” тавих арга маш зэвүүн ажээ. 
Бариулах, зүү төөнүүр хийлгэх зовиуртай, өвчтэй хүмүүсийн олонхи нь өвдөлт, шаналгаа ихтэй байдгийг тэр сайн анзаарч “Ямар ч байсан өвдөлтийг намдааж, нойртой хонуулах, унтуулж амраах “хэрэгтэй” гэж энэ чиглэлд анхаарчээ. Тиймээс Доржпагма зорьж ирсэн өвчтөнийг барьж буй дүр эсгэн буруу, зөвгүй баахан илж шудраад, явахад нь: 
- Энэ Өвөрмонголын ховор тан шүү. Бариа заслыг эрчимжүүлнэ гээд өвчин намдаах эмийг нойрсуулах эмтэй хольж нунтаглаад боож өгдөг байна. Ингээд л “Өвдөлт намдлаа. Сайхан унтаж хонолоо... Ёстой сайн хүн байна” гэсэн сурталчилгаа газар авч, түүний башир “бизнес”-ийг идэвхжүүлдэг аж. Жирэмсэн бүсгүйчүүдийг ихэвчлэн, 
- Хүүхэд чинь хүйгээ ороож... гэдэг бөгөөд эсвэл
- Доош суусан байна гээд баадагнаж өгөөд бас л нөгөө хоёр эм хольж боосон “тан”-гаа уулгадаг байжээ. 
Ямар нэг бэртэлт, хугаралт, яалт ч үгүй үе мөчний өвчинтэй хүн бол мэдээж өвдөлт, зовиур нь эмэнд дарагддаг байсан бол жирэмсэн эхчүүдэд хор болохоос тус болдоггүйг мэргэжлийн хүмүүс нотлосон байна. 
Хэвлийдээ ураг нь амьгүй болсон гэх бүсгүйг Доржпагмын хохирогчоор татсан боловч шүүх эмнэлгийн дүгнэлт хийх боломжгүй, хугацаа алдсан гэж үзжээ. Хэрэв тэр эмэгтэй хохирогч нь болсон бол, хохирсон нь нотлогдсон бол “бариач” гэж бусдыг шулж, мэхэлсэн энэ эмэгтэй хоёр хүний аминд хүрсэн байж таарах юм. 
Зарим нэг хохирогч нь шүүх хурал дээр: 
- Мөнгөтэй учраас энэ хүнийг ийм байдлаар зүйлчилж байна. Наадахь чинь хүн алсан алуурчин биз дээ хэмээн хатуухан хэлсэн нь Доржпагмын зүрхэнд сум болон орсон гэлтэй. Тэрбээр шүүхээс ял авсаныхаа маргааш нь цус харважээ. Доржпагма эмчилгээ сайн хийлгэж эдгэрээд одоо ялаа эдэлж байна. 
- Би одоо ч айдастай явна. Нээрэн л хүн “алсан” хүн дээ би. “Залилан” гэж 15 жилийн хорих ял оноосон л доо. Хэргийн зүйлчлэл нь өөр болохоос хүн амины хэрэгтэй яг адилхан, бүр заримаас нь олон жилийн ял байгаа юм. Гэхдээ би хэнд ч гомддоггүй. “Амь” гээд зүйлчилсэн ч энэ л ялыг авах байсан. Тэгэхээр аливаа юманд харсан тэнгэр, бурхан гэж байгаа биз. Би Бурханы өмнө буруутай учраас ингэж яваа. Энэ насныхаа үйлийг биеэрээ үүрээд дуусгадаг бол би яаж ч байсан дуусгана. Би гэмээ мэддэг, харамсдаг, айдаг. Ял эдэлж байгаа хүмүүс янз янзын хэргийн улмаас шийтгүүлсэн. Энэ бүгдийг хараад би ганц л юманд харамсдаг. Хэдхэн сая бүр 30 сая ч хүрэхгүй төгрөгийн хохиролтой атлаа 10-аас дээш жилийн ял эдэлж байна. Энэ л арай дэндүү өндөр ял, арай шударга биш санагддаг. Миний хийсэн гэм буруу, сэдэл, хохирлын дэргэд 20-30 сая төгрөг юу юм бэ гэж боддог. Би нэг их сайн, сайхан дүр эсгээд ингэж хэлж байгаа юм биш шүү. Харсаар, мэдсээр байгаа болохоор “мөнгө”, “амь” хоёрыг яагаад ингэж адилхан авч үзэж байгаа юм бол гэж эмзэглэдэг гэж Доржпагма ярьсан. Тэрбээр өнгөрснөө бодож өөрөөсөө одоо ч айдаг гэхээр нэг юм хэлээд байгаа биз? Гэм буруугаа ойлгосонд нь баярлаж байна. Хэдийг ч цааш харуулах байсныг бүү мэд, учраас.

эх сурвалж: http://mongolianshaman.com