Манай хөрөнгийн зах зээл “амьд” байна. Үнэт цаасны чөлөөт талбар “чөмөг”-тэй байгааг баталсан нэгэн явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. 

Харамсалтай нь, сонгуулийн бараан хөшиг түүнийг далдалж, анзаарах сөхөө үнэндээ өгсөнгүй. Зургадугаар сарын 29-нд Монголын хөрөнгийн зах зээл түүхэндээ анх удаа хамгийн богино хугацаанд зургаан тэрбумын компанийн бонд босгож чадлаа. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Сүү” хувьцаат компани өөрийн нэрээр үнэт цаас гаргаж, 10 хүрэхгүй хоногийн дотор захиалга авсан. Ингэснээр бараг долоо орчим тэрбум төгрөгийн санал авсан байна. “Сүү”-гээр овоглосон үнэт цаас Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд босгосон өндөр үнийн дүнтэй бонд болсон юм.

Тус бондын андеррайтераар ажилласан “Голомт капитал” үнэт цаасны компанийн мэдээлснээр “Сүү” бонд эрэлт өндөртэй байжээ. Тиймээс ч саналыг нь давсан захиалга хөрөнгө оруулагчдаас ирсэн байна. “Сүү” хувьцаат компани зургаан тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн. Гэтэл энэ дүнгээс 13 хувиар өндөр буюу 6.7 тэрбум төгрөгийн саналыг хөрөнгө оруулагчид тавьжээ.

Дотоодод босгосон бондын өгөөжийг монголчууд хүртэнэ

“Сүү”-гээс хэдхэн сарын өмнө барилгын “Орчлон констракшн” мөн санхүүжилт татсан. Нэг тэрбум төгрөгөөр хэмжигдсэн энэ мөнгийг хэдхэн өдрийн дотор босгож чадсаныг андеррайтер компани нь мэдээлсэн. Бараг нэг өдрийн дотор захиалга нь дууссан. “Орчлон констракшн” хавар татсан энэ мөнгөөрөө өдгөө барилгын төсөл хэрэгжүүлж байна. Санхүү, эдийн засгийн их сургуулийн замын урд сүндэрлэж буй барилгыг санаж байна уу. Ашиглалтад оруулалгүй чамгүй удсан тус барилга өдгөө өдрөөс өдөрт өнгө засаж буй.

Үнэнийг хэлэхэд, дотоодод бонд босгож буй компани тийм ч олон биш. Харин оронд нь мөнгө зээлэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудын үүдийг сахих нь цөөнгүй. Гэтэл дотоодын үнэт цаасны зах зээл олон боломж агуулсаар байна. Ялангуяа, сүүлийн нэг жилд компанийн бонд босгох хамгийн тохиромжтой үе иржээ.

“Сүү” компаниар л жишээ авъя. Өнгөрсөн сард босгосон бондоороо тус компани Олон улсын санхүүгийн корпорациас (ОУСК) авсан зээлээ төлнө. “Сүү” 2011 онд ОУСК-иас найман жилийн хугацаатай зургаан сая ам.долларын зээл авсан. Ам.доллараар нэрлэсэн энэ зээлээ цаг тухайд нь барагдуулсаар ирсэн байна. Гэвч сүүлийн хэдэн жилд ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларснаар зээлийн өртөг үлэмж өсчээ. Хэдийгээр гадаад валютын зээл хүү багатай ч валютын ханшийн савлагаанаас үүдэн санхүүгийн зардал нь хэлбэлздэг. “Сүү” компанийн зардал төгрөгт хөрвүүлээд тооцвол 20-30 хувьд хүрчээ. Тиймээс тус компани гадаад зээлээ дотоодод бонд босгон төлж буй нь энэ. “Төгрөгөөр бонд босгосноор санхүүгийн зардлаа тогтвортой хадгалах боломж бүрдэнэ” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Bloomberg TV Mongolia” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан.

Ер нь төгрөгийн үнийн уналт манай санхүүгийн зардлыг үлэмж өсгөж буй. Компаниуд гэлтгүй улсын өр нэмэгдэхэд “ногоон”-ы өсөлтийн нөлөө чамгүй байсан. Ганцхан гашуун жишээ хэлэхэд төгрөгийн ханшийн уналт манай улсын өрийг 4.7 их наяд төгрөгөөр өсгөсөн гэвэл та итгэх үү. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, “Гэрэгэ партнерс”-ийн тайланд өгүүлснээр 9.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэх ёстой байсан сүүлийн хэдэн жилийн өр, төлбөр “ногоон”-ы ноёрхлоос үүдэн 14.1 их наяд төгрөг болсон. Улс ингэтлээ хохирч байхад хувийн хэвшлийн санхүүгийн зардал өсөх нь дамжиггүй. Тэгвэл валютын ханшийн шуурганаас хоргодох арга нь дотоодоос хөрөнгө оруулалт татах болж таарч байна. Дашрамд дурдахад, төгрөгийн ханш богино хугацаанд өсөх хэдий ч урт хугацааны төлөв нь бүүдгэр байгааг танд дуулгая. Ингэснээр цаашид ам.долларын санхүүжилт татсанаар өртөг нь улам нэмэгдэнэ.

Үүнээс гадна компанийн бондын орон зай хөрөнгийн зах зээлд үүсээд байна. Засгийн газрын үнэт цаасны арилжаа өнөөдөр, маргааш болохыг Монголын хөрөнгийн биржээс мэдээлж байна. Сүүлийн хэдэн сар Засгийн газрын үнэт цаасны арилжаа идэвхжиж буй. Бараг л Монголын хөрөнгийн биржийн ганц найдвар, арилжааны зүтгүүр нь засгийн бонд болчихоод байгаа нь үнэн. Үнэт цаасны арилжааг ажвал байнга шахуу хөрөнгө оруулагчдын захиалга давдаг аж. Өөрөөр хэлбэл, үнэт цаасны эрэлт төдий чинээ өндөр байсан гэсэн үг. Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд Засгийн газрын 28 долоо хоногийн хугацаатай, 11.805 хувийн хүүтэй 389 мянган 36.6 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга иржээ. Гэвч Сангийн яам энэ захиалгаас бага буюу 370 мянган ширхэг үнэт цаас нийлүүлсэн байна.

Дотоодын хөрөнгийн зах зээлийн боломж хийгээд хөрөнгө оруулагчдын эрэлт ийм л өндөр байна. Гэтэл Засгийн газар үнэт цаас гаргасаар байх болов уу. Засгийн газрын хувьд төсвийн алдагдал, улирлын чанартай орлогын цоорхойг бөглөхийн тулд бонд гаргадаг. Өмнөх жилүүдэд ч ийм аргаар төсвийн алдагдлаа нөхсөөр ирсэн. Гэтэл одоо манай Засгийн газар санхүүгийн өөр эх үүсвэртэй болчихоод байгааг санах хэрэгтэй.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Монголыг чиглэх зургаа орчим тэрбум ам.долларын дийлэнхийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулна гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхчихвөл үнэт цаас гаргах шаардлага Засгийн газарт үүсэхгүй болов уу. Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн мөнгө наашлахын хэрээр Засгийн газрын үнэт цаасны нийлүүлэлт буурна. Гэтэл энэ завсар нь бонд худалдаж авах иргэдийн эрэлт өссөөр байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээлд цоорхой үүсэж таарах нь.

  • “Сүү”-гээр овоглосон үнэт цаас Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд босгосон хамгийн өндөр үнийн дүнтэй бонд болсон юм.
  • Компани зургаан тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн ч энэ дүнгээс 13 хувиар өндөр буюу 6.7 тэрбум төгрөгийн саналыг хөрөнгө оруулагчид тавьжээ.
  • Үнэнийг хэлэхэд, дотоодод бонд босгож буй компани тийм ч олон биш. Харин оронд нь мөнгө зээлэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудын үүдийг сахих нь цөөнгүй. 

Уг нь хөрөнгийн зах зээлийн судлаачдын тооцоогоор манайд бонд босгох боломжтой цөөнгүй компани бий. Тухайлбал, “АПУ”, “Говь”, “М Си Эс”, “Моннис”, “Таванбогд”, “Гацуурт”, “НИК” зэрэг компани бонд гаргавал хөрөнгийн зах зээлд тэдний орон зай бий. Одоо ч хүлээсээр байгаа. Дээрээс нь хөрөнгө оруулагчдын эрсдлийг бууруулах, итгэлцлийн түвшнийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг шинжээчид онцолдог. Зах зээлийн эрэлтийн хэмжээг тандах үүднээс бага хэмжээгээр тухайлбал, нийт компанийн зах зээлийн үнэлгээний 2-5 хувьтай тэнцэх үнийн дүнтэй компанийн бонд гаргавал зах зээл шингээнэ. Улмаар илүү өндөр дүнгээр өргөн хүрээнд бонд гаргах боломж нь бүрдэнэ.

Хамгийн гол нь дотоодод босгосон бондын өгөөжийг монголчууд хүртэнэ. 2015 онд гэхэд “Эрчим инженеринг” компани 500 сая төгрөгийн “Эрчим” бонд босгож байв. 18.5 хувийн хүүтэй бондын эргэн төлөлтийг тус компани зургаан сарын дараа хийсэн бөгөөд өгөөжийг нь 100 гаруй монгол хүн хүртсэн байдаг. Компаниуд дотоодоос санхүүжилт татсаны гол үр дүн нь энэ. Өгөөжийг нь монголчууд хүртэж, үр дүн нь эх нутагтаа үлдэнэ. 

Г.Байгал

Засгийн газрын мэдээ