Монгол зон олон Үндэсний Их баяр наадмаараа хавтай сайхан наадлаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг  тэмдэглэн өнгөрүүлсэн энэ өдрүүдэд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Тэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэв журмын хамгаалалт, эргүүлийн үйл ажиллагааг нэр төртэйгээр гүйцэтгэж байсныг хэн бүхэн анзаараа л биз.

Жишээлэхэд л, баярын өдрүүдэд салан назгай эцэг эхчүүдийн гараас 77 бяцхан үр төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байх юм.

Мөн иргэд олноор цуглардаг Сүхбаатарын талбай, Туул голын эрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шөнийн гудамж зэрэг газруудад явган, морьт, нохойт, дугуйт, машинт эргүүл хийсээр халуунд халсан өдрүүдийг үджээ.

Баяр наадмын үеэр онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй байж. НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д камер суурилуулж ажилласан нь үр дүнгээ өгч халаасны хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилийн баяр наадмын үеийнхээс буурчээ.

Тэгвэл өнөөдөр ч тэд та бүхэнд амралтын өдрүүдэд өөрийгөө болон хайртай хүмүүсээ болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж, хамгаалж ажилласаар л байна.

Ард иргэдийнхээ төлөө энхийн манаанд зогсох хэдэн бор цагдаадаа "баярлалаа" гэж хэлье...

/Гэрэл зургийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн цахим хуудаснаас ашиглав../






























































 

http://www.mnb.mn/i/118974